Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Р.Энхтайван нарын хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны нэгдүгээр сарын 15, 18-ны өдөр хянан шийдвэрлэлээ. Нийслэлийн Прокурорын газраас Р.Энхтайван, Б.Мөнхтуяа, Э.Оюумаа нарт Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.4-2-т зааснаар ял төлөвлөж, дээрх шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Р.Энхтайван Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, мөн бусдаар дамжуулан хахууль авсан гэнэ. Тиймээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил хорих ялаар шийтгэв. Шүүгдэгч Б.Мөнхтуяаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэв. Ингээд Б.Мөнхтуяаг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 10 950 000 төгрөгийн торголоо. Харин шүүгдэгч Э.Оюумааг бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5 400 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэлээ. Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам.доллар, Төрийн сангийн тоотод дансанд байгаа 4 435 650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэв.