Цахим орчноос мэдээлэл авахыг чухалчилдаг болсон шинэ үеийнхний оюуны боловсролыг сайжруулахад номын сан чухал үүрэгтэй. Гэтэл Сүхбаатар дүүргийн VII хорооны нутагт 2014 оноос барьж эхлээд, 2021-2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Үндэсний номын сангийн барилгын ажил одоо болтол дуусаагүй л байна. Коронавируст халдвараас болж гүйцэтгэгч компанийн захирал өөд болж, улмаар ажил бүрэн зогссон гэх мэдээллийг тус дүүргийн оршин суугч, барилгын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтнууд хэлсэн юм. Уг нь барилгын ажлын явц 80-90 хувьд хүрсэн ч гадна фасадыг нь бүрэн хийгээгүй, хаалга, цонхгүй эл барилгыг яг хэзээ ашиглалтад оруулах нь өдий хүртэл тодорхойгүй. Ямартай ч Соёлын яамнаас энэ сарын 15-нд тендер дахин зарласан байна. Үндэсний номын сангаа шинэ барилгатай болгож чадалгүй олон жилээр “царцааж” байгаа Соёлын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийнхэнтэй холбогдоход “Хэвлэлд мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.
Өсвөр үеийнхэн, оюутан залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатар хотод хуруу дарам цөөн. Ийм газруудын тоог нэгээр нэмэх боломжтой Үндэсний номын сангийн барилгыг бараг есөн жил “царцааж” байгаа нь манай улсын номын сангийн хөгжил, монголчуудын номд хандах хандлагыг төвөггүй тодорхойлно. Тэгвэл номын сангууд өдгөө хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.
ЦААСАН НОМ УНШИХ НЬ 30 ХУВИАР БУУРСАН ГЭНЭ
МУИС-ийн номын санг 2017 онд ашиглалтад оруулснаар номын сангийн хөгжлийг нэг шат ахиулсан гэхэд болно. 700 суудалтай энэхүү номын сан нь нийтийнх биш учраас зөвхөн МУИС-ийн оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилдэг. Жишиг гэж тодотгож болох элномын сан хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сонирхлоо. “Тогтмол хэвлэлийн”, “Нийгэм хүмүүнлэгийн ухааны”, “Байгалийн ухааны”, “Магистр, докторын” уншлагын танхимд оюутнууд хичээлээ хийхэд үнэхээр тав тухтай, тохилог. “Анх оюутан болоод номын санд суухад нойр их хүрдэг байсан. Харин одоо номын санд суугаад хичээлээ хийхэд илүү төвлөрдөг, гэрт хийснээс хамаагүй үр дүнтэй байдаг болсон” гэж тус сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Б.Түвшинбилэг ярьсан юм.
МУИС-ийн номын сан нь зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан бүтээлүүдээр цахим сангаа бүрдүүлжээ. Түүнчлэн зөвхөн МУИС-ийнхан бус, СУИС, ХААИС, ШУТИС зэрэг төрийнөмчитзургаан сургуулийн оюутнууд хамтын ажиллагааны хүрээнд эл номын санд суух боломжтой юмбилээ. Номуудыг нь МУИС-ийн сургалтын хөтөлбөрт тулгуурлан бүрдүүлдэг байна. Ингэхдээ ямар ном авахаа багш нарынхаа саналд тулгуурлан шийддэг гэнэ. “Манай сургуулийн цахим номын тоо 10 000-д хүрсэн. Магистр, докторын уншлагын танхим л ачаалал багатай. Оюутнууд хөлөө жийгээд суучихсан л хичээлээ давтдаг юм. Цар тахлын үеийн хоёр жилийн хугацаанд багш нар цахимаар хичээл заах, оюутнууд цахим ном унших дадал суусан. Үүнтэй холбоотойгоор цаасан ном унших оюутны тоо 30 хувиар буураад байна” гэж тус номын сангийн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нарантуяа өгүүлэв.
СЭТГЭЛД ДОТНО БАРИЛГА
Олон хүний оюутан цагийн дурсамжийг бүтээсэн Үндэсний номын сангийн барилга хуучирч элэгдсэн ч цаанаа л дотно мэдрэмж төрүүлдэг. Ном, хэвлэл унших гэж орсон уншигчдад байшин барилгын элэгдэж хуучирсан нь хамаагүй гээд орхиж бас боломгүй. Иргэдийг соён гэгээрүүлэх үүргээ олон жил гүйцэтгэсээр ирсэн тус номын сангийн ажилтнууд шинэ барилгаа хүлээсээр байгаа гэнэ. Үндэсний гэх тодотголтой номын сангаа дээр дурдсан МУИС-ийнх шиг болгох боломж уг нь бий. Даанч үе үеийн эрх баригчид нийтийн номын санг үл ойшоож, залуус, өсвөр үеийнхэнд чиглэсэн бүхэнд анхаардаггүйн тод илрэл өмнө дурдсан шинэ барилга нь юм.
1951 онд барьсан Үндэсний номын сангийн одоогийн гурван давхар барилга олон үйл явдлын гэрч болсоор буй. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт биднийг очиход ЮНЕСКО-гоос тунхагласан Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “ХХ зууны монгол найраглалын үнэт зүйл-Д.Пүрэвдоржийн уран бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байлаа. Хуралд олон хүн оролцож, хөл хөдөлгөөн ихтэй байсан ч нийтийн уншлагын танхим нь чимээ аниргүй, хүмүүс дор бүрнээ номоо уншсаар байв.
НИЙТ САН ХӨМРӨГИЙНХӨӨ 80 ХУВИЙГ ЭЛЕКТРОН КАТАЛОГТ ОРУУЛЖЭЭ
Үндсэн зургаан сан хөмрөгтэй, уншлагын, төрөлжсөн гээд нийт таван танхимтай, жилд 4800 орчим байнгын уншигчтай Үндэсний номын сангаар голчлон оюутнууд үйлчлүүлдэг. Тус номын сан нь гэрээр ном олгохгүй, зөвхөн уншлагын танхимаараа үйлчилдэг аж. “Үндэсний номын сангийн чиг үүргийн дагуу уншлагын танхимууд ажиллаж байна. Манайх бусад улсын Үндэсний номын санг бодвол харьцангуй цөөн буюу 3.5 сая орчим номтой. Монгол Улсад нийт 6.2 сая гаруй ном бий. Үүнээс 3.5 сая нь манайд байгаа нь улсдаа хамгийн том сан хөмрөгтэйд тооцогддог. Нийтийн уншлагын танхим 100 хүний суудалтай ч өдөрт давхардсан тоогоор 80-150 хүн үйлчлүүлдэг. Нийт номын 1.5 сая орчмыг нь электрон каталогт оруулсан. Нийтэд үйлчилдэг “Коха” систем буюу электрон каталогийн программыг 2016 оноос нэвтрүүлээдбайгаа. Нийт сан хөмрөгийнхөө 80 хувийг электрон каталогт оруулснаар иргэд номын санд ирэхгүйгээр номоо шүүж, судалгааны материал, өөрийнхөө сонирхсон номыг хайх боломжтой. Программ хөгжүүлэлтийн “Ай Си Ти групп” компанитай хамтран төсөл хэрэгжүүлж, 2022-2023 онд улсын хэмжээний номын сангийн цахим нэгдсэн системийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Номын сангийн ханагүй үйлчилгээ буюу орон зай, цагийн хамааралгүй үйлчлэх боломжийг нээх хэд хэдэн зорилт дэвшүүлсэн” гэж энд 27 дахь жилдээ ажиллаж буй ерөнхий номын санч Т.Баярлах ярьсан юм.
Ном уншингаа эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагааг сонирхож буй 71 настай иргэн Ш.Лувсандорж “Бидний багад ном ертөнцийг харах цонх гэж сургадаг байлаа. Ном уншсанаар хүнтэй зөв цэгцтэй ярих, хүний төдийгүй өөрийнхөө сайн, муу талыг мэдэх шидтэй. Би зураг хөдөлмөрийн багш хэдий ч уран зохиолын ном хорхойсон уншдаг байлаа. Харин одоо шинэ гарсан зохиол бүтээлийг байнга тэтгэврийн мөнгөөрөө худалдаж авч чадахгүй болохоор Төв номын сандаа ирж л уншиж байна” гэлээ.
Номын сан хэдэн номтой байхаас илүү хэр хүртээмжтэй үйлчлэх л чухал гэдгийг тус байгууллагынхан хэлж байна. Мөн номын сан судлаач, чиглүүлэгч байх ёстойг чонцолсон. Түүнчлэн шинэ барилгаа ашиглалтад оруулчихвал төрөлжсөн 16 танхимтай болохын зэрэгцээ хүүхэд харах үйлчилгээтэй, ер нь бүх насныханд үйлчлэх боломжтой зэрэголон давуу тал бий болохыгтэд дурдсан. Үндэсний номын сангийн чиг үүрэг нь үндэсний бичиг үсгийн соёл, оюуны бүтээлийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, түүгээр үйлчлэх, уншигчдын оюуны хэрэгцээг хангах юм. Тэд ч энэ үүргээ биелүүлсээр байна. Бас техник, технологийн хөгжлөөс хоцрохгүйн тулд үйлчилгээгээ аль болох цахим хэлбэрт шилжүүлж, олон нийтэд илүү ойртуулахыг хичээж байгаа нь харагдлаа.
Хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэхэд, түүнийгхүндлэхэд номын сангийн орчин чухал үүрэгтэй. Тиймээс нийтийн номын сангаа өөд нь татах, шинэ барилгыг ньяаралтай ашиглалтад оруулахыг цаг үе шаардаж байна. Номын үнэ цэнийг зохиогч, худалдан авагч бус, номын сан л хадгалж, нийтэд түгээдэг шүүдээ.
Бэлтгэсэн: Ю.Төгсжаргал