-Монгол Улсад хорт хавдраар жилд 100 орчим хүүхэд оношлогддог-
Аав, ээждээ эрхэлж, аз жаргал, баяр хөөр дүүрэн, цэцэрлэгтээ гүйж явсан жаал хүү өнгөрсөн оны есдүгээр сард тархины хорт хавдраар оношлогджээ. Гэнэт л зогсоо зайгүй бөөлжиж, бие нь тавгүйрхсэн хүүгээ ээж, аав хоёр нь яаран сандран Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д аваачсан байна. Хүүг тэндхийн мэдрэлийн эмч үзэж, MRI шинжилгээ хийсний дараа тархины хорт хавдартай гэсэн хүнд мэдээ дуулгажээ. “Үүнийг сонсоод тэнгэр хөмрөх шиг л болсон. Хүлээн зөвшөөрч чадахгүй, нойр хоолноос ч гарлаа. Сэтгэл арай тайвширсны дараа хүүгээ гадаад улсад эмчлүүлэхээр судалж, багагүй хөөцөлдсөн. Энэ хугацаанд яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэс засалд оров. Харамсалтай нь, хүүгийн минь хавдар дахисан. Хагалгаагаар хавдрыг бүрэн авчхаад байхад хоёр долоо хоногийн дараа дахиад ургасан. Эмчилгээг нь яаралтай эхлүүлэхгүй бол хугацаа алдах аюултай байв. Ашгүй, эндээ химийн тариа болон бусад эмчилгээ нь таарч гадаад руу явах шаардлагагүй болсон. Хүүгийн минь бие илт сайжирлаа. Тархинд нь 1.6 см хавдар байсан бөгөөд эхний хими эмчилгээнд орсны дараа 0.6 см болж багассан. “Эхний эмчилгээгээр хавдар бараг хоёр дахин багассан болохоор дараагийн удаа илүү үр дүн гарна. Хавдрын эсүүдийг бүгдийг нь байхгүй болгосноор химийн эмчилгээ бүрэн дуусна” гэж эмч маань хэлэхэд эдгэрэх юм байна гэсэн итгэл найдвар хүү, бид хоёрт төрсөн” хэмээн ярив.
Ээж, хүү хоёр ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт дөрөв дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байгаа нь энэ аж. Одоогоос 10-аад жилийн өмнө Ажиа гэгээний санаачилгаар олон түмний хандиваар сүндэрлэсэн зургаан давхар барилгын 4-6 давхарт нь цусны эмгэг болон хорт хавдартай хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тус тасаг нийт 35 ортой бөгөөд биднийг очиход 21 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Нэг удаа хэвтэхдээ 7-8 хоног эмчлүүлдэг аж. Долоо хоног бүрийн мягмар гарагт хүүхдүүд химийн тариандаа ордог гэнэ. Химийн тариа хийлгэсний дараа хүүхдүүд хордлого ихтэй, хоол ундаа идэж чадахгүйд хүрдэг ч эдгэрнэ гэсэн итгэл бий учраас л шүд зуугаад тэсдэг болов уу. Тархи, бөөр, цус, ясанд нь гээд эд, эрхтэнд нь хэзээ ч тэсэрч болзошгүй хорт хавдар хэмээх “бөмбөг” бийг бяцхан хүүхдүүд мэддэг. Гэхдээ энэ “бөмбөг”-ийг тэсрэхээс нь өмнө аюулгүй болгож чадна гэдэгт эмч нар, ээж, аав, гэр бүлийнхэндээ итгэдэг гэдгээ ч хүүхдүүд хэлсэн. Энэ утгаараа эх, нярай, хүүхдийн бүхий л тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн хамгийн сэтгэл өвдөм хэрнээ бахдам түүхийг бүтээдэг хэсэг нь Цусны эмгэг, хавдар судлалын тасгийнхан гэлтэй. Энд жижигхэн биедээ хэт ахадсан ачаа үүрсэн хүүхдүүд хорт хавдрыг ялан дийлж, өвчнийхөө ард гарахаар хором бүртэй тэмцэж байна.
