Хятадын Шинжаан Уйгарт байдаг “хүмүүжлийн” хуаранд гардаг байнгын хүчирхийлэл, эрүү шүүлтийн талаар ярьсан дүрвэгсэдийг Хятадын эрх баригчид заналхийлж, дарамтлах нь хэрээс хэтэрчээ. Энэ тухай Шинжаан Уйгараас дүрвэсэн хүмүүс BBC агентлагт ярьжээ. Тэд сүүлийн хоёр долоо хоногт байнгын заналхийлэл, дарамтад байж, өөрсдийнх нь тухай худал хуурмаг мэдээлэл тарааж байгаа талаар ярьсан байна. Дүрвэгсдийн үгээр бол иймэрхүү аргаар эх оронд нь хүний эрх зөрчигдөж байгаа талаар тэднийг дуугүй байлгахыг оролдож байгаа аж. Иймэрхүү айлган сүрдүүлэх аргын тухай мэдээлэл өмнө нь ч гарч байсан. Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногт эл дарамт илүү түрэмгий хэлбэрт ороод байгаа аж. Энэ нь Шинжаанд хүний эрх зөрчигдөж буйг дэлхий нийтээр буруушаах явдал улам бүр эрчимжиж байгаатай холбоотой байх магадлалтай гэж Уйгарын идэвхтнүүд үзэж байна.
Кельбинур Седик гэдэг уйгар бүсгүй Нидерланд улс руу дүрвэжээ. Тэрээр цагаачдад зориулсан түр амьдрах байранд Африкаас ирсэн хэд хэдэн дүрвэгсдийн хамт амьдардаг аж. Нэг өглөө цайгаа бэлдэж байхад гар утас нь дуугарсан байна. Дэлгэц дээр түүний эгчийн нэр гарч ирэхэд Седик өөрийн эрхгүй сандарсан аж. Тэрээр Хятадад амьдардаг эгчтэйгээ болон гэр бүлийн бусад гишүүдтэйгээ олон сар холбоо бариагүй байж. Эл дуудлага хийхээс хоёр долоо хоногийн өмнө тэрээр өөр гурван эмэгтэйн хамт Шинжаан Уйгарт мусульманчуудад зориулсан "дахин боловсрол олгох" хуаранд болдог хүчирхийлэл, эрүү шүүлтийн талаар хэвлэлд ярьсан байв. Кельбинур эл хуаранд хятад хэлний багшаар ажилладаг байжээ. Тэрээр эгчийнхээ видео дуудлагад хариултал дэлгэцэд эгчийнх нь оронд төрөлх хотынх нь цагдаагийн төлөөлөгч гарч ирэв. "За, Кэлбинур, юу хийж байна даа ? Хэнтэй хамт байгаа юм" гэж цагдаа ёжтой инээмсэглэн асуулаа. Цагдаагийн эл ажилтан өмнө нь Кельбинур руу эгчийнх нь утаснаас залгаж байжээ. Харин бүсгүй энэ удаа шууд скриншот хийв. Харилцуурын цаанаас товшлуур дарахыг сонссон цагдаа гялс дүрэмт хувцасныхаа хүрмийг тайлаад энгийн цамцтайгаа үлдсэн байна. Кельбинур түүний зургийг дахин нэг даржээ. Цагдаагийн ажилтан түүнд "Танай гэр бүл, хамаатан садан бүгд бидэнтэй хамт байгаа гэдгийг битгий мартаарай. Энэ талаар сайн бодож үзээрэй" гэжээ. Үүнийгээ цагдаа хэд дахин давтан хэлснийхээ дараа “Чи гадаадад удаан хугацаанд амьдарлаа. Олон найз нөхөдтэй болоо биз. Тэднийхээ нэрийг хэлэхгүй юм уу” гэхэд Кельбинур эрс татгалзжээ. Цагдаагийн офицер утсыг эгчид нь дамжуулахад Кельбинурыг эгч “амаа хамхи” гээд дүүгээ загнаж зүхсэн байна. Кельбинур сэтгэлээ барьж дийлэлгүй уйлж эхлэхэд цагдаагийн ажилтан түүнийг Нидерланд дахь БНХАУ-ын элчин сайдын яам руу очихыг шаардсан байна. Яамны ажилтнууд түүнийг эх оронд нь аюулгүй буцаана гэжээ.
Шинжаанаас оргосон хүмүүсийн ихэнх нь ижил төстэй видео дуудлага хүлээн авсан байна. Тэдний Шинжаан дахь гэрээс, хамаатан саднаас, эсвэл цагдаагийн газарт дуудагдсан гэр бүлийн гишүүний утаснаас дуудлага ирдэг байна. Зарим дуудлага гэр бүлийнхээ сайн сайхны талаар бодохыг илэн далангүй зөвлөж байхад зарим нь гэр бүлийнхнийг нь баривчилж, шийтгэнэ гэж шууд заналхийлж байгаа аж. АНУ, Их Британи, Австрали, Норвеги, Нидерланд, Финланд, Герман, Туркт амьдардаг Шинжаан Уйгарын маш олон дүрвэгсэд WatsApp, WeChat эсвэл Facebook-ээр авсан заналхийллийн тухай скриншотуудыг BBC-д илгээжээ. Дуудлага авсан хүн бүр тэдний гэр бүлийн гишүүдийг Шинжаан мужийн цагдаа, аюулгүй байдлын ажилтнууд саатуулж, сүрдүүлсэн гэжээ.
НҮБ-ын гаргасан тооцоогоор Шинжаан дахь хуарандгуудад нэг сая гаруй уйгур болон бусад мусульманчууд “хүмүүжигдэж” байгаа аж. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятадын засгийн газрыг албадан хөдөлмөр эрхлэлт, албадан ариутгал (үргүй болгох), эрүү шүүлт, хүчирхийлэл, аймаглан устгасан хэрэгт буруутгаж байгаа юм. Хятад улс энэ бүгдийг няцааж байгаа бөгөөд одоо байгаа хуарангууд нь терроризмтай тэмцэх зорилготой "дахин боловсрол олгох төвүүд" юм гэжээ. Сүүлийн үед Хятадын эрх баригчид Шинжаанд байдаг хуарангуудад бэлгийн хүчирхийлэл үйлдэгддэг тухай мэдээлсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн өмнө гутаан доромжлох болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин, Шинжаан мужийн албан тушаалтан Сюй Гүйсян нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийн, хүчирхийллийн тухай гомдол гаргаж буй эмэгтэйчүүдийн гэрэл зургийг үзүүлээд, тэднийг "ёс суртахууны хувьд доройтсон , худалч, хууран мэхлэгчдээр нь” дууджээ. Телевизийн сувгуудаар дүрвэгч эмэгтэйчүүдийг гүтгэн доромжилсон дүрс бичлэгүүд ихээр цацагдах болсон байна. Нэг бичлэгээр дүрвэгч эмэгтэйчүүдийн нэгнийх нь экс нөхөр эхнэрийгээ "ёс суртахууны хувьд ялзарсан гичий" гэжээ. Нэгэн дүрвэгч эмэгтэй өөрт нь жирэмслэлтийