Гэгээн хайрын өдөр буюу Валентины баяр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос зарим сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэв. Манай улсын Хүн ам, өрхийн мэдээллийн санд Гэгээнхайр нэртэй хоёр, Валентин нэртэй гурав, Хайрынбурхан нэртэй нэг хүн бүртгэгджээ. Түүнчлэн ижил нэртэй хос 360, нэг өдөр төрсөн (ижил он, сар, өдөр) хос 287 байдаг гэнэ. Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10 057 хүн бий гэнэ. Тэгвэл энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдөр олон нийтийг хамруулсан ямар арга хэмжээ болох талаарх мэдээлэл хүргэе.
“Том эгч” нарын тусгай үзүүлбэртэй
Эмэгтэй комедиануудыг нэгтгэсэн “Big sistas”-ынхан Гэгээн хайрын өдөрт зориулсан тусгай шоуг өнөөдөр 20.00 цагт зохион байгуулна. Уг шоуг “Жазз хөгжимтэй комеди үдэш” хэмээн нэрлэжээ. Та, бидний хэдийн танил болсон комедиан Зола, Кенна, Дора, Хишигээ нар энэ үеэр үзэгчидтэй уулзах юм байна. Тэд хосуудыг хэрхэн хөгжөөх нь сонирхолтой. Тусгай шоу “Elixir coffee and wine bar”-нд болно.
“Шоколад”-тай үдэш
Залуу уран бүтээлч Davaidasha буюу Г.Ариунболд “Шоколад” тоглолтоо өнөөдөр 19.00 цагаас хосуудад зориулан толилуулах нь. 2020 оноос эхлэн поп, R&B, хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвисан, дуучин, дуу зохиогч тэрбээр анхны бие даасан тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж байсан билээ. Фэнүүдийнхээ хүрээллийг хэдийн бүрдүүлсэн Davaidasha энэ удаа “UG arena”-д тоглоно. Тоглолтод зочид уран бүтээлчид ч оролцох бөгөөд нэрсийг нууцалж, зөвхөн хүрэлцэн ирсэн үзэгчдэд гэнэтийн бэлэг задлах аж.
Рок попынхон чуулах нь
“Зүгээрээ хайраа” нэртэй, хайрын баярт зориулсан тоглолт өнөөдөр “UB palace”-т 19.00 цагаас болно. Рок попын дуучдыг цуглуулсан эл тоглолтод оролцогчдын олонх нь эмэгтэй уран бүтээлч юм байна. Тухайлбал, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Наран, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг нар тайзнаа ирэх нь. Мөн Э.Агиймаа, А.Хишигдалай, Б.Оюу, Ч.Мишээл зэрэг залуу уран бүтээлчид ч нэгджээ.
Зураг зурж бэлэглэх үү
Хөгжмийн аянд уран зураг бүтээх нэгэн сонирхолтой арга хэмжээг “Norphei art” галерейнхан өнөөдөр 18.00 цагт зохион байгуулна. Энэ нь хайртай хүмүүстээ бэлэг болгон өгөх зургийг өөрийн гараар бүтээх үйл ажиллагаа юм. Оролцогчдыг уран зургийн багш удирдан чиглүүлнэ. Зургийн хэрэгсэл, хөнгөн зууш, ундаа зэргийг зохион байгуулагчид бэлтгэсэн байх аж. Галерейн уран бүтээлчийн бэлтгэсэн тусгай хөгжмийн ая хөтөлбөрийн турш эгшиглэх нь.