Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дахь “Москва” рестораны долоодугаар давхрын зоогийн газарт Г.Н гэх эмэгтэйг согтуу хүмүүс зодож гэмтээжээ. Энэ талаар хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн нь мэдээлэл хийхдээ “Урьд шөнө миний охины биед мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс халдаж, хүчирхийлсэн байна. Хүний охин хүүхдийг ингэж яргалж болдог юм уу. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй, мөнгөгүйд нь үйлчилдэг юм уу” хэмээсэн. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн “Уг асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж байна” гэсэн юм.
Бидний авсан мэдээллээр Г.Н-ийг уржигдар орой 19.30 цагийн үед гадаад хэлний багш нь гэх Мэндсайхан “Москва” ресторанд дууджээ. Тэнд уг багш дээрх рестораны захирал, эзэн С.Батсүхтэй хамт архи ууж, халамцуу байсан гэнэ. Улмаар шөнө дундын үед хохирогчийг С.Батсүх нь хэл амаар доромжилж биед нь халдан эрүүл мэндэд нь хохирол учруулсан аж. Өдгөө С.Батсүхийг хаана байгааг тогтоож, шалгахаар цагдаагийнхан ажиллаж буй гэнэ.