Хэрэв хүн амиа өгөхөд бэлэн тийм зүйл өөрөө өөртөө нээгээгүй бол тэр хүн хэзээ ч бүрэн дүүрэн амьдарч чадахгүй. Мартин Лютер Кинг
Африк-Америкчуудын иргэний хөдөлгөөний гарамгай удирдагч, арьсны үзлийн эсрэг цогтой тэмцэгч, Америкийн орчин үеийн либерализмын бэлэг тэмдэг болсон Мартин Лютер Кинг бусдад буудуулан амь үрэгдээд хагас зуун жил өнгөрчээ. Энэ эмгэнэлтэй үйл явдал ардчилалын өлгий гэгдэх Америкийн түүхэнд нэгэн том хар толбо болон үлдсэн юм. Хүчирхийллийн бус аргыг баримтлагч энэ агуу тэмцэгчийг хэн яагаад алах болов?
1955 оны 12 дугаар сарын 1-нд Алабам мужийн Монтгомери хотод нэгэн үйл явдал болжээ. 42 настай харь арьстан Роза Паркс гэгч эмэгтэй нийтийн тээврийн унаанд цагаан арьстанд суудал тавьж өгөөгүйн улмаас тухайн мужид мөрдөгдөж байсан сегрегацийн \арьс өнгөөр тусгаарлах\ бодлогын дагуу баривчлагджээ. Алабам муж Америкийн өмнөд мужуудын нэг. Харин Америкийн өмнө зүг бол түүхэндээ боолчлолын хэт хатуу баримтлал болон тэрхүү нийгмийн бодлогынхоо үүднээс 1861-1865 оны хооронд үргэлжилсэн иргэний дайныг өдөөснөөрөө, мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого буюу куклус кланаараа алдаршсан нутаг аж. Алабамын шүүх Роза Парксыг 10 ам.доллараар торгон дээрээс нь шүүхийн зардал гэж 4 доллар гаргуулжээ. Энэ явдал өмнөд мужуудын төдийгүй Америк орны бүх өнгөт арьстан хүн амын хэсгийн дургүйцлийг хүргэсэн байна. Дургүйцлийн хамгийн том илэрхийлэл Монтгомери хотод болсон байна. 12 сарын турш хотын өнгөт арьстай оршин суугчид нийтийн тээврийн автобусаар зорчихоос татгалзжээ. “Автобусны бойкот” хэмээн хожим нэрлэгдсэн энэ эсэргүүцлийг Монтгомери хотын баптист шашны номлогч Мартин Лютер Кинг зохион байгуулжээ. Ингээд энэхүү тэмцлийн ачаар 1956 оны 12 дугаар сарын 13-нд АНУ-ын Дээд шүүх Алабам мужийн сегрегацын бодлогыг хууль бус гэж үзжээ. Шүүхийн шийдвэр гарсны долоо хоногийн дараа Кинг нийтийн тээврийн автобусанд урьд нь зөвхөн цагаан арьстанд зориулагдаж байсан суудалд бардам суусан юм.
Энэ явдлаас хойш Кинг үндэсний хэмжээний хүн болжээ. Тэрбээр “Христын удирдагчдын Өмнө зүгийн хурал” нэртэй иргэний тэгш эрхийн төлөөх хөдөлгөөнийг тэргүүлэн өнгөт арьстан ардынхаа төлөө өдөр шөнөгүй тэмцэх болсон аж. Харин энэ үед Канзас мужийн холбооны шоронд нэгэн хүн ял эдлэн сууж байлаа. Тэрбээр 1949 онд АНУ-ын зэвсэгт хүчнээс цэргийн алба хаах чадваргүй гэсэн шалтгаанаар халагдсанаасаа хойш олон шорон дамжсаар өдий хүрчээ. Гэхдээ цэргийн амьдрал түүнд зарим юманд сургасан байлаа. Жишээ нь галт зэвсэг эзэмшхийг. Тэр хүнийг Жеймс Эрл Рей гэх бөгөөд амьдрал, үзэл бодол нь Кингээс тэс ялгаатай нэгэн аж. Гэвч тэдний зам эмгэнэлтэй огтлолцох болно. Өнгөт арьстан иргэдийн эрхийн төлөөх тэмцэл идэвхжин өргөжих тусам Кингийн нийгэмд эзлэх байр суурь улам батжин дээшилж байв. Харь арьстан нийгэм Мартиныг өнөө үеийн баатар гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь түүнийг нийгмийн аюултай этгээд хэмээнэ.1961 онд ХМТ \Холбооны Мөрдөх Товчоо\-ны захирал Джон Э́дгар Гу́вер иргэний тэгш эрхийн төлөөх тэмцэлд коммунистууд оролцож байгааг мэдэн Мартины бүх утасны яриаг чагнаж, алхам болгоныг нь хянан мөрдөх тушаал өгчээ. Энэ мөрдлөг зургаан жил үргэлжлэх болно. Гэсэг хэдий ч тэд Америкийн нийгэмд үзүүлэх өдрөөс өдөрт өсөх Кингийн нөлөөг зогсоож чадахгүй байлаа. 1963 оны 8 дугаар сарын 28-нд Мартин нийслэл хот Вашингтонд “Ажил ба эрх чөлөөг хүсэж байна” сэдэвтэй марш зохион байгуулжээ. Урьд нь иймэрхүү арга хэмжээг иргэний эрх зүйд харшаар нөлөөлж магадгүй гэсэн айдсаа нуудаггүй байсан ерөнхийлөгч Кеннеди яагаад ч юм уг арга хэмжээ явуулах зөвшөөрөл өгсөн байдаг. 250 мянган хүн оролцсон уг марш ямар нэгэн зөрчилгүй өнгөрсөн юм. Тэр өдөр Кинг АНУ-ын 14 дэх ерөнхийлөгч Линкольны дурсгалын хөшөөний дэргэдээс “Хэзээ нэгэн цагт урьд боол байсан эрийн хөвгүүд болон хүн боолчилж байсан эрийн хөвгүүд ах дүүгийн барилдлагатай нэгэн ширээний ард цугтаа суух болно гэсэн нэгэн мөрөөдөл надад байдаг. Хэзээ нэгэн цагт Алабам мужид маань бяцхан хар цагаан хүүхдүүд гар гараасаа хөтлөлцөн нэгэн сургуулийн хаалгаар орох өдөр ирнэ гэсэн нэгэн мөрөөдөл надад байдаг. Хэзээ нэгэн цагт миний дөрвөн хөвгүүн хүнийг арьсны өнгөөр нь бус харин хувь хүн, үзэл бодлоо нь дүгнэгдэх тийм улс эх оронд амьдарна гэсэн нэгэн мөрөөдөл надад байдаг. Хэрэв Америк орон дэлхийн агуу гүрэн болох тавилантай бол энэ бүхэн биелэх учиртай” гэсэн алдартай үгээ хэлсэн байдаг. Энэ үг Америкийг тэр чигт нь доргиосон гэдэг.
1964 оны 7 дугаар сарын 2-нд Мартин Цагаан ордонд уригдсан байв. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жонсон иргэний эрхийн тухай шинэ хуулинд гарын үсэг зуржээ. Энэ түүхэн чухал үйл явдалд Мартины оруулсан хувь нэмэр асар их байсан нь дамжиггүй. Кингийн энэ хувь нэмрийг олон улс үнэлэн Нобелийн шагнал олгосон билээ. Гэвч Кингийг аюултай гэж үзэж, үгүй хийх гэсэн хүчин байлаа. Кингийг өдөр болгон заналхийх болжээ. Энэ үеэр Миссури мужийн шоронгоос 20 жилийн ялтай нэг гэмт этгээд оргожээ. Олон удаагийн үйлдэлтэй рецидивист гэмт хэрэгтэн Жеймс Эрл Рей 7 жил суугаад оргож байгаа нь энэ. Тэрбээр эхлээд Чикаго хүрснийхээ дараа Канад руу оргожээ. Хэдэн сарын дараа Рей буцаж ирсэн байдаг. Бараг жил гаруй мужаас муж, хотоос хот дамжин тэнэж явсаар Мемфист ирэв. 1968 оны 4 дүгээр сарын 28-нд Рей хуурамч нэрээр Southman гудамжин дахь нэгэн жижиг дотуур байранд буужээ. Тэр өдрийн 18 цагийн үед Southman гудамжны эсрэг талд байрлах “Лорейн” нэртэй зочид буудлын нэг өрөөний тагтан дээр нэгэн хүн зогсоно. Тэр хүн бол Мартин байлаа. Тэрбээр Мемфист хот тохижуулах байгууллагын хар арьстан ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулах тэмцлийг дэмжихээр ирээд байжээ. Гэнэт буун дуу гарахад Мартин арагшаагаа саван унав. Хэдий Кингийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч түүнийг аварч чадаагүй юм. Алуурчны буудсан ганц сум Мартины эрүүний доод хэсгээр орон шилэн хүзүүнд нь очоод зоогдсон байлаа. Эл сум байгаа ононгуутаа задардаг сум аж.
Аллага гархаас хэдэхн мөчийн өмнө
Алуурчин эсрэг гудамжинд байрлах жижигхэн дотуур байрны цонхноос буудсныг цагдаагийнхан олж тогтоов. Угаалгын өрөөний цонхон дээрээс олдсон ганц хурууны хээ Жеймс Эрл Рей гэгчийнх болохыг тогтоосон байна. Мөн дотуур байрны үүдний дэргэдэх хогийн савнаас олдсон хүүдийнээс хоёр лааз шар айраг, дуран, сумнууд, халаасны жижиг радио долгион баригч, алх, дуран хараатай ангийн буу зэрэг гарч иржээ. Буун дээрх гарын хээ мөн л Рейнх байлаа. Ингээд Жеймс Эрл Рей гэгчийг Америк даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Мартины үхлийн тухай мэдээ тэр өдөртөө цацагдан Америкийн 40 гаруй хотуудад эмх замбараагүй байдал газар авсан байна. Маргааш нь Мемфис хотод дөрвөн мянган цэрэг хяналтаа алдаад байсан цагдаагийнханд туслахаар иржээ. Вашингтон, Мемфис хотуудад онцгой байдал зарлаад байлаа. Эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд алуурчныг яаралтай олох хэрэгтэй гэдгийг төр засаг ойлгож байв. Түүнийг олсон хүнд зуун мянган долларын шагнал хүртэл амласан юм. Энэ хооронд Рей хэдийн Атлант хот орж тэндээсээ Канадын Торон хот руу зугтаж амжсан байв.
Мартины алуурчин гэх Жеймс Эрл Рейд
Жеймс Эрл Рейд 1998 онд 70 насандаа элэгний архаг өвчнөөр нас баржээ
1968 оны 4 дүгээр сарын 8-нд Мартины цогцостой авсыг маш чанд хамгаалалт дор төрөлх хот Атланта руу зөөжээ. Алуурчны гарт өртөхөөсөө нэг хоногийн өмнө Мартин “Би бурхны захиас даалгаврыг л биелүүлж байна. Харин бурхан намайг өндөр уулан дээр гаргасан юм. Би тэр өндөр уулан дээрээс Шамбалын орон олж харсан. Би өөрийнхөө ардыг тэр орон руу хүргэхийн тулд эцсээ хүртэл явах болно. Тэр газар би та нартай хамт очиж чадахгүй ч байж магадгүй. Намайг хүч хэрэглэн үгүй хийж магадгүй гэдгийг би ойлгодог. Намайг өдөр болгон ална гэж заналхийлдэг. Тэгэхээр миний үхлийг хүссэн хүмүүс энэ хорвоо дээр дүүрэн байгаа бололтой. Үхэл ганцхан намайг бус миний нөхдийг ч отож байна. Гэхдээ би айхгүй байна. Би хэнээс ч айхгүй. Өдөр болгон үхлээс айх юм бол хэн ч юу ч хийж чадахгүй шүү дээ” гэж Мемфис хотын ажилчдын цуглаан дээр хэлсэн байдаг. 1968 оны 6 дугаар сарын 8-нд Английн нийслэл Лондон хотын нисэх онгоцны буудал дээр Канадаас ниссэн онгоц газардав. Энэ онгоцоор Джеймс Эрл Рей ирсэн байдаг. Тэрбээр эл өдрөө Португалийн нийслэл Лиссабон руу нисжээ. Арав хоногийн дараа Рей Лондонд эргэж ирэн, Эрлс Корт дүүрэгт хэсэг хугацаанд байр хөлслөн амьдарчээ. Сарын дараа түүнийг Бельги явахаар тасалбар худалдаж авах гэж байхад нь баривчилжээ. Хэрэгтнийг нэгжихэд хуурамч бичиг баримт, зөвшөөрөлгүй гар буу олдсон байдаг. 1969 оны 3 дугаар сарын 10-нд Мемфис хотод Джеймс Эрл Рейг Мартин Лютер Кингийг алсан хэргээр шүүх хурал эхэлжээ. Өөрийгөө алах ялаас аврах үүднээс хэргээ хүлээж энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлжээ. Шүүх Джеймс Эрл Рейд 99 жилийн хорих ял оноосон юм. Гагцхүү гурав хоногийн дараа Рей өөрийнхөө мэдүүлгээс буцсан байдаг.
Мартин Лютер Кингийн аллагын дараа АНУ-ын 110 гаруй хотуудад эмх замбараагүй байдал сар гаруй хугацаанд үргэлжилжээ.
Тэрбээр хэргийг дахин задлахыг шаардсан авч хэн ч түүнийг сонсохыг хүсээгүй юм. Энэ хэрэгийг 1978 онд АНУ-ын хүн амины хэргийг хянах комисс авч үзэх хүртэл нам дарсан байдаг . Джеймс Эрл Рейг тус комисст урьдын адил өөрийгөө Мартин Лютер Кингийг алаагүй гэдгийг мэдүүлэхийн зэрэгцээ энэ хэрэгт өөрийг нь Мексикийн дээрмийн нэг бүлэг хэлсээр гүтгэсэн гэж ярьжээ. Хэрэг гарах үед тэрбээр өөрийгөө хотын төвд машинаа засуулж байсан гэжээ. Харин хэрэг гарсны дараа цагдаагийнхны хэтэрхий итгэлтэй байдал түүнийг айлгасан байна. Сайн дураараа мэдүүлэг өгөх гээд очсон тохиолдолд түүнийг оргодол ялтан гэдэг нь хамгийн түрүүнд мэдэгдэх байлаа. Рей зугтах замыг сонгосон гэжээ. Энэхүү мэдүүлэг комиссын итгэлийг төрүүлээгүй ч ихэнх гишүүд Рейг энэ хэрэгт ганцаараа биш түүнийг энэ хэрэгт Кингийг үгүй хийх гэсэн барууны үзлийн хэт даврагчид турхирсан гэдэгтэй санал нэгтэй байжээ. Харамсалтай нь хууль зүйн байгууллага маш олон эсэргүүцлийг үл тоон энэ хэргийг 2029 он хүртэл хаасан байдаг. 1998 онд энэ хэргийн ганц холбогдогч болох Жеймс Эрл Рей 70 насандаа элэгний архаг өвчнөөр шорондоо нас барсан юм. Тэр үхэн үхтлээ өөрийгөө буруугүй гэж нотолсоор байсан. Энэ хэрэгт төр хутгалдсан яриа ил яригдсаар бараг хагас зуун жилийг үзэх гэж байна. “Тэр үеийн өндөрлөгт байсан хүмүүс Кингийг хэтэрхий хол явжээ гэж тооцсон байж болох юм.Тэр хар ба цагааныг, бор болон шарыг нэгтгэж байсан. Хүчтэнүүдэд энэ тун ч таалагддагүй байсан юм” гэж Кингийн хамтран зүтгэгчид ярьдаг аж. Мартин амьд бахдаа Америкийн бүхэл бүтэн нэг үеийг зоригжуулан хөгжүүлж байсан цогтой тэмцэгч. Тиймээс Америкийн төдийгүй дэлхийн бүх өнгөт арьстан Мартиныг өөрийнхөө амиараа тэдний амьдралыг өөрчилсөн агуу нэгэн гэж үеийн үед дурсан санах буй за.
Өнөөдөр АНУ нэгдүгээр сарын гурав дахь даваа гариг болгоныг Мартин Лютер Кингийн өдөр гэж үндэсний баяр болгон тэмлэглэдэг болжээ.