Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр гишүүдийн 73.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Ээлжит бус чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд хуримтлагдсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцлов.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын гишүүдэд хандаж, ээлжит бус чуулганаар гурван үндсэн чиглэлд анхаарч, хүчээ нэгтгэж ажиллахыг уриаллаа. Тухайлбал, парпарламент ёсыг төлөвшүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаад, “Монгол Улсын Их Хурлын болон дэгийн хуульд оруулсан гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудыг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлэх нь энэ удаагийн чуулганы нэг онцлог” гэж байлаа.
Түүнчлэн парламент хариуцлагатай, сахилгатай байж, ард түмнийхээ засаглах эрхийг хангах, Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг хийж хэрэгжүүлэх цаг нэгэнт болсныг дурдлаа. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлж, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгааг онцлов.
Мөн парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатайг дурдахын зэрэгцээ Хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харьцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хараат бус бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан гэв.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар эдийн засгийн өсөлтийг хангаж, хувийн хэвшлээ дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр тогтсон.