Саудын Арабын Рияадх хотод “World combat games-2023” дэлхийн тулааны наадам үргэлжилж байна. Спортын 16 төрлөөр зохион байгуулж буй дээрх наадмын жиү жицүгийн төрөлд өрсөлдөхөөр манай тамирчид эх орноосоо мордсон. Эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан эхний тойрогт ХБНГУ-ын тамирчныг оноогоор хожин, дараа нь Анголын бөхийг цэвэр ялсан юм. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Францын тамирчинтай хүч үзэж, идэвхийн оноогоор илүүрхэн, аваргын төлөө хүч үзэхээр шалгарав. Алтан медалийн төлөө мөн ХБНГУ-ын бөхтэй учраа таарч дийлдсэнээр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн чансаагаар эхний найман байрт жагссан тамирчид дээрх наадамд урилгаар оролцдог аж.