Гавьяат жүжигчин Совдын Дамдинг “Дурсахуй” буландаа нэхэн санах гэж байна. Тэрбээр Монголын тайз болон дэлгэцийн урлагт 50 гаруй жил шилдэг дүрүүдийг урласан юм. Б.Сумхүүгийн “Их замын эхэнд” киноны Хөх чоно, Г.Жигжидсүрэнгийн “Их хааны удам” киноны Дагвадоной, Р.Доржпаламын “Өндөр ээж” киноны Гомбожав, Х.Дамдины “Улаан дарцаг”-ийн Жамхүү, Б.Чимэддоржийн “Хүлээх газар”-ын Цог, Ч.Гомбын “Хэцүү ван Тогтохтөр” киноны То ван, Л.Эрдэнэбулганы “Чин ван Ханддорж” киноны Хайсан гүн зэрэг түүний дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн дүрийг тоочвол уртаас урт жагсаалт хөвөрнө. Түүнчлэн УДЭТ-аар 50 жил овоглохдоо дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 120 гаруй дүрийг амилуулсан юм.
ЭЭЖИЙН ГАНЦ ХҮҮ
Чин ван М.Ханддорж, сайд А.Амар нарын төрсөн нутаг болох Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант уулын өвөр Хорхой толгой гэдэг газар 1943 онд нэгэн хүү мэндэлсэн нь С.Дамдин байлаа. Түүний ээж С.Баасанжав эршүүд, сайхан эмэгтэй байж. Тэрбээр хүүгээ эцгээрээ овоглож, Совдын Дамдин нэр хайрласан аж. Эл бүсгүй гурван хүүхэд төрүүлсэн ч нэгийг нь хүнд өргүүлж, удаах хүүгээ багад нь алджээ. Нэг морь, 30-аад бог малтай, ядруухан амьдралтай ч тэрбээр үлдсэн ганц хүүгээ хайраар дутаалгүй өсгөсөн байна. С.Дамдин 10 настайдаа сургуульд орсон гэ - дэг. Уг нь найман настайд нь сумын захиргаа - наас “Сургуульд ор” гэсэн ч ээждээ тус болох гэж зугтсаар хоёр жил өнжсөн нь тэр. Сумд дөрвөн жил сурчихаад, дараа нь Сайхан сумын сургуульд дунд ангидаа суралцаж, төгс - сөн байна. Түүнийг сургуульд орсон жил ээж нь Доржсүрэн гэх хүнтэй ханилсан аж. С.Дамдин түүнийг “Аав” гэж дуудахаас эвгүйрхэн “Агаа” л гэнэ. Тэр хүн түүнд мод хэрхэн унагаах, хонь яаж төхөөрөх, монгол гэр барих гээд ахуй амьдралын бүх л ухааныг заасны ачаар С.Дамдин 10 настайдаа гэрээ ганцаараа барьчихдаг хүү болов. Ээж нь агаатай нь ханилаад нэгдлийн малчин болж, тэдний амьжиргаа ч арай дээрдэж. Түүнийг дунд сургуулиа төгстөл агаа нь сумын төвөөс сургууль хүртэл 30 километр газарт мориор хүргэж өгдөг байсан гэдэг. Эл ачтай хүнийхээ тухай тэрбээр “Бидэнд туслуулахаар бурхнаас илгээсэн элч” хэмээсэн удаатай. Агаа нь түүнийг оюутан болж, цалинтай золгох үед нь өөд болжээ.
