Жаргалант хайрхны хормойд, Хар-Ус нуурын эргээр алхаж буй иргэд
Холын нутаг Ховд аймгийг зорьж, мөсний баяр үзлээ. Улаанбаатар хотоос 1500 км-ийн зайд орших Хар-Ус нуурт хоёр жилд нэг удаа “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр зохион байгуулдаг. Нутгийн малчид унаган байгалиа хамгаалахын тулд анх зохиосон эл баярыг ес дэх удаагаа тэмдэглэсэн нь энэ юм. Энэ жилийн мөсний баярын сайшаалтай зүйл нь нуурын мөсөн дээр нэг ч автомашин гаргаагүй нь байлаа. Тодруулбал, нуурын гол хэсэг рүү алхаж очоод наадаж болдгийг харуулсан сайн жишээ бөгөөд байгальд ч ээлтэй шийдэл болов. “Олон жил шүүмжлэл дагуулж буй “Хөх сувд”-ыг ч автомашингүй зохион байгуулбал сайн сан” гэх бодол тэр үед зурсхийсэн. Үлгэрийн юм шиг өндөр уулсын оройг зүсэн нүүдэллэх үүлсийн дор Хар-Ус нуурын шагшуурга намилзах нь үзэсгэлэнтэй. Өвөл ийм гоёхон харагддаг нутгийн зун, намар, хавар ямархан гоо бол гэсэн бодол ч төрнө. Ховдод айл бүр элгэмсэг, дотноор хүлээж авсан нь монгол түмний зочломтгой занг ч илтгэж байв.
Монголын баруун хязгаарт алслагдсан Ховд нутагт 13 ястан аж төрдөг. Өв соёлоо устахаас хамгаалж буй Алтайн урианхай, дөрвөд, захчин, казах, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, тува ястны идэвх зүтгэл, сэтгэл “Мөнгөлөг шагшуурга”-ыг Хөвсгөлийн мөсний баяраас онцгойруулсан. Бусдаар бол амрах байр, хооллох, бие засах газрын асуудал нь яг адил. Гадаадын жуулчид битгий хэл, дотоодын иргэд үргэмээр. Үндсэндээ манай улсын аялал жуулчлалын “шүдний өвчин” байсаар л буй нь “Мөнгөлөг шагшуурга”-аас харагдсан.
“Мөсөн сур”-ын тэмцээний тамирчид
Тус баяр хоёр өдөр үргэлжиллээ. Хөтөлбөрт нь “Мөсөн сур харваа”, “Тэмээний уралдаан”, “Олон угсаатны өвлийн гоёл” зэрэг тэмцээн багтсан ч хаана, хэдэн цагт эхэлж, дуусах, хэн түрүүлсэн зэрэг нь ойлгомжгүй, замбараагүй байлаа. Тухайлбал, хөтөлбөрөөс загварын шоуг онцолж, товлосон цагт нь очтол эхэлсэнгүй. Хүлээж хүлээж, арай гэж эхэллээ гэтэл оролцогчид аль сумаас ирсэн, ямар онцлогтой дээл, гоёл өмссөн зэргийг тайлбарлах хүн олдсонгүй. Мөн загвар өмсөгчдийн тайзан дээр гарч зогсох, буцаж орох хугацаа урт байсан тул үзэх сонир хол буурч, тайзны зүүн урд бужигнах олныг зорилоо. Тэнд сээр цохих тэмцээн болж байв. Энэ удаад чхэн, хаанаас гарч ирээд, сээр цохиод байгаа нь мэдэгдэхгүй, тэмцээний ялагчаа хэрхэн тодруулах нь ойлгомжгүй болоод явчихлаа. Ядаж л тэмцээний дундуур сээр цохих ёсны талаар тайлбарлавал сонирхож үзэх сэн. Хөтөлбөрийг дахин харвал “Адуучин” тэмцээн болж буй гэнэ. Мэдээж адуун дээрээс юм шүүрэх нь жуулчдад содон санагдана. Харамсалтай нь, тэмцээн болох газрыг хайгаад олсонгүй. Эргэн тойронд эмх замбараагүй. Том талбайд, 20 мянга гаруй хүн оролцож буй баяр учир төөрч, будилах нь аргагүй. Тиймээсжуулчдад заавар, зөвлөгөө өгөх хөтчүүд ажиллуулсан бол дэмтэй байв. “Зохион байгуулагч” гэх мандат зүүсэн, гоёмсог дээлтэй хүмүүсээс мэдээлэл авахыг хүссэн ч хариулт олдсонгүй. Хатуухан хэлэхэд, байгалийн үзэсгэлэн, нутгийн айлуудын зочломтгой зангаас бусдаар зохион байгуулалт муутай, замбараагүй зүйл олон байлаа.
