ХНХЯ нь оршин суух зөвшөөрөлтэй “Ур чадвартай ажилтан”-ы тухай хамтын ажиллагааны санамж бичгийг Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, халамж, хөдөлмөрийн яам болон Цагдаагийн ерөнхий газартай 2019 оны 04 дүгээр сард байгуулсан. Уг санамж бичгийн дагуу зохих шаардлагыг хангасан ур чадвартай ажилтан илгээх ажлыг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Уулзалтын үеэр хоёр тал санамж бичгийн хэрэгжилтийн явц, ажилтан илгээх болон хүлээн авах асуудлыг цахимжуулах боломж болон цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлаар харилцан мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо. Цар тахлын улмаас сүүлийн үед ажилтан илгээх үйл явц удааширсныг хоёр тал цохон тэмдэглэж, цаашид эрчимжүүлэх чиглэлээр идэвхийлэн ажиллахаа харилцан илэрхийлэв.Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Япон Улс дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний төв болон Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, халамж, хөдөлмөрийн яам, Хөдөө аж, ахуй, ой болон загасчлалын яам болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.