Дэлхийн оюутны спортын зуны универсиад наадам өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Сычуань мужийн нийслэл Чэндү хотод нээлтээ хийлээ. Ингэснээр 113 орны Төрийн далбаа Чэндү хотын “Dong’an lake sports park” цэнгэлдэх хүрээлэнд мандав. Нээлтийн ёслолд Монгол Улсын багийн тугийг сагсан бөмбөгийн тамирчин Г.Дөлгөөн залсан юм. Өчигдрийн байдлаар дэлхийн универсиад наадмыг дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар БНХАУ-ын баг тэргүүлжээ. Манай тамирчдаас “Чэндү- 2021”-ийн медалийн салхийг жүдогийн тамирчин О.Уранбаяр өчигдөр хагаллаа. Тэрбээр-73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Мөн манай улсаас байт харвааны тамирчид рекурв болон компаундын төрөлд өрсөлдөж байна. Түүнчлэн сагсан бөмбөгийн баг B хэсэгт Румын, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентины багтай тоглохоор оноолт таарчээ. Эхний тоглолтоо манай тамирчид Румыний багтай хийж, 81:62 оноогоор хожигдсон байна. Монголын таван тамирчин жүдо бөхийн төрөлд өрсөлдлөө. Тэднээс хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдан, ялагдал хүлээсэн аж.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх