“Хүчит зах” өнөөдөр (2023.01.31) 07.00-.09.00 цагийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус захын хойд хэсгээр хөдөөгөөс ирсэн малчид голдуу бардактай машинд (дээрээ чингэлэгтэй) хонь, үхрийн мах борлуулах аж. Тэдний олонх Архангай, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгаас иржээ. “Хүчит шонхор” захынхан малчдад хоногийн 60 мянгаар гадна талбайгаа түрээслүүлж буй. Гол нь түрээсээ хамгийн багадаа гурав хоногоор буюу 180 мянган төгрөг тушаахыг захынхан малчдаас шаарддаг гэнэ. Цөөн хоньтой ирсэн хөдөөгийн борог малчин заавал гурав хонох шаардлагагүй. Тав аравхан хонио ганц өдөрт борлуулчихаад явъя гэх саналыг нь хүлээж авдаггүй талаар малчид гомдоллож байна. Улмаар авчирсан махаа ченжүүдэд хямд өгөөд буцахаас аргагүйд хүрч буйгаа өгүүлэв. Энэ хандлага нь малчдыг шахаж, ченжүүдийг тэтгэж буй хэрэг хэмээн зарим нь хэлсэн.
Өнөөдрийн байдлаар хонины мах гулуузаараа бол кг нь 6500-7500 төгрөгийн ханштай байв. Мөн ууц тавих мах жижиг томоосоо шалтгаалаад 180-500 мянган төгрөгийн өртөгтэй. Хонины мах бага хэмжээгээр авах бол кг нь 9500-11000 төгрөгийн үнэтэй.
Харин үхрийн мах өрөөлөөс дээш бол кг нь 8500 төгрөг. Өвчүүний мах кг нь 12 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Харин жижиглэнгийн үнэ нь ястай бол 10500, цул нь 12500-14500 төгрөгийн үнэтэй байсан юм. Худалдагч, худалдан авагч нар “Үхрийн мах кг нь 8500 төгрөг атал өвчүү яахаараа илүү үнэтэй байдаг юм”, “Бусад газраар яваад үз. Бүгд адилхан” гэх мэтээр үл ялиг маргаж, үг хаялцах нь сонсогдоно. Гэвч цагаан сар дөхсөн, махны үнэ өссөн тул хаа ч үнэ нь адил. Тиймээс иргэд дуртай, дургүйгээс үл шалтгаалан хэлсэн үнээр нь авахаас өөр аргагүйд хүрч байх шиг.
Түүнчлэн ченжүүд ярилцлага мэдээлэл өгөхөөс зугтана. Нэг л хүн кг махнаас 200 төгрөгийн ашиг олдог гэж ярьсан ч хөдөөгийнхний гадна зарж буй махны үнэ, дотор жижиглэнгээр зарах үнэ газар, тэнгэр шиг зөрүүтэй байсан юм. Дотор жижиглэнгийн худалдаа эрхэлж буй иргэд ч эвэртэй туулай үзсэн мэт цочиж, буруу зөрүү харж, лангуу дээрх цаасан дээр бичсэн үнэ ханшаа авч нууж дальдчина. Ганц нэг худалдагч л “Цагаан сар дөхөөд махны борлуулалт жаахан сэргэж байна. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар маш муу. Ихдээ 5-10 кг мах л авч байна. Голдуу нэг, хоёр, гурван кг-аар нь авах юм” хэмээн хуучилсан.
Хөдөөгөөс ирсэн малчдаас мөн яриа авав. Өвөрхангайд өвөлжилт тааруухан, алаг цоог цастай аж. Сүхбаатар цас багатай, мал ундны усгүй хэцүүхэн байгаа гэх. Харин Архангайнхан өнтэйдүү л өвөлжиж буй гэнэ.
Иргэд өнөө жил махны үнэ 20-30 хувиар өссөн байна. Цагаан сараар зөвхөн идээ шүүсний мах худалдан авахад 600 гаруй мянган төгрөг зарцуулах нь хэмээн ярьсан.
Ийнхүү “Хүчит шонхор”-т ажилладаг ченжүүдийн олонх нь яриа, мэдээлэл өгөхөөс татгалзаж, бодит мэдээлэл өгөхгүй байгаа нь “Ченжүүд малын хулгайч нартай бүлэглэдэг”, “Ченжүүд үнэ нэмж, хөөрөгддөг” гэх ам дамжсан яриа улам дэвэргэхэд дэм болж байгаа мэт санагдсан. Ямартай ч бодит байдал дээр махны гэх тодотголтой “Хүчит шонхор” зах дээр хөдөөгөөс мах тээвэрлэж ирэх малчин цөөнгүй, иргэдийн хөдөлгөөн их, махны үнэ ердийн өдрүүдийнхээс үнэтэйвтэр байна. Мөн дотор машины зогсоол олдохгүй, зах орчмын автозам түгжрэлтэй, машин, автобусууд нам гацсан байдалтай байлаа.