Заарт харх буюу ондатрын тоо хэт олширсноос Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын зэгс хулс их хэмжээгээр устаж, экологийн тэнцвэр алдагдан, хадлан, ургацын нөөцөд сөргөөр нөлөөлж буй талаар орон нутгийн малчид, тариаланчид жилийн жилд асуудал дэвшүүлдэг. Тэгвэл энэ онд тухайн бүсэд агнуур зохион байгуулах зөвшөөрлийг БОАЖЯ-наас холбогдох байгууллагуудад өгчээ. Тодруулбал, заарт хархны сүргийн бүтэц, тоо толгойг зохицуулж, байгалийн тэнцлийг хангах зорилгоор 30 мянган бодгалийг агнуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ ажлыг Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ЗӨСҮТ, холбогдох сумдын ЗДТГ-аасан амьтны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах аж. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзан, заарт харх агнасан тохиолдолд төлбөр хураамжаас бүрэн чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан салбар яамд хүргүүлээд буй гэнэ.
Бэлтгэсэн: Н.Мишээл