АТГ-аас шалгалтын явцад "ногоон автобус"-нуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон байна. Тиймээс АТГ “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Улмаар 134.5 тэрбум төгрөгийн хохирол гарсан гэх үнэлгээний байгууллагын дүгнэлт ч гарсан гэнэ. Нийт хохирлоос 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан аж.
Битүүмжилсэн хөрөнгөд “Тэнүүн огоо” компанийн дөрвөн автобус бааз орсныг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн “Тэнүүн огоо” дээрх дөрвөн бааз хотын бусад автобус баазуудыг бодвол харьцангуй шинэ юм билээ. Мөн авто засварын болон угаалгын газартай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх хурлаас өмнө төлүүлж болдог. Тиймээс “Тэнүүн огоо” компанийн дөрвөн автобус баазыг хотын харьяанд авч, дахин зохион байгуулалт хийнэ. Үлдсэн хохирлыг шүүхээр нэхэмжилнэ. Түүнчлэн хот "ногоон автобус"-нуудаас нэг ширхэгийг ч авахгүй. Тэдгээр автобус бол А.Ганхуягийн өмч. Цаашдаа автобус баазуудыг төрөлжүүлнэ. Автобусны жолооч нарыг соёлжуулна. Цалинг нь 3.5 сая төгрөг болгож нэмнэ. Өнөөдөр автобусны жолоочийн цалин 1.5 сая, “Дэмбээ”-ний мөнгө хоёр сая байгаа. "Дэмбээ" гэдэг нь жолооч нар зорчигчоос бэлэн мөнгө авахыг хэлдэг. Ингээд сард нийт 3.5 сая төгрөгийн цалинтай гэсэн үг. Үүний зогсооно” хэмээлээ.
Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгох нь. Энэхүү 1000 төгрөгөө нэг удаа төлөөд өдөрт 4 удаа дамжин суух боломжтой. Мөн 2024 онд оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчино. Харин ирэх жил буюу 2025 оноос төлбөртэй зорчих зохицуулалтыг хотын удирдлага хийж буй. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийт 12 удаагийн таталтаар 600 автобусыг хотод нийлүүлнэ. Эдгээрийг 2024 оны хоёрдугаар сарын 4 гэхэд Улаанбаатар хотод авчрах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа хэмээн ажлаа аваад гурван сар болж буй хотын дарга өнөөдөр мэдэгдлээ.