Улсын хоёрдугаар төв эмнэлгийн MRI аппарат нь эвдрээд удаж байгаагийн улмаас сувилагч нар нь сэхээний өвчтөнөө хувийн эмнэлэг рүү зөөж байна гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл тус эмнэлгийн зүгээс MRI буюу соронзон үелзүүрт оношилгооны аппарат хэвийн ажиллаж байгаа талаар тайлбар мэдэгдэл хийлээ.
"Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн MRI, CT оношилгооны аппаратууд ажиллахгүй байгаа талаар цахим орчинд ташаа мэдээлэл нийтлэгдээд байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн MRI буюу соронзон үелзүүрт оношилгооны аппарат хэвийн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Харин 128 зүслэгт компьютерт томографийн (СТ) аппаратад гэмтэл гарч, шалтгааныг тогтоосон бөгөөд шаардлагатай сэлбэгийг захиалга хийгдэн засварын ажил үргэлжилж байна. Дээрх бүх засварын үйл ажиллагаа 1 сар орчим өнгөрч буй бөгөөд энэ хугацаанд бид нэн шаардлагатай тохиолдлуудаа ойр байрлалтай зарим эмнэлгүүдэд компьютерт томографийн оношилгоо хийлгэхээр албан бичгээр тохирч эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа болно. Манай эмнэлэг үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлэхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд засвартай байгаа компьютерт томографийн аппаратаас үүдэн үйлчлүүлж буй иргэдэд болон нийгэмд ташаа ойлолтыг төрүүлж хүндрэл учруулсанд хүлцэл хүсье" хэмээв.