Үндэсний өв соёл, уламжлалыг судлан, ахуй байдал, зан заншлын талаарх мэдээллийг гэрэл зурагт буулган мөнхлөх зорилготой “Эгэл” төслийнхөн хуучнаар Далай Чойнхор вангийн хошуунд ажиллажээ. Энэ нь эдүгээ Архангайн Тариат, Цахир, Хангай, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумын нутаг. Тэнд монголчуудын уламжлалт үйчүүр хэмээх тоглоомыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тус төслийнхөн зохион байгуулсан байна. Үүний хүрээнд “Балжиннямын Баярсайхан” сангийн дэмжлэгтэйгээр сургалт, нөлөөллийн арга хэмжээ явуулжээ.
Үйчүүр гэдэг нь хөзрийн хамгийн эртний хэлбэр ажээ. Өөрөөр хэлбэл, монголчууд эрт үедээ хөзөртэй төстэй тоглоомоор нааддаг байсан нь дээрх нутгуудад одоо ч хадгалагдан үлдсэн гэнэ. Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, үнэг, нохой зэрэг амьтныг дүрсэлсэн байх бөгөөд эдгээрийг танин мэдүүлэх ач холбогдолтой. Уг наадгайгаар тэгш тоогоор талцан тоглодог байна. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Тухайлбал, дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арсланг авах бөгөөд тэр нь 64 лантай тэнцдэг. Энэ нь тэмцээний хамгийн өндөр оноо юм байна. Хоёр нүхтэй шоо буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан аж. Тоглоом дуусахад хожсон амьтдад харгалзах тоог гаргаж, лангийн хэмжээг тогтоон, дүнгээ тооцдог байна. Мэдээж их дүнтэй нь хожно.
Үйчүүрээр наадсанаар багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадвар эзэмшдэг гэнэ. Нөгөөтээгүүр, ардын уламжлалт уг наадгайгаа илүү олон хүнд таниулах, өвлүүлэн үлдээх нь чухал байгааг дээрх төслийнхөн онцоллоо.