“ДАРЬБАЗАРТ ТОГЛОСОН АХ ШИГ ХҮН БОЛНО
” Тэрбээр хүүхэд ахуйдаа Д.Жигжид найруулагчийн “Ардын элч” киног хэд дахин үзжээ. Сонин тохиолдлоор нэгэн удаа Дарьбазарын дүрд тоглосон Ж.Занабазар гуай тэдний нутагт мотоцикл нь эвдэрчихсэн байхтай С.Дамдин таарч гэнэ. Шуудхан л морьтойгоо давхиад тавын бидоноор айраг, тарваганы мах боогоод авчирч өгсөнд Ж.Занабазар гуай учиргүй баярласан гэдэг. Тэр үеэс хойш “Дарьбазарт тоглодог ах шиг жүжигчин болно” гэж мөрөөдөх болсон аж. Ингээд дунд сургуулиа төгсөөд Улсын багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн анги, мөн кино урлагийн ангид давхар шалгуулж, хоёуланд нь тэнцээд, кино, драмын ангийг нь сонгон суралцжээ. Кино, драмын ангид элссэн үеийнхээ талаар “Зураг, хөдөлмөрийн ангид шалгуулж явтал олон хүүхэд нэг ангийн үүдэнд дугаарлачихаж. Хэрэгт дурлаад асуутал кино, драмын ангийн шалгалт гэнэ. “Юу шалгах юм бол” гэтэл “Бүжиглүүлж, дуулуулж, шүлэг уншуулж байна” гэлээ. Дунд сургуульдаа хошин шүлэг уншдаг, шаггүй дуулчихдаг байсан болохоор шалгуулаад үзэхээр шийдсэн хэрэг. Ингээд дугаарлаж байгаад ороод шүлэг уншиж, дуу дуулж, бүжиглэлээ. Дараа нь этюд хийлгэх юм гэнэ. Би юугаа мэдэх вэ дээ. Тэгсэн шалгалт авч байсан багш “Чамайг сургуулиасаа ирэхэд гэр чинь шатаж байна. Гэтэл шатаж байгаа байшин дотор дүү чинь уйлах нь сонсогдлоо. Тэгвэл чи яах вэ” гэж байна. Тэгэхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгож, “Пий паа” гэж байгаад л унаад, мөлхчихлөө. Тэмтчиж, дуу чагнаж мөлх - сөөр багшийн хөлийн өмнөөс л дүүгээ олоод авлаа шүү. Тэвэрч аваад л буцаад мөлхчихлөө. Хаалгаа олохгүй жаахан будилж байгаад гараад явлаа. Буцаад ангид орсон чинь багш инээчихсэн сууж байна. Ингээд л эхний шалгалтад тэнцчихлээ. Дараагийнхад нь цөөхөн ч хүүхэд үлдэж. Миний ээлж болоод ортол “Чи ууланд жимс түүгээд явж байлаа. Гэнэт чам руу баавгай дайрлаа. Яаж амь гарах вэ. Үзүүл” гэж байна. Хөдөөний хүүхэд болохоор жимс түүхийг үзүүлэх амархан л байлаа. Нэг гартаа саваа барьчихсан жимсээ түүгээд, заримыг нь ам руугаа хийгээд л явж өглөө. Тэгсэн гэнэт урдаас баавгай гарч ирсэн дүр үзүүллээ. Аз болж тэнд нэг том багана байсан юм. Түүнийг тойроод гүйгээд л байлаа. Эргэж хараад л гүйгээд байсан чинь халтираад уначихлаа. “Үхсэн хүн л болъё” гэж бодоод доошоо хараад л хэвтээд байсан чинь багш “Гүйгээч ээ, чи яачихав аа” гэж байна шүү. Тэгэхээр нь “Баавгайд идүүлчихээд байна аа” гэсэн. Яагаад ч юм бэ мэдэхгүй, намайг тэнцүүлсэн” хэмээн дурсамж сөхөж байв.