Дэлхий нийтэд хүүхдийн хорт хавдар ихсэж буйг тоон мэдээллүүдээс харж болно. Жилд 400 мянга үүхэд хавдраар оношлогддог байна. Харин манай улсад хорт хавдраар жилд 100 үүхэд шинээр оношлогддог аж. Тэдний 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй. Үлдсэн хувь нь удамшлын, гений мутацын өөрчлөлтөөс гаралтай гэж эмч нар үздэг юм. Бусдаар ямар шалтгаан, нөхцөлөөс болж хүүхдүүд хорт хавдраар өвчилсөөр байгааг дэлхий нийтээр судалж, тогтоож чадаагүй. Манай улсын тухайд агаарын бохирдлоос болж хорт хавдартай хүүхэд төрж байна гэж ярьдаг ч оношлогдсон хүүхдүүдийн тал хувь нь орон нутагт амьдарч байжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй хэсэгт, эсвэл орон нутагт цэвэр агаартай газарт амьдарч байгаа хүүхдүүд ч ялгаагүй хорт хавдраар оношлогддог болохыг Цусны эмгэг, хавдар судлалын тасгийнхан хэлнэ лээ. Манай улсад цус, тархи, бөөр, тунгалгийн булчирхайн хавдар хүүхдэд зонхилон тохиолдож байна. Дэлхий дахинд ч энэ төрлийн хавдраар хүүхдүүд өвдөх нь түгээмэл аж.
Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нэвтрэхийн тулд бид халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахисан. Нэг удаагийн малгай, нөмрөг, амны хаалт зүүж, улавч өмссөн ч хэвтэн эмчлүүлэх хэсэг рүү оруулсангүй, хөл хорив. Хавдрын өвчтэй хүүхдүүдийг маш цэвэр орчинд байлгаж, ариун цэврийг нь дээд зэргээр сахих нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг учир гаднаас хүн нэвтрэхийг хориглодог гэнэ. Хавдар бол дархлааны өвчин гэдэг. Химийн эмчилгээ хийлгэхээр дархлаа дарангуйлагддаг учраас халдвар хамгааллын маш нарийн дэглэм сахидаг аж. Тиймээс бид тус тасгийн тавдугаар давхарт байрлах хүүхэд тоглодог үүдний хэсэгт эмч болон эмчлүүлэгч нартай уулзсан юм. Цусны эмгэг, хавдар судлалын тасагт залуухан эмч, сувилагч нар ажилладаг юм байна. 2016 оноос өмнө хүүхдийн хавдрыг Хавдар судлалын үндэсний төвд эмчилж байжээ. Урьд нь энд зөвхөн цусны хавдрыг эмчилдэг байж. Харин одоо 18 бүлгийн хавдрыг эмчилж буй. Зөвхөн туяа эмчилгээ хийлгэх тохиолдолд Хавдар судлалын үндэсний төв рүү хүүхдүүдийг явуулдаг гэнэ.
Тус тасагт 2019 оноос хойш ажиллаж буй Т.Хишигдэлгэр эмч бидэнд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Хүүхдийн хорт хавдрын онцлог болон эмчилгээний үр дүнгийн талаар түүнээс лавлахад “Дэлхий нийтэд өндөр хөгжилтэй оронд амьдарч буй хорт хавдартай хүүхдүүдийн 80, хөгжингүй оронд 30 орчим хувь нь эдгэрдэг гэсэн тоо баримт бий. Бид 2030 онд хорт хавдрын эдгэрэлтийн түвшнийг 60 хувьд хүргэхээр зорьж байна. Хавдрын төрлөөс шалтгаалж эдгэрэх үйл явц нь харилцан адилгүй. Жишээлбэл, цусны хорт хавдрын 60-70 хувь нь бүрэн эдгэх боломжтой. Энэ нь ийм төрлийн өвчтэй 10 хүүхэд тутмын 6-7 нь эдгэдэг гэсэн үг. Гэхдээ бүрэн анагаахын тулд эмнэлэг, ар гэрийнхний удаан хугацааны эмчилгээ, асаргаа шаардлагатай. Бусад эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн баг ажилласны үр дүнд хорт хавдрыг эдгээж байна. Хүүхдийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжгүй. Тиймээс насанд хүрэгчдийн хавдрыг хүүхдийнхтэй харьцуулах нь өрөөсгөл. Хавдрыг эрт оношлох, илрүүлэх нь чухал. Тэгж чадвал үсэрхийлэхээс сэргийлнэ. Үсэрхийлнэ гэдэг авдар хүндэрсэн, хожуу үе шатандаа орсон гэсэн үг” хэмээн ярилаа.
