Манай улсад одоогоор нэг кВт/цаг эрчим хүчний үнэ дунджаар 175 төгрөг байгаа нь өндөр хөгжилтэй орнуудын дунджаас 3-5 дахин, ОХУ болон БНХАУ-ын цахилгааны тарифаас 60 хүртэлх хувиар хямд дүн аж. Айл өрхийн нэг сарын зардлын зургаа орчим хувийг цахилгааны төлбөр эзэлж буйг ч Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. Улаанбаатарт орон сууцад амьдардаг айлууд зуны улиралд, сард 150, өвөлдөө 180 кВт/ц цахилгаан хэрэглэдэг бол гэр хорооллынхон хүйтэн, сэрүүний улиралд дунджаар 300 кВт/ц эрчим хүч зарцуулдаг гэсэн тооцоог “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн мэдээлэлд дурдсан байна. Энэ нь орон сууцад амьдардаг айлууд цахилгааны төлбөрт сард дунджаар 26 000-31 000 төгрөг, гэр хорооллынх нь 52 000-ыг төлж, шөнийн тарифын хөнгөлөлт эдэлж буй гэсэн үг. Цаашилбал орон сууцад амьдардаг айл өдөрт 1000 гаруй төгрөгийн цахилгаан хэрэглэж буй бол гэр хороололынхонд илүү өндөр тусна. Гэтэл гар утас, интернэтийн төлбөрт бид өдрийн 1000-аас илүү төгрөг зарцуулдаг нь бодит үнэн. Эрчим хүчний салбар зөвхөн 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд салбарын хур өр тоймоо алдсаныг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ дурдлаа. Түүнтэй дараах яриаг өрнүүлэв.
-Эрчим хүчний тарифыг ойрын хугацаанд 20-30 хувиар нэмэх шаардлага үүссэнийг Н.Тавинбэх сайд удаа дараа мэдэгдсэн. Энэ нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, салбарын алдагдлыг багасгахад дөхөм болно гэсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж суурь үнэ нэмэх боломжгүй учраас эл асуудлыг хойшлуулаад байгаа. Үнэ нэмсэнээр ямар өөрчлөлт гарах бол?
-Юуны өмнө нэг кВт/цаг цахилгааны үнэд ямар өртөг, зардал багтдагийг тайлбарлая. Үүнд уурхайн хөрс хуулж нүүрс гаргах, дулааны станц хүртэл тээвэрлэх, нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн цахилгаанаа алсын зайд дамжуулах, хэрэглэгчдэд түгээх зардал, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 18 000 хүний цалин хөлс, татвар, шимтгэл багтдаг. Бид эрчим хүчний үнэ тарифыг өнөөгийн бодит өртөгт хүргэж, цаашид индексжүүлэлтийг хэрэгжүүлэх буюу үе шаттайгаар, бусад өртөг, зардал, түүхий эдийн үнэ ханштай уялдуулан нэмэх шаардлага үүссэн. Эрчим хүчний үнэ тарифт 2019 оноос хойш ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Гэтэл сүүлийн хоёр жилд гадаад валютын ханш 6.9, инфляц 9.6, үйлдвэрлэгчийн үнийн индекс 10, шууд индексжих зардал 14 хувиар өссөн байна. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн нүүрсний уурхай, төмөр замын тээвэр болон эрчим хүчний 100 орчим үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тарифыг өсгөх санал удаа дараа тавьсан. Гэтэл нэмэх боломж байхгүй гэсэн шийдвэрт хүрээд байна.
-Тарифыг 20-30 хувиар нэмбэл салбарын орлого хэрхэн өөрчлөгдөн, тулгамдсан ямар асуудлаа шийдэж чадах бол?
-Эрчим хүчний үнийг 20-30 хувиар нэмсэн тохиолдолд үйлдвэрлэлийн зардалдаа хүрэхгүй ч ойртож очно. Мэдээж үнэ тарифаас төвлөрүүлэх орлогыг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, засвар, техникийн ажилд зарцуулна.
-Хэрэв эрчим хүчний салбарт үнийн индексжүүлэлт хийгдэхгүй удвал ямар эрсдэл учрах вэ?
