Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилгоор “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан:
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан. Тэгэхээр бид хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, мөн иргэдэд тулгамдаж буй асуудлын шийдлийн талаар хэлэлцэж байна. Мэдээж газрын харилцаанд олон асуудал тулгамдаж буй. Тухайлбал, авлига болон хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг шилэн болгох нь нэн чухал. Мөн орон нутагт дэд бүтцийг нь шийдэн газар өмчлүүлэх, үүнд Засгийн газар, орон нутаг анхаарах ёстой” хэмээв.
Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явц хийгээд төрийн олон үйлчилгээг “Шилэн” болгоход анхаарч буй билээ.