“MCS сoca сola” компанийн санаачилгаар ТМЛ группийнхэн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулжээ. Энэ үйлдвэр жилд 20 000 тонн хуванцар хаягдлыг боловсруулах хүчин чадалтай гэнэ. Ихэвчлэн ус, ундааны савыг боловсруулж, хувцасны утас болон бусад түүхий эд үйлдвэрлэдэг юм байна. Мөн ирэх жилээс “MCS сoca сola” компанийн ус, ундааны савны түүхий эдийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэл хангаж буйгаа тус үйлдвэрийнхэн ярьсан.
ТМЛ-ийнхэн өнгөрсөн хоёрдугаар сард хаягдал цуглуулах компани байгуулан, үйлдвэрийн түүхий эдээ татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж буй аж. Үүний хүрээнд нийслэлд гурав, Дархан-Уул аймагт нэг цэг нээжээ. Дээрх цэгүүдэд ус, ундааны савыг кг-ыг нь 600 төгрөгөөр авдаг аж.
ТМЛ групийнхэн 4000 орчим байгууллага, аж ахуйн нэгжид хамтран ажиллах санал тавьжээ. Одоогоор 1400 орчим байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ингэснээр хуванцар сав цуглуулах зориулалтын уут дүүрсэн тохиолдолд дуудлагын дагуу очиж, кг-ыг нь 250 төгрөгөөр авдаг. Мөн айлын хашаанаас ч очиж авах боломжтой юм байна. Тодруулбал, СӨХ, эмнэлэг, сургууль, ус, ундаа үйлдвэрлэгчид, үйлчилгээний газар, зочид буудал зэрэг байгууллага тэдэнтэй хамтарчээ. ТМЛ группийн цуглуулалт хариуцсан менежер О.Өнөржаргал энэ талаар “Манай улсын иргэд жилд 18 000 тонн хуванцар савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх судалгаа бий. Бид үүний 50 хувийг нь ч цуглуулж авч чадахгүй байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай харилцагчдын тоо тасралтгүй нэмэгдсэн. Цаашид ч бүх аймгийг хамруулах төлөвлөгөө бий. Ус, ундаа үйлдвэрлэгч болон бусад байгууллага, хувь хүн нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажиллах санаачилга гаргавал олон талын үр дүн гарах юм” хэмээн ярилаа.