Олон Улсын Гэр бүлийн өдөр 46 залуу хос хуримын ёслол боллоо. Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон Улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэх болсон.
Энэ жил “Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Гэрлэх ёслолын ордонтой хамтран 2 дахь жилдээ “Дурсамж” хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. 2022 онд 60 хосын хуримын ёслолыг зохион байгуулсан бол, энэ жилийн хувьд 46 залуу хосын хуримын ёслолыг хийж байна. Мөн энэ өдөр 2013 оноос эхлэн жил бүр нийслэлийн онцлох гэр бүлийг шалгаруулж ирсэн.
2023 оны “Онцлох гэр бүл”-ийг нийслэлийн хэмжээнд:
- Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо М.Сосорбарамын гэр бүл”
- Оюунлаг гэр бүл “Чингэлтэй дүүргийн 2-р хороо Б.Батболдын гэр бүл”
- Бүтээлч гэр бүл “Баянгол дүүргийн 6-р хороо Д.Хуяг-Очрын гэр бүл”
- Спортлог гэр бүл “Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэн М.Шинэтөрийн гэр бүл”
- Эко гэр бүлээр “Багахангай дүүргийн Дагвадоржийн Хасчулууны гэр бүл” тус тус шалгарлаа.
Нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан албан хаагч, залуу хосуудын гэрлэх ёслолыг тэмдэглэж, нийслэлийн “Онцлох гэр бүл”-ээр шалгарсан гэр бүлүүдэд шагнал гардуулж “Гэр бүлийн өдөр”-ийн бэлэг барьж байна.