Тоглоомын хэсэгт хүүхдүүд ихэвчлэн элдэв янзын амьтан, барилга, байгууламжийн дүрс эвлүүлж байв. Бяцхан хүүхдүүд тоглохдоо л өвчин шаналлаа мартаж, хоорондоо хөгжилдөн, чанга чанга инээлдэнэ. Химийн эмчилгээ гэхэд ойролцоогоор зургаан сар үргэлжилнэ. Хавдар бүрийн хувьд эмчилгээний хугацаа харилцан адилгүй аж. Тухайлбал, цусны хорт хавдрыг оношилсноос хойш зургаан сарын хугацаанд хими эмчилгээ хийж дуусаад шинжилгээ авна. Хэрэв намжмал байдалд орсон байвал үр дүнд хүрлээ гэж үздэг юм байна. Хорт хавдар гээч аюулын ард гарсан хүүхэд, эцэг, эхийг урамшуулахын тулд хонх цохиулдаг уламжлал 2017 оноос хойш эл тасагт бий болжээ. Өөрөөр хэлбэл, хорт хавдрыг ялан дийлсэн хүүхдийг “Эрэлхэг баатар” хэмээн өргөмжилж, алтан медаль зүүж өгдөг. Хүнд өвчтэй хүүхдүүдэд “төмөр” зүүлгэж, шоудлаа гэж олон нийт багагүй шүүмжилсэн. Гэвч хонх жингэнэтэл дуугарах тэр мөч хорт хавдартай олон хүүхдэд итгэл найдвар төрүүлж, нүдэнд нь оч асаадаг гэнэ.
Энэ тухайд Т.Хишигдэлгэр “Медалиа авахын төлөө хүүхдүүд өөрсдийгөө дайчилдаг юм. Авсан хүүхдийг хараад баярлан урамшиж, сэтгэл санаа нь өөдрөг болдог. Хонх цохиж, эдгэрснээ тунхагласны дараа хоёр жил “барих” эмчилгээ хийнэ. Дээрх хугацаанд химийн эмчилгээний эм ууж, цусны шинжилгээ тогтмол өгч, эмчдээ хянуулах хэрэгтэй. Химийн эмчилгээний дараа шинжилгээний үр дүнд суурилан хавдрын үлдэц байхгүй тохиолдолд хүүхдээр хонх цохиулдаг. Энэ нь зөвхөн тухайн хүүхэд баяр биш. Бид бүгдийн баяр болдог. Хүүхдүүд болон гэр бүлийнхэнтэй нь ах, дүү, хамаатан садан шиг ижилдэн дасчихдаг юм. Тэдэндээ байнга хэцүү мэдээ дуулгах амаргүй. Харин хүүхдийнхээ эдгэрч буй мөчийг харж, хонх цохиулахаар сэтгэлд хурсан дарамт үгүй болдог. Хэдэн сар эмчилсэн хүүхэд маань гар дээр амьсгал хураах маш хүнд. Тиймээс “Эрэлхэг баатар” медаль бол зүгээр нэг төмөр биш. Үүнийг авахын тулд хүүхдүүд зүүгээр олон удаа хатгуулж,өвдөлтийг тэвчиж, нулимсаа урсгадаг юм” хэмээсэн. Ингэж хэлэхдээ хоолой нь зангирч, нулимс унагасан эмч бүсгүйд амаргүй өдөр олонтоо тохиожээ. Бяцхан хүүхдүүд аюулт өвчинтэй тэмцээд яах ч аргагүй ялагдаж, амьсгал хураах мөч мэдээж үгээр илэрхийлшгүй. Тиймээс эмнэлгийн ажилтнууд, эцэг ,эх нь нарийн мэргэшсэн сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө авдаг гэнэ. Тус тасагт тав, зургаан настайдаа эмчилгээ хийлгэж, эдгэрсэн хоёр хүү өнгөрсөн онд ирж, хонхоо цохин, эмчлүүлж буй хүүхдүүдэд урам зориг хайрлажээ. Тэд одоо эмчийн мэргэжил эзэмшихээр сурч буй. Хорт хавдрыг ялан дийлсэн, эдгэрсэн хүүхдүүд ингэж өөртэй нь ижилхэн зам туулж яваа дүү нартаа сэтгэлийн үгээ шингээсэн захиа, бэлэг гардуулан өгч, итгэл найдвар түгээдэг байна.
