Цагаан сарын үеэр бүх нийтээрээ тав хоног амрах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, ирэх сарын 3, 4, 5 буюу дараа долоо хоногийн даваа, мягмар, лхагва гаргийг амралтын өдөр болгов. Эдгээр өдрийн ажлыг энэ онд багтаан нөхөхийг бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагад даалгасан гэнэ. Засгийн газар ийм шийдвэр гаргах гэж нэлээд “дуншиж”, тэр хэрээр иргэдийг бухимдуулсанд олон нийт ихэд шүүмжлэлтэй хандаж байна.
Цагаан сарын шинийн нэгэн тасарч, шинийн 2-3 нь ирэх сарын 1-2-ны бямба, ням гарагт тохиох нь энэ он гарснаас хойш л тодорхой болчихсон билээ. Монгол үндэстний уламжлалт баярыг тэмдэглэхэд амралтын хоёр өдөр хангалтгүй тул хугацааг нь уртасгах хэрэгтэй гэсэн саналыг иргэд эртнээс гаргаж байсан. Гэвч Засгийн газар шийдвэр гаргахгүй дүлгэнэсээр Цагаан сар хаяанд тулчихсан, айл өрхүүдийн олонх нь бэлтгэлээ базааж, аж ахуйн нэгж, байгууллагууд ч ажлаа төлөвлөчихсөн үед гэнэт л амраахаар шийдвэрлэчхэв. Шийдвэр гаргах түвшнийхний ажил төлөвлөгөө, тооцоо, судалгаанд бус, харин сэтгэл хөдлөлд суурилдгийн тод жишээ нь энэ боллоо.
М.Оч