Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 17-нд дахин зохион байгуулсан бөгөөд өчигдөр дүн нь гарав. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, дархлааг сайжруулах зорилгоор их, дээд сургуульд элсэн суралцах оюутнууд монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдаж буй юм. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400. Үүнийг давж чадаагүй болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй хүүхдүүд дахин шалгалт өгсөн юм. Өөрөөр хэлбэл, монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд буюу элсэлтийн шалгалтын өмнө зохион байгуулсан билээ. Боловсролын үнэлгээний төвийнхний мэдээлснээр өнгөрсөн хавар авсан монгол хэл, бичгийн шалгалтад 5300 гаруй сурагч тэнцээгүй гэнэ. Тэднээс энэ удаагийн шалгалтад 3542 хүүхэд бүртгүүлсэн ч 2300 нь шалгуулжээ. Тэдний 930 нь шалгалтад бүдэрч, 1370 нь тэнцсэн байна. Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй хүүхдүүд их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй юм. Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа ашиглан шалгалтынхаа дүнг мэдэх боломжтой. Ч.ТУЯА