Ингэж асуух учир шалтгаан хийгээд эргэлзээ төрүүлсэн цөөнгүй асуудал байна. Үүнд бодит хариулт олохыг хичээлээ. Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй. Дэлхийн улс орнуудад хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдар давамгайлдаг бол манайд элэгнийх нэгдүгээрт бичигддэг. Эл хорт хавдар урьд нь нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд бага зэрэг буурсан статистик бий. Гэхдээ аюул арилаагүй. Хорт хавдраар нэг ч гэсэн монгол хүнээ алдахгүй байх нь эрүүл мэндийн байгууллагын туйлын зорилго, томоохон сорилт хэвээр байна.
Элэгний “дайснууд”
Элэгний 20-иод төрлийн хавдар байдаг гэж та дуулсан уу. Үүнээс хүн амд таван төрлийн хавдар зонхилон тохиолдож буйг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн их эмч, элэг судлаач Ч.Мөнхзаяа хэлсэн юм. Тэрбээр тус төвд 20 гаруй жил ажиллаж байна. Дээрх олон төрлийн хавдраас шалтгаан, эмгэг жам, эмчилгээ нь тодорхой болсон нь элэгний эст өмөн аж. Элэгний хамгийн хорт “дайсан” нь элэгний вируснүүд юм. Тодруулбал, элгийг В, С, Д зэрэг вирус гэмтээснээр эст өмөн буюу хорт хавдар үүсдэг нь батлагдсан. Үүнээс гадна удамшлын болон бодисын солилцооны эмгэг, хүрээлэн буй орчин, архи, тамхи зэрэг хорт зуршил, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан зэрэг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдгийг эмч нар хэлдэг.
Монгол Улсад элэгний хорт хавдрын тохиолдол өндөр байгааг гадаадын эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд гайхдаг гэдэг. Зарим улсын эрдэмтэн ХСҮТ-ийн судлаачидтай хамтран элэгний эсийн хавдар юунаас үүсэж буйг судалж тогтоосон. Монгол хүнд үүсэж буй элэгний хорт хавдарт В, С, Д вирус зонхилон нөлөөлөхөөс гадна архины хэрэглээг бууруулахгүй бол эл хавдраар өвдсөөр байх болно гэдгийг шударгаар хэлдэг билээ. Тэр ч бүү хэл, хавдар үүсгэхэд орчны, тэр дундаа 71 хувь нь нүүрс шатааснаас үүссэн бодистой холбоотой мутац илрүүлсэн хэмээн элэгний хавдар судлаач, профессор Жосеф Ловет ярьж байв. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хэвлэлд нэг бус удаа ярьсан. Гэвч тэдний хамтарсан судалгаанд үндэслэн агаарын бохирдлыг бууруулах, амьдрах орчныг сайжруулахад төр засаг анхаарал хандуулсангүй.
Халдварын сүүдэр нь хавдар
Элэгний хавдар үүсгэдэг шалтгаанууд илэрхий байна. Өөрөөр хэлбэл, элэгний вирус, өөхлөлт болон архины хэрэглээ, амьдралын буруу хэв маяг зэрэг бусад хүчин зүйлийн улмаас элэг гэмтэж, эцэстээ хорт хавдарт шилждэг гэж ойлгож болох юм. Тэгвэл элэгний В, С, Д вирусний халдвар хэрхэн дамждаг бол. Эдгээр вирус нь бэлгийн зам, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын зүү, тариураар ихэнхдээ халдварладаг. Ялангуяа шивээс хийлгэх, шүд авхуулах, гоо сайхны бүх төрлийн мэс ажиллаварт орох, хануур, зүү тавиулах зэрэгт халдвар авах боломжтой. Гэхдээ сүүлийн үед шүдний эмнэлгээс элэгний вирусний халдвар тархах магадлал багассаныг эмч, мэргэжилтнүүд онцолсон. Олон удаагийн хяналт шалгалтын үр дүнд нөхцөл байдал сайжирсан гэнэ. Гэвч гоо сайхны мэс ажиллаврууд ихээр хийгдэх болсон нь энэ төрлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн хэвээр.
Элэгний хавдраар хүн амынхаа цөөнгүй хэсгийг өдөр бүр шахам алдаж буй Монгол Улсад үүний эсрэг гар хумхин суух эрх байхгүй. Тиймдээ ч хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Тодруулбал, 2015 онд Засгийн газрын шийдвэрээр “Элэг бүтэн Монгол”, 2017 онд “Элэг бүтэн Монгол-2” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд элэгний вирустэй хүмүүсийг илрүүлж, ерөнхий баримжаатай болжээ. Гэвч вирус оношлогдсон иргэдийг эрсдэлт бүлэгт хамруулан, байнга хянах, эргэх холбоо сул хэвээр байна. “Элэгний үрэвсэлтэй хүнийг зургаан сар, цирроз буюу хатууралтай иргэнийг гурван сар тутамд хянах ёстой. Эргэх холбоо сайтай бол хавдар болохоос нь урьтаж эмчлэх боломжтой. Гэвч тоохгүй явсаар залуудаа хорт хавдраар оношлуулж буй хүн цөөнгүй” хэмээн элэг судлаач Ч.Мөнхзаяа ярьсан. Тэрбээр “Элэгний вирустэй нь оношлогдсон иргэдийг эргэн хянаж, эрт илрүүлэх тогтолцоог хөгжүүлж чадвал, мөн ард иргэд хариуцлагатай байвал хавдрыг хожимдохоос нь өмнө “барьж авах” боломжтой. Хавдар бол эмчилгээний үр дүн сайтай үед нь оношилж болох өвчин. Хэрэв танд элэгний ямар нэгэн вирус илэрсэн бол лабораторийн шинжилгээгээр тоолуулах буюу ачааллыг нь үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, элэгий В, С вирусийг эмээр дарангуйлж болдог. Бүрэн устдаггүй гэсэн үг. Дарангуйлагдсан вирусүүд шинжилгээгээр тоологдохгүй, элгийг гэмтээхгүй. Жишээ нь, тухайн хүний биед байсан 17 мянган вирусийг дарангуйлчихлаа гэхэд эргээд сэдрэх магадлалтай. Амьдралын буруу хэв маяг, даарах, олон дахин ханиад хүрэх, сэтгэлийн цочролд өртөх зэрэг бие махбодод маш хүчтэй дархлааны урвал явагдсанаар вирус сэдэрч болдог. Үүнийг дахилтат хэлбэрийн вирусний халдвар гэж үзээд эхнээс нь эмчилдэг юм. Зарим хүн гамаа сайн барьж, эмчийн хяналтад тогтмол орсноор “унтаа” вируснүүдийг “сэрээхгүйгээр” олон жил эрүүл саруул амьдарч байна. Мөн вируснүүдийг эмчилсэн ч элэгний хатуурал, сорвижилт, өөхлөлт нь хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэсэн юм. Мөн тэрбээр Монгол Улс 2017 оноос С вирусний эмчилгээг эрчимтэй хийж эхэлсэн. Гэвч сүүлийн жилүүдэд С вирусийг дарангуйлж, эрүүл болгосон хүмүүст элэгний хорт хавдар тохиолдож буйг анхааруулсан юм. Учрыг лавлахад хүний биед өмнө нь байсан С вирусний халдвар элэгний эсийг гэмтээж, гэмтсэн эс мутац буюу хувиралд орж мэдээлэл нь хадгалагдаад үлдчихсэн байдгийг хэлсэн юм. Энгийнээр зүйрлэвэл ханыг олон удаа цохиод байвал хонхойдог шиг гэмтсэн эсүүд элгэнд хадгалагдаад үлдчихдэг байна. Тэдгээр нь хувиралд орж, хавдарт хүргэх эрсдэлтэй гэнэ.
Вакцинаар хамгаалах боломжтой
Зөвхөн В вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвслийн үед вакцинаар сэргийлэх боломжтой. Харин С болон Д вирусээс хамгаалах вакцин байхгүй. Монгол Улс 1991 оноос дөнгөж төрсөн хүүхэд бүрийг элэгний В вирусний эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, эхээс урагт дамжих халдварыг зогсоож, төрөөд 24 цагийн дотор товлолт вакцинд хамрагдсан хүүхдүүд В вирусний халдвар авахгүй байх боломж бүрдсэн юм. Гэвч бүх зүйл цаг хугацаатай. Анх вакцин хийснээс хойш 10-15 жилийн дараачаас хамгаалах чадвар сулардаг аж. Тиймээс тухайн үед дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс В вирусний эсрэг дархлаа тогтоц хэр байгааг шинжлүүлээд вакцинд дахин хамрагдах ёстойг эмч нар анхааруулж байна. Хэдийгээр С вирусний халдвараас сэргийлэх вакцин байхгүй ч хамгаалах боломж бий. Тодруулбал, ХӨСҮТ-ийн цочмог С вирусний тархалтын судалгаанаас үзэхэд халдварын тохиолдлын дамжих зам шаардлага хангаагүй мэс ажиллаврууд байв. Үүнээс холхон явахад, эсвэл чанарын шаардлага хангасан орчин, ариутгасан багаж хэрэгсэл ашиглавал аюул хол. Нэмж сануулахад, В вирусний халдвар авсан хүн Д-гийн халдвар авах магадлал маш өндөр. Харин В вирусний вакцин тариулсан, халдвар аваагүй л бол Д вируснээс айх шаардлагагүй юм. Гэвч В, Д, С гэсэн гурван вирусний халдвартай хүн цөөнгүй аж. Энэ нь элэгний үрэвслийг түргэсгэж, хавдраар өвдөх магадлалыг ихэсгэдэг байна. Тиймээс вирусний халдвартай, эсэхээ хамгийн эхэнд шалга. Ингэхийн тулд цусаар вирус илрүүлэх шинжилгээ өгөх юм. Шинжилгээний хариугаар вирустэй нь тогтоогдвол тоолуулах хэрэгтэй. Үүний дараа эмч эм уух, эсэхийг зөвлөнө. Түүнээс вирустэй гээд тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Шинжилгээгээр В вирусний халдвар илрээгүй бол дархлааны эсрэг бие (Anti-HBs) байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Хэрэв эсрэг бие хангалтгүй буюу илрээгүй бол В вирусний эсрэг вакцин хийлгээрэй. ХӨСҮТ-д уг вакциныг гурван тунгаар буюу нэг удаагийнх нь 5000 төгрөгийн төлбөртэйгөөр хийж буй. Харин дэлхий нийтээр Д вирусний эмчилгээг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж чадаагүй тул хамгийн анхаарал татсан асуудал хэвээр байна.
Элэгний өөхлөлт буюу орчин цагийн “тахал”
Элэг хэмээх ганц эрхтэнд “заналхийлсэн”, үхэлд хүргэх аюултай олон өвчин байдгийг Ч.Мөнхзаяа эмч сануулсан. Өөрөөр хэлбэл, вирусний халдвар, хатуурал, хавдар гэсэн гурван өвчин “отож” байдаг аж. Боломж гарвал л элгийг гэмтээж, эдгэшгүй нөхцөлд оруулдаг гэнэ. Гэхдээ элэгний хорт хавдар хэддүгээр үе шатандаа, ямар хэмжээтэй, ямархуу хэлбэр дүрстэй гэх мэт оношлогдсон үеийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарч өвчтөний хувь заяа шийдэгддэг. Жишиж үзвэл, хүний элэг хэлбэр, хэмжээний хувьд хониныхтой ижил гэнэ. Баруун тал нь зузаан, том, зүүн тал нь нимгэн арай жижигхэн. Аль хэсэгт нь хавдар байрлаж буй, судсандаа хэр ойрхон байгаа зэрэг нь маш чухал. Хувь хүний бие махбод, амьдралын онцлог, ямар вирусний халдвартай байсан, хэдэн жил болсон, эмчилгээ хийсэн, эсэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хавдар эдгэрэх, үгүй нь шийдэгдэхийг ХСҮТ-ийнхөн хэлнэ лээ. Нөгөө талдаа элэгний вирустэй олон жил явснаас элэг нь сорвижиж, хатуурсныг ч анзаарахгүй амьдралын буруу хэв маяг, архи, тамхи зэрэг хорт зуршил, өөх тосны хэт их хэрэглээ, стресс, ажлын хүнд нөхцөл нь “таатай орчин” хүлээж буй вируснүүдийг идэвхжүүлж, хавдраар өвчлөх үйл явцыг хурдасгадаг байна. Ерөнхийдөө хорт хавдар эдгэх, эсэх нь үүсгэж буй шалтгаанаас хамаардаг. Үүнд мөн тухайн хүний хүйс, нас, амьдралын хэв маяг ихээхэн нөлөөтэй. Элэгний хорт хавдар буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь вирусийг үүсгэдэг халдварууд байсаар буйтай холбоотой аж. Мөн вирусгүй хэрнээ элэгний хорт хавдраар өвчлөгсөд бий. Архины шалтгаантай элэгний хатуурал өвчний улмаас элэг шилжүүлэн суулгуулсан тохиолдол ч цөөнгүйг хавдар судлаач эмч нар хэлэв.
