Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.
Энэ өдрүүдэд русский дом, Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургууль, Монгол, Оросын Найрамдлын нийгэмлэгийн эвлэл, Плехановын нэрэмжит дунд сургуулийн сурагчид, Орос III сургуулийнхан хамтарч Халхголын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Тэд энэ сарын 10-ны өдөр гурван төрөл зүйлийн 95 ширхэг мод тарьсан юм. Модны дийлэнх нь буюу 65 ширхэг нь гол борын суулгац байв. Голт бор нь 2.5-3 м хүртэл өндөр ургадаг бутлаг ургамал бөгөөд тавдугаар сарын сүүл үеэс эхлэн 19 орчим хоног цэцэглэдэг байна. Цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас төгөл зэргийг байгуулахад нэн тааламжтай мод аж.
Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуулийн Олон улсын харилцаа бизнесийн төвийн захирал Оленцова Юлия Анатольевна мод тарих үеэр "Красноярск бол Улаанбаатарын нэгэн адил тоосжилт ихтэй хот. Бид бас тэндээ мод их тарьдаг. Өнөөдөр харин Улаанбаатарт ирж мод тарьж байна. ойн мэргэжлийн багш нараа авчраад хамтдаа мод тарьж байгаадаа баяртай байна. Тиймээс мод сайхан ургана" хэмээсэн юм.