ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар манай улсын 25 ахмад дайчинд 1941-1945 оны аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн медаль гардууллаа. Тодруулбал, 80 жилийн тэртээ Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн байлдаж явсан Н.Пүрэвжав, Ц.Чимэдцэрэн, Д.Цанжид, Г.Шагдар, У.Доржпалам нарын 25 ахмад дайчинд өчигдөр медалийг гардуулан өгчээ. Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков “Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой өнөө жил тохиож байна. Ингэж ялалт байгуулахад монгол холбоотнууд ЗХУ-д маш их туслалцаа үзүүлснийг нь үнэлэн 25 ахмад дайчинд 80 жилийн ойн медаль гардуулав. Бид Ерөнхийлөгчийн зарлигаар зөвхөн тухайн дайнд гар бие оролцсон дайчдад л энэхүү одонг гардуулах журамтай. Гэвч жилээс жилд ахмад дайчид цөөрч байна. Өнөөдөр л гэхэд Улаанбаатарт оршин суудаг таван ахмадад одон гардуулсан” гэв.
Үүнээс гадна тэрбээр “Ирэх тавдугаар сард Улаан талбайд болох ёслолын парадад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг оролцох урилгыг ОХУ-ын талаас илгээсэн. Тэрбээр урилгыг хүлээн авч, оролцохоо мэдэгдсэн. Иймд бид эл ажлын бэлтгэлийг сайтар хангахаар хичээж байгаа. Мөн дэлхийн II дайны төгсгөл болох чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг Монгол болон ОХУ ирэх есдүгээр сард хамтран тэмдэглэнэ” гэлээ.
У.Цэцэг