Түүнчлэн элэгний өөхлөлт нь орчин цагийн “тахал” гэж нэрлэх хэмжээнд хүрч буй аж. Тодруулбал, энэ нь вирусний адил аюултай бөгөөд аажмаар элгийг хатууруулдаг байна. Манай улсад 1950-1960 оны үед В, С вирустэй хүн олон байсан. Харин орчин цагт элэгний өөхлөлттэй хүний тоо нэмэгдэж буйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулсан. Хүмүүс тэр бүр тоохгүй өнгөрөөдөг “өөхлөлт” нь элэгний хатуурал, даамжраад ирэхээрээ бодисын солилцооны өөрчлөлтөд оруулдаг гэнэ. Хоол унд, өөх тосны буруу хэрэглээтэй холбоотой цусны даралт ихсэх, хэвлийн таргалалт, чихрийн шижин, элэг өөхлөх гэсэн дөрвөн өвчин нийлэхээр бодисын солилцооны хам шинж эмгэгийг үүсгэдэг байна. Биеийн жингээ хянах, хоол ундны дэглэм барих, идэвхтэй хөдөлгөөн хийж, өөхийг шатаах замаар элэгний өөхлөлттэй тэмцэх боломжтой. Элэгний өөхлөлтөөс сэргийлэх, багасгах энгийн арга нь алхах гэнэ лээ. Дэлхийд элэгний өөхлөлтийн эсрэг эмнэл зүйн маш олон судалгаа хийж буй бөгөөд үр дүнгээ эхнээсээ өгч буй аж. Гэхдээ өөхийг устгах эм тариа хүлээж суух биш, дасгал хөдөлгөөн хийж, алхах нь жинхэнэ эм болох нь.
Эрт илрүүлэх нь эхний алхам
Дэлхий нийтэд хийгдэж буй элэгний хорт хавдрын эмчилгээнүүд Монгол Улсад нэвтэрсэн. Тухайлбал, гуравдугаар шатлалын бүх эмнэлэг элэгний хорт хавдрын тайралт, элэгний судсан доторх ажиллавар хийж буй. Хэд хэдэн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байна. Гэвч энэ төрлийн хагалгаанд орохоор хоног тоолон хүлээгсэд олон бий. Улсдаа ганц төрөлжсөн тусламж үзүүлдэг ХСҮТ хар зах мэт л өвчтэй иргэдийн хөлд дарагдсаар олон жилийн нүүр үзэж буй. Энэ их ачааллыг “задалж”, иргэдийг орон нутагт нь чанартай тусламж, үйлчилгээ авах, эмч нарын ур чадварыг сайжруулахад анхааръя. Хүн амын хорт хавдрын дийлэнх шалтгаан болсон элэгний хорт хавдрыг бууруулах, өвдөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэх нэн шаардлагатай юм. Монголчуудын элэг бүтэн амьдралыг хугасалсан хорт хавдрыг бууруулахад төр засгаас илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.