Засгийн газар ус, дулааны үнэ нэмэх шийдвэрийг хойшлуулах чиглэлийг холбогдох байгууллагынханд өгснөө уржигдар олон нийтэд зарлалаа. Мөн бүх шатанд татвар, хураамжийг ямар нэгэн хэлбэрээр нэмэхийг хориглосноо мэдэгдэв. Эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдлыг харгалзан, иргэдийн амьжиргаанд дарамт учруулахгүй байх бодлогыг баримтлан ийм “энэрэнгүй” шийдвэр гаргажээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үүнээс хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийхдээ гадаад худалдааны эргэлт удааширч, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт саатсан, цахилгааны үнэ өссөн зэргээс шалтгаалан инфляц сүүлийн саруудад тогтмол өсөж, иргэдийн нуруунд ачаа дарамт нэмж байгааг дурдсан юм. Төлөвлөсөн хуваарь ёсоор тавдугаар сарын 15-наас эхлэн дулаан, есдүгээр сараас хэрэглээний халуун, хүйтэн усны үнийг нэмбэл айл өрх, аж ахуйн нэгжүүд бүр ч их дарамт амсахаар буйг тэрбээр анхааруулсан билээ.
Үүнээс үүдэлтэйгээр иргэд, олон нийт “айдас”, бухимдалд автаж, татвар, хураамжаар хяхан хавчсан төрийн дарамт шахалтыг хүчтэй эсэргүүцээд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ийнхүү гал унтраах арга хэмжээ авлаа. Тэд иргэдийн ахуй амьжиргааг бодолцсондоо, аль эсвэл аж ахуйн нэгжүүдээ хайрласандаа ийм шийдвэр гаргаагүй. Харин олны шүүмжлэл, унтууцлыг намжаах гэсэндээ л яаран сандран хөдөлсөн. Ус, дулааны үнийг нэмэх шийдвэрээ цуцаллаа ч гээгүй, түр хугацаагаар хойшлуулсан төдий. Тэд ингэж олны бухимдлыг намжаачхаад цаагуураа юу хутгаж, ямар арга замаар иргэдийг “шимэгчлэх”-ээр төлөвлөж суугааг таашгүй. Ерөөс манай төр засаг сүүлийн жилүүдэд ийм зальхай арга барилаар иргэдээ “мөлжиж”, дарамталдаг болсон. Наашаа харж ахуй амьжиргаа ярьчхаад, цаашаа эргэв үү, тэдний халаас руу гараа шургуулдаг.
Дээрх шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдийн амьжиргааг дэмжих, аль болох дарамт учруулахгүй байх бодлого баримталж байгаа”-г дурджээ. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Макро эдийн засаг тогтвортой байна” хэмээн мэдэгдэж. Энэ бол нэг төрлийн доромжлол, тохуурхал юм. Улс орны нөхцөл байдал, өрхийн санхүү, иргэдийн амьжиргаа ямар хэмжээнд туйлдаад буйг бид мэдэхийн дээдээр мэднэ. Мэдэхгүй, мэдрэхгүй байхын аргагүй, тийм их дарамтыг иргэд өдөр тутам, алхам бүрдээ амсаж байгаа. Яг үнэндээ МАН эрх барьсан, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг толгойлсон сүүлийн жилүүдэд инфляцын дарлал иргэдийг туйлдуулсан. Төгрөгийн ханш тасралтгүй унасаар, худалдан авах чадвар эрс доошилсоор буй. Монголын төр инфляцыг тогтвортой түвшинд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах үүргээ биелүүлж чадахгүй, эдийн засгийнхаа “жолоодлого”-ыг алдчихаад байна.
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээнд буюу 6000 ам.долларт хүрч, Монгол Улс дундаас дээш орлоготой орны ангилалд багтсан хэмээн эрх баригчид пиар хийж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цар тахлаас хойш эдийн засаг жил бүр тогтмол 5-7 хувиар өссөн. Одоо л эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтворжуулж, өрөө төлж, зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн өнөө жил 80 их наяд төгрөг болсон. 40 литрийн бидон 80 литрийн “поошиг” болсон нь чамлахааргүй үзүүлэлт” гэжээ. Тэгвэл энэ өсөлт, сайн сайхан үзүүлэлт иргэдийн амьдралд огт мэдрэгдэхгүй, нөлөөлөхгүй байгаагийн учир юу вэ. Шалтгаан нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу “пуужиндсан” инфляц, татвар, хураамжийн дарамт юм.