-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж буй бөгөөд энэ жил өмнөх оны мөн үеийнхээс 12 орчим хувиар нэмэгдэн, төвийн бүсийн нийлүүлэлт 100 гаруй мВт-аар ахисан байна. Эрчим хүчний системийн ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч шаардлагатай бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг хангаж буй. Хэрэв салбарт шинэчлэл хийж, тарифыг өсгөн, зардлаа багасгаж чадвал хангамжийн тогтвортой байдлыг бүрдүүлж, урт хугацаандаа импортын хамаарлыг ч бууруулах боломж бүрдэнэ. Нэг кВт/цагийн үнийг 20 хувиар нэмбэл 30 000 төгрөг төлдөг байсан айл 36 000, 50 000 төгрөгийн хэрэглээтэй өрхийн зарцуулалт 60 000 болж, жилд 72 000-120 000 төгрөгөөр өсөх нь төдийлөн их дүн биш хэмээв.
Эрчим хүчний үнийг чөлөөлөх, эсэх талаар ярих одоогоор эрт байгаа бөгөөд дэлхийн 140 гаруй улс эл салбартаа татаас өгч, тарифыг тодорхой хэмжээнд байлган, шаардлагатай тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй, бага хэмжээгээр өсгөн, үйлдвэрлэлийн зардлыг “барих” зарчмаар ажилладаг юм байна.
Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлд эрчим хүчний тарифыг цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно гэжээ. Түүнчлэн эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж буй бодит өртөг, зардалд тулгуурлан үнийг тогтоох бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орлоготой, санхүүгийн хэвийн чадамжтай байх шаардлагад нийцүүлэхийг дурдсан аж. Мөн цахилгааны тарифыг инфляцтай уялдуулан тогтооно гэж хуульчилсан. Мэдээж үнэ тарифын бүтэц нь хэрэглэгчдэд ойлгомжтой, энгийн байх төдийгүй цахилгаан, дулааны хангалтад хэрэглэгчдээс тавих шаардлагатай уялдуулан ангилал тус бүрээр өртөг, зардлыг хуваарилна хэмээжээ. Өөрөөр хэлбэл, инфляц өссөн, эрчим хүч нийлүүлэгчдийн алдагдал ихэссэн, орлого, ашиг буурсан тохиолдолд тарифыг нэмж болох нь. Түүнчлэн уг хуульд индексжүүлэлт буюу хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулах тайлбар ч байгаа юм.
Манай улс өнгөрсөн жил 8.8 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд үүний 80 хувийг дотоодын эх үүсвэрээс ханган, 20 хувийг нь импортолжээ. Төвийн бүсийн хэрэглээний импортод сүүлийн 4-5 жилд жил бүр 13-15 тэрбум төгрөг зарцуулсан дүн байна. Улсын хэмжээнд дулааны есөн цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлдэг ч сүлжээний техникийн аюулгүй, найдвартай байдлыг хангах нөөц чадалгүйгээр ажиллаж буй гэнэ. Энэ нь нэг станц доголдоход л хэрэглээг хүчээр хязгаарлах, оргил ачааллын үед импортоор дутагдлаа нөхөх зэргээр хүндрэл үүсгэдэг аж. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа юм. Шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор “ДЦС-IV”-ийг 89, Дархан-Уул, Орхон аймгийн дулааны цахилгаан станцыг нийт 70 мВт-аар чадлыг нь нэмэгдүүлэх ажил эхлүүлжээ. Улмаар “Амгалангийн дулааны станц”-ын дэд бүтцийг түшиглэн 50 мВт-ын үүсгүүр нэмж барих бөгөөд 2028 он гэхэд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний эх үүсвэр 1740 мВт-аар нэмэгдэх боломж бүрдэхийг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн.
1997 онд Говь-Алтай аймгийн Гуулин сумд Монголын анхны усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж байсан бол 2013 онд салхин цахилгаан станц нэвтрүүлсэн. Улмаар 2017 онд Дархан-Уул аймагт нарны цахилгаан станцын үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд өдгөө сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал салбарын нийт хүчин чадлын 17 орчим хувийг эзэлж буй. Гэсэн ч бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь тааруу байна. Сэргээгдэх нөөцөөс үйлдвэрлэсэн эрчим хүчний өртөг өндөр, бүтээгдэхүүн нийлүүлэлт нь цаг болон улирлын хамааралтай байдаг нь уг салбарыг тогтвортой хөгжүүлэхэд тушаа болж буйг мэргэжилтнүүд тэмдэглэв. Хэрэв “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг ашиглалтад оруулбал баруун таван аймгийн цахилгааны хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэн, ОХУ-д жил бүр төлдөг 17.5 орчим тэрбум төгрөгийг хэмнэх юм. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, үйлдвэрлэлийн бүтээмж, хэтийн төлөвийн талаар жичдээ хөндөх асуудал олон бөгөөд энд хүргээд өндөрлөе.