АЛДАРТНУУДЫН АНГИ
С.Дамдин ийн 1963 онд Улсын багшийн дээд сургуулийн кино, драмын ангид Ц.Раднаа баг - шийн удирдлагад элсжээ. Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, Гавьяат жүжигчин С.Сэлэнгэ, С.Бужгар нарын алдартан тэдний өмнө төгссөн, кино, драмын ангийн анхны төгсөгчид. Харин удаах ангийг С.Дамдинтай хамт Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Т.Латиф, З.Жарантав, З.Шагдаржав нарын 20 гаруй уран бүтээлч төгссөн аж. Тэдний зургааг Улсын драмын театрт хуваарилсны нэг нь С.Дамдин байлаа. Улсын драмын театрт очиход нь алтан үеийнхэн тосон авч, жүжигчин болгон “бой - жуулжээ”. “Найруулагч Б.Мөнхдорж, Г.Дорж - самбуу, жүжигчин С.Дамдин, Г.Мягмарнаран, З.Жарантав, Н.Сувд, О.Норолхоо гээд бид театрын гурав дахь үеийн уран бүтээлчид болж байлаа. Одоо эргээд санахад их сайхан байдаг. С.Дамдин ёстой л хээгүй, олон таван үггүй, ойлголцож, хамтран ажиллахад амар, сайн хүн байсан даа” хэмээн Гавьяат жүжигчин Б.Тунгалаг дурссан.
ТАЙЗНАА ӨНГӨРҮҮЛСЭН 50 ЖИЛ
С.Дамдин 1967 оноос Улсын драмын театрт жүжигчнээр ажиллажээ. Энэ хугацаанд Н.Погодины “Буутай хүн” жүжгийн Никонор, Б.Стоу - гийн “Том авгын овоохой” бүтээлийн Гели, Н.Треневийн “Любовь Яровая”-гийн Кутов, Ч.Айтматовын “Эхийн дууль”-ийн Майселбек, Н.Хамзагийн “Баян, барлаг хоёр”-ын Гафур, С.Мирошниченкогийн “Сэргэлт”-ийн Л.Бреж - нев, А.Толстойн “Алтан түлхүүр”-ийн Дуремар, Д.Намдагийн “Ээдрээ” жүжгийн Сүхбаатар, “Шинэ байшинд”-ын Намжил, “Наян чулууны ой”-н Эрдэнэ-Очир, С.Удвалын “Цэрэн хаачив”- ын Сүхбаатар, Д.Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн түшмэлийн дүрээр үзэгчидтэй уулзаж байв. Түүнчлэн Г.Боровикийн “БуэносАйресаас хийсэн сурвалжилга” жүжгийн Эрнесто Рохос, В.Ежовын “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ийн Осип, Х.Зандраабайдийгийн “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг, С.Жаргал - сайханы “Буцах хаяг”-ийн Нямбуу, “Халуун газар”-ын Баасан зэрэг дүрийг нь мэргэжил нэгтнүүд, театр судлаач, шүүмжлэгчид өндөр үнэлдэг төдийгүй 1982 онд Ф.Сахировын “Сэргэлт” жүжгийн Л.Брежневийн дүрээр Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал хүртэж байв. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд “С.Дамдин бол түшигтэй, тулхтай, гүндүүгүй эр, сайн ч жүжигчин. Бид залуугаасаа л нөхөрлөсөн нэг үеийнхэн. Яаж ажиллаж, хөдөлмөрлөж байж уран бүтээл хийдгийг өөрийнхөө жишээгээр харуулсан уран бү- тээлч байлаа” хэмээсэн юм. Тэрбээр “Эхийн сэтгэл” жүжгийн бага даргын дүрд тоглодог байлаа. Георгий Васильевич гээд нэг ноёны дүрд “Цогт тайж”-ийн улаан малгайт, “Алтан өргөө”-гийн мэргэн ардын дү- рээр нь хүмүүс эчнээ мэдэх Ж.Лувсанжамц гуай тоглодог. Жүжигт би түүнийг хөнөөгөөд, толгойг нь жадныхаа үзүүрт хатгаад явдаг юм. Ж.Лувсанжамц гуайн толгойг нүгэлтэй адилхан дуурайлгаад хийчихсэн. Өнөөхийг нь бариад явахаар л Ж.Лувсанжамц гуайтай адилхан харагдаад жигтэйхэн айдаг сан” хэмээн хуучилж байлаа.
“ХӨХ ЧОНО”
1967 онд “Өндөр ээж” киноны зургийг Дунд - говь аймгийн Дэрэн сумд авхуулж С.Дамдин дэлгэцэд залуу насны төрхөө анхлан үлдээж байв. Улмаар “Улаан дарцаг” тэргүүтэй олон уран бүтээлд тоглосон юм. Б.Сумхүү найруулагч “Их замын эхэнд” киноны зохиолоо уншаад л хөх чонод түүнийг тохирно гэж бодож. Гэхдээ илүү сайн жүжигчин олох гээд хайж нэлээд хугацаа алдсан аж. Гэтэл эрэл нь үр дүнд хүрээгүй тул С.Дамдинг дуудуулжээ. Зураач П.Цогзол, зураглаач Ж.Асалбай нар түүнтэй уулзаад “Энэ дүрд хуваарилсан байна. Маргааш очиж зурганд ор” гэжээ. Киноны зураг авах явцад Б.Сумхүү найруулагч түүнд юу ч хэлдэггүй байсан гэдэг. Хөдөөгийн амьдрал мэддэг, морь унахдаа сайн, ан гөрөө хийж, уул хадаар явдаг байсан нь хөх чонын дүрийг бүтээхэд ойр, мөн Н.Дагийранз, Р.Дамдинбазар, Н.Цэгмид, Б.Мижиддорж нараас дүрээ хэрхэн бүтээх талаар асуудаг байснаа тэрбээр дурсдаг байлаа. “Кинонд тоглоход олон амаргүй зүйл тохиолдсон. Ялангуяа арванхоёрдугаар сар болох гэж байхад Кино үйлдвэрийн хашаан дотор бороонд нордог хэсгийн зургийг авхуулж байсан минь одоо хүртэл бодогддог. Тэр үед дээлийнхээ дотуур цув өмсөөд, цэвэр спирт балгаж байгаад зургаа авхуулж байв. Ямар сайндаа “Хурдан зургаа авахгүй бол болохоо байлаа шүү” гэж хэлэх вэ дээ” хэмээн дурссан удаатай.
АНГИЙН ХОРХОЙ
Нутагт нь Лувсангомбо гэж тарвагачин айл байж. Хааяа тарваганы мах идмээр санагдахаараа нар буухын анзаанд тэдний хатавчинд суучихна. Түүний тарвага хошхируулж байгааг С.Дамдин байнга харна. Хонинд явахдаа шилбүүрээ буу болгож бариад л дуурайдаг байж. Ингэж явсаар 14 настайдаа буудаж сурчээ. Ээж нь ганц шүдлэн үхрээ зарж, хүүдээ буу авч өгч байв. Тэгж буутай болоод тарвага буудчихдаг болсноо дараа нь хүн дагаж гөрөөс, гахай буудаж сурчээ. Тэр үеэс тэндхийнх нь ядуу айлууд тэдний хаяанд бууж, махтай залгуулдаг байж. Сүүлд бугын хэргээр “хэцүү нэрт”-д жил шахам болоод суллагдсан түүх ч түүнд бий. Шоронгоос суллагдчихаад “Ажлаасаа халагдсан юм чинь жижүүр ч болтугай хийнэ дээ” гэж суухад нь театрын дарга Б.Зориг “Театр чамайг хүлээж байна” гэж хэлснээр С.Дамдин эргээд тайзан дээрээ гарсан юм. Шилийн сайн эр хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо урлагт зүтгэсэн түүнийг 2006 онд ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжиг- чин, 2010 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнажээ. Түүний “Сөгдөж амьдарснаас сөрж үх” гэсэн үг, монгол эр хүний гүндүүгүй, шулуун шударга, ёс жудагтай, нөхөрсөг ча - нарыг шингээсэн төрх, тайз, дэлгэцийн урлагт мөнхөлсөн дүрүүд нь бүдгэрэхгүй.