2016 онтой харьцуулахад төгрөгийн ханш 57 хувиар буурсан. Тухайн үед ам.долларын ханш 2000 төгрөг байсан бол өдгөө 3500-гаас даваад буй. Өнгөрсөн сард “ногоон”-ы ханш 3600-д хүрсэн. Иргэдийн худалдан авах чадвар найман жилийн өмнөх үеийнхээс 60 орчим хувиар буурсан. 2016 онд 1150 төгрөгөөр худалдаж байсан “Атар” талхны ханш өдгөө 2572 (123%), ургамлын тос 3440-өөс 6592 (91.6%) , нэг кг-аар савласан “Алтан тариа” гурил 1600-гаас 3176 (98.5%) төгрөг болж нэмэгджээ. Хонины нэг кг махны үнэ 6300-гаас 16 901, үхрийнх 7490-ээс 22 600 төгрөг болж 2.6-3.01 дахин өссөн байна. 2024 оны III улиралд инфляцын түвшин улсын хэмжээнд 6.7 хувьтай гарсан бол өнгөрсөн сард 9.6 хувьд хүрлээ. Хоёр оронтой тоонд хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ийнхүү тэнгэр лүү “пуужиндсаар” байхад иргэдийн гар дээрээ авдаг цалин, урамшууллын хэмжээ гойд өөрчлөлтгүй, “газарт” хэвээрээ. Статистикийн байгууллагынхан “Нэрлэсэн цалин сүүлийн гурван жилд 50 хувиар өссөн” хэмээн мэдээлж буй ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 2020 оноос хойш 30 орчим хувиар л нэмэгдсэн, гол нэрийн 10 төрлийн бүтээгдэхүүний үнэ гэхэд 129 хувиар дээшилснийг эдийн засагчид тооцон гаргасан. Энэ хэдхэн тоо л монголчууд ямар их ачаа дарамт үүрч байгааг хангалттай харуулна.
Яг одоо манай улсын эдийн засаг хүндхэн буй. Нүүрсний экспорт саатсанаас төсвийн орлого тасалдсан, гадаад валютын нөөц хомсодсон, томоохон төслүүдээ санхүүжүүлж чадахгүйд хүрсэн. Иргэд нь татвар, хураамжийн дарамтаас өндийх сэхээгүй өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Үүнийг эрх баригчид том гүрнүүдийн сөргөлдөөн, олон улсын зах зээл дэх түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт, ханшийн хэлбэлзэл зэрэгтэй холбон тайлбарлаж буй. Тэрчлэн Төв банкны удирдлага нь “Монголчууд гадаад руу олноороо аялж байгаа нь валютын нөөц хомсдох, ханш нь өсөх шалтгаан болсон” хэмээн иргэдийг буруутгасан. Өөрөөр хэлбэл, манай төр засаг эдийн засаг хүндэрсэн нь гадаад орчны хүчин зүйлсээс шалтгаалсан, биднээс хамааралгүй хэмээн бурууг бусдаас хайж байгаа. Зөвхөн Монгол Улсад ч биш, дэлхий дахин хямарч байна гэсэн мессежийг иргэд, олон нийтэд өгөхийг “оролдсоор”. Гэвч асуудлыг том зургаар нь харвал энэ бүхний гол буруутан нь төр. Олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний ханш уналаа гээд бүх улсын төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц хомсдож, инфляц нь хоёр оронтой тоонд дөхөж очоогүй. Иргэд нь гадаад руу аялж , зугааллаа гээд ч “хямраагүй”. Энэ бол манай төр эдийн засгаа солонгоруулна гэж олон жил яриад юу ч хийж чадаагүйн гор. Уул уурхайн ганц төрлийн бүтээгдэхүүнээс хэт хараат эдийн засаг угсарсны гай. Төв банк нь инфляцыг тогтвортой түвшинд байлгаж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалж чадаагүйн үр дүн. Засгийн газар, Монголбанк төгрөгт ирэх ханшийн дарамтыг сааруулах, гадаад валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр бодитой, бодлоготой арга хэмжээ аваагүйн урхаг. Уг нь энэ нь тэдний үндсэн үүрэг шүү дээ. Гадаад валютын нөөц төгрөгийн дархлааг сайжруулах нэг хөшүүрэг гэж үздэг учраас Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд гадаад валютын албан нөөцийг импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэж бүрдүүлэх талаар тусгасан байдаг шүү дээ. Даанч тэд энэ үүргээ биелүүлж чадахгүй байна.
Монголын төр энэ цаг үед юуг хамгийн сайн хийж байна вэ гэвэл иргэдийг татвар, төлбөр, хураамжаар дарамтлах ажлыг бүхнээс сайтар хэрэгжүүлж буй. Эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ гэж амлаж амлачхаад сав л хийвэл татвар, хураамж нэмж, бараа, үйлчилгээний суурь үнэд нөлөөлөх “хорон” шийдвэрүүд гаргасаар. Автомашины, гаалийн, газрын, усны, агаар бохирдуулсны гээд нэмэгдээгүй татвар, төлбөр, хураамж алга. Хамгийн сүүлд цахилгааны үнийг нэмсэн. Одоо дулаан, усны үнийг нэмэхээр тохиромжтой хугацааг хүлээж сууна. Уг нь иргэдийн бодит цалин, орлогын өсөлттэй уялдуулан татвар, хураамжийн хэмжээг нэмдэг зах зээлийн зарчим бий. Энэ бодлого манайд л урвуу системтэйгээр хэрэгжиж, төсвийн гол нуруу болдог татвар төлөгчид, дундаж давхаргынхныг туйлдуулж гүйцсээр байна гэлтэй.
Н.Мишээл