Хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрууд нүхэн жорлонгоо халж чадаагүйн улмаас сурагч, багш, ажилтнууд нь хэцүүхэн нөхцөлд байдаг. Зөвхөн энэ л шалтгааны улмаас хүүхдүүд жорлонгийн гүн нүхэнд унах, охид өвөл хавартаа доороосоо даарах, бага насныхан орондоо шээх, багш нар уух усаа багасгах нь хөдөөд энгийн үзэгдэл болсон. Тиймээс сумын сургуулиудын дотуур байрны нүхэн жорлонг халах ажлыг Засгийн газраас эхлүүлсэн. Тодорхой хэлбэл, Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халах зорилт тавьсан. Улмаар 2024 оныг дуустал 18 аймагт 850 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин ариун цэврийн байгууламжаар хангахаар болсон.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөг гаргаж, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байруудын нүхэн жорлонг халах, орчин үеийн ариун цэврийн байгууламж барих ажлыг санхүүжүүлж буй. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн болон халуун усны өрөөтэй болгох төслийг анхлан санаачилж хэрэгжүүлсэн. Эл утгаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дээрх зорилтын хэрэгжилтэд тэрбээр хяналт тавьж ажилладаг. Б.Баярсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Архангай, Завхан аймагт ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы эхний очсон газар нь Архангай аймгийн Хотонт сум байв. Тус сумын сургуулийн дотуур байрыг эл төсөлд хамруулсан. Өөрөөр хэлбэл, сургуулийн дотуур байрныхан хананаасаа ус авч, халуун усанд орох, шөнө оройн сэрүүнд гарч гүйхгүй, дотроо бие засах, нөхцөлийг бүрдүүлсэн байх учиртай. Хотонт сумд төслийг хэрэгжилт хэр байгааг ажлын хэсгийнхэн газар дээр нь үзэж сонирхлоо. Сургуулийн дотуур байрыг харьцангуй сүүлд буюу 2011 онд барьж ашиглалтад оруулжээ. Тиймээс анхнаас нь дотроо ариун цэврийн байгууламжтай хийсэн. Харин 2022 онд “Гега тера тех” компанийнхан зураг төсөлгүйгээр сургуулийн дотуур байрны инженерийн шугам сүлжээ, холбох гаднах ажлыг гүйцэтгэсэн гэнэ. Гэхдээ бодит байдалд тус компанийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, дээр нь хуучин суултуур, зарим эд анги нь эвдэрчихсэн, шүршүүрийн өрөө холигчгүй, хөшиггүй байлаа. Мөн ихэнх OO-ын хаалга түгжээгүй, скочоор торгоосон маягтай, эвдэрч салсанаас гадна цэвэрлэгээ арчилгааны хувьд “гахай” гэсэн үнэлгээ өгөхөөр байсан юм.
Б.Баярсайхан гишүүн сумын дотуур байрны ариун цэврийн байгууламжиийн нөхцөл байдалтай танилцсаны дараа “Ерөнхий сайд бүх аймгийн Засаг дарга нарт сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэх удирдамж гаргаж, хүргүүлсэн. Үүний дагуу та бүхэн болж бүтэхгүй байгаа асуудлаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт хандаж, шаардах ёстой. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаад, “Эрдэнэт” үйлдвэр үйлдвэр 100 тэрбум төгрөг гаргаад бусад аймаг, сумдын сургууль, дотуур байрууд ариун цэврийн байгууламжаа бариад ашиглалт, үйлчилгээгээ сайн хариуцаад явж байна. Та бүхэн асуудлаа нээлттэй ярьж хэлээрэй. УИХ-д Хотонт сумын дотуур байрны ариун цэврийн байгууламж хэвийн, хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч байгаа гэж мэдээлсэн ч бодит байдалд хангалтгүй байна. Ядаж ашигладаггүй “ОО”-ын өрөөгөө шил толь шиг гялалзуулаад цэвэрлээд байж болдоггүй юм уу. Ширхэг хадаас аваад дэгээ гаргаад түгжээ хийж болсонгүй юу” хэмээсэн. Улмаар долоо хоногийн дараа ахин ирж, танилцана. Тулгамдсан асуудлаа шийдээд хүүхдүүдэд ариун цэврийн өрөөг байнгын ажиллагаатай болгож өг. Шүршүүрээ хэвийн ажиллагаатай болго гэх зэрэг үүрэг өгсөн юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, инженер Б.Амарзаяа багтсан. Тэрбээр төслийн хүрээнд ариун цэврийн байгууламж барьсан компанитай утсаар ярьж, Барилгын хөгжлийн төв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрынхан болон захиалагчийн хяналт тавьж буй хүмүүстэй уулзаж арга зүйн зөвлөгөө өгсөн юм.