Цусны эмгэг, хавдар судлалын тасагт 0-18 насны хүүхдүүд эмчлүүлж байна. Дөнгөж төрсөн нярайд, тэр бүү хэл, урагт ч хавдар оношлогдох тохиолдол бий гэнэ. Саяхан нэг сартай хоёр нярайд цусны хорт хавдар оношлогдон, эмчлүүлж буй аж. Цусны хавдар 3-8, тархи булчирхайнх 13-аас дээш насныханд зонхилон тохиолддог юм байна. Гэхдээ гурван настай хүүхэд ч булчирхайн хавдраар өвдөхгүй гэх баталгаагүй. Хорт хавдрын эмчилгээг зөвхөн ЭХЭМҮТ-ийнхөн гардан гүйцэтгэдэггүй бөгөөд бусад эмнэлгийн багийнхантай хамтарч үр дүнд хүрдэг тухайгаа ярьсан. Тухайлбал, ясны хорт хавдартай хүүхдийг эмчлэхдээ ХСҮТ болон УНТЭ-ийн эмч нартай хамтардаг ажээ. Харин ясны чөмөг буюу үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүд гадаад улсыг зорихоос өөр сонголтгүй гэнэ.
Хэдийгээр хүүхдийн хорт хавдрын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцдаг ч эм, тариа тасалдах тохиолдол гардаг ажээ. Хил, гааль дээр саатсан үед шаардлагатай эм, тариаг эцэг, эх, ар гэрийнхэнд нь захиж авчруулахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Хорт хавдрын эмчилгээний үед нэг ч тариа тасалж болохгүй учир ар гэрийнхэн нь халааснаасаа мөнгө гаргах тохиолдол цөөнгүй. Химийн эм, тарианы олдоц ховор, үнэ өртөг нь өндөр. Хорт хавдартай хүүхдийн эмчилгээг хойшлуулах боломжгүй тул онош нь тогтоогдсон даруйд эмнэлэгт хэвтүүлдэг юм байна. Эмнэлгээс гарсны дараа хүүхдийг байнгын хараа хяналтад байлгах шаардлагатай тул эцэг, эхийнх нь аль нэг ажлаасаа гарахад хүрдэг. “Хүүхдийн хорт хавдар эдгэрэх боломжтой. Эмчилгээний 50 хувь нь ар гэрийн асаргаа, сувилгаанаас шалтгаалдаг. Хүүхдийнхээ төлөө зөвхөн ээж нь шаналах биш, аав, эмээ, өвөө, ах, дүүс гээд бүгд . Ийм өвчтэй хүүхдээ асарч буй аав, ээжүүд сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Та хүүхдээ эрүүл болгож чадна. Аварч чадна” хэмээсэн Т.Хишигдэлгэр эмчийн үг олон гэр бүлд урам хайрлах биз ээ.