
Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ өчигдөр 3.91 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь түүхэн дээд түвшин нь юм. Үүнд АПУ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.9 хувиар дээшилж, нэгж нь 922.7 төгрөгтэй тэнцсэн нь нөлөөллөө. Улмаар тус компанийн зах зээлийн үнэлгээ өчигдөр 980.8 тэрбум төгрөгт хүрчээ. АПУ компани нь дээрх үнэлгээний хэмжээгээр Монголын хөрөнгийн биржид тэргүүлдэг юм. Ногдол ашиг тогтмол тараах бодлого баримталж буй нь тус компанийн зах зээлийн үнэлгээ, нэр хүндэд эергээр нөлөөлж буй агаад сүүлийн нэг сарын хугацаанд хувьцааных нь ханш тасралтгүй өссөн гэхэд болно. Тодруулбал, нэг сарын өмнө нэгж үнэт цаасных нь ханш 700 орчим төгрөг байснаа өдгөө дээр дурдсанчлан 922-т хүрээд байна. Сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш өссөнөөр зах зээлийн нийт үнэлгээ 3.86 орчим их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байв.