“Mанчестер-2023” пара усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Г.Mөнхбаярын удирдлагад “Gan sports” төвийн тамирчин Х.Номуун эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр мөн өмнөд хөршийн Ханжоуд болох Азийн пара наадмыг удахгүй зорино. 2015 оноос хойш эл спортоор тууштай хичээллэсэн тэрбээр Сингапурт өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “World para swimming-world series 2023” тэмцээнд өрсөлдөж, Азийн пара наадамд оролцох эрх авсан билээ.
Ташрамд дурдахад, Япон Улсын Фүкүока хотод болж буй усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Х.Батболд, О.Баттулга нарын удирдлагад манайхаас дөрвөн тамирчин оролцож байгаа.
Эмэгтэйчүүдээс тэмцээний салхи хагалж, “We aquatics” клубийн тамирчин, ОУХМ Б.Энххүслэн 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд цагийн (хоёр минут хоёр секунд 49 доль) амжилтаар 40 дүгээр байр эзлэв.
“Сэлэм загас” клубийн тамирчин, ОУХМ Э.Ариунтамир 50 метрийн араар даллах сэлэлтэд цагийн (32 секунд 54 доль) амжилтаар 53 дугаар байрт оржээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс Б.Энхтамир 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд (51 секунд 96 доль) цагийн амжилтаар улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.