Нуурын эрэг дагуу байршуулсан эко жорлонгуудын талаар яриад ч хэрэггүй. Ихэнх хүн тийшээ орохоос цааргалж, баяр болж буй талбайгаас холдон, “морь харах”-ыг илүүд үзэж буй нь ажиглагдсан. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэг өдөр бүтдэг зүйл биш. Үүнийг жил бүр тогтмол хийж, үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Бид жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг зохион байгуулна” гэв. Жил бүр тогтмол зохион байгуулахдаа дээрх эмх замбараагүй байдлыг бага багаар засаж, сайжруулбал илүү олон жуулчныг татах боломжтой санагдсан.
Нутгийн иргэд тэмээтэй иржээ.
Ховд бол 13 ястны зан заншил сүлэлдсэн газар билээ. Устаж үгүй болохдоо тулсан өв соёлоо сурталчлахаар ирсэн 13 ястны барьсан, тус бүрийнхээ онцлогийг харуулсан гэрүүд “Мөнгөлөг шагшуурга”-ыг аварсан гол зүйл болов. Хоймортоо идээ засаж, гэрийн хоёр талаар эмээл, хөхүүр, хувцас, хэрэглэл дэлгэж, тулганд галаа асаасан нь хараа булаалаа. Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн өндөр настан н.Бадамхорлоо “Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн зүймэл, эко урлал зэрэг ахуйн соёл устаж, үгүй болохдоо тулсан учраас эмээ нь хэдэн мянган бээрийг туулж, захчин түмний өв уламжлалаа танилцуулахаар энд ирлээ. Гэрт зочилсон жуулчдад соёл заншлаа танилцуулан зогсоход сэтгэл минь дулаацаж байна” хэмээн дотрыг нь хонины арьсаар бүрж, гадрыг нь олон даавууны өөдсөөр урласан зүймэл хөнжлөө тас атгав. Торгууд угсаатны гэрээр орвол “Жангар” туулийн хэсгээс хайлж үзүүллээ. Өнөөгийн залуусын олонх нь үлгэр домгоос сонссон товшуур хөгжмөөр тууль хайлахыг тэнд бодитоор сонордов. Эелдэг дотноор угтаж, гүрмэл, жимсний чанамал зэргээр дайлсан торгууд түмэн биднийг инээмсэглэн үдлээ.
Дараалж барьсан 13 гэрээр аялбал энэ мэтээр зөвхөн номоос уншиж, киноноос үзсэн өв соёл, зан заншлаа бодитоор харах болно. Мөн бидний өв соёл хэрхэн “ганхаж” байгааг ч ухаарах болов уу. Үр тариагаа хуурахаас авхуулаад, тоглоом наадгай, олон ястны дээл, хувцас зэрэг сонирхол татмаар, дуусаж, дундаршгүй соёлын биет болон биет бус өвийг олж харж байснаа эрхгүй онцолмоор санагдсан.
Энэ жилийн мөсний баярт 20 мянган иргэн оролцжээ. Ингэхдээ нуурын мөсөн дээр нэг ч автомашин гаргаагүй.