Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байна. Үүний дагуу ирэх зургаадугаар сарын 22-нд нөхөн сонгууль зохион байгуулахаар товложээ. Одоогоор хоёр аймгийн ИТХ, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулах шийдвэрийг орон нутгийн эрх бүхий байгууллагаас нь гаргасан аж. Тухайлбал, Дархан-Уул, Баянхонгор аймгийн ИТХ-ын тус бүр нэг мандатад нөхөн сонгууль зохион байгуулах нь. Булган, Төв аймгаас хамгийн олон буюу тус бүр 10 сумынх нь ИТХ-д нөхөн сонгууль явуулах аж.
Ташрамд дурдахад, төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэртэй, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүй болгосон зэрэг үндэслэлээр нөхөн сонгууль зохион байгуулдаг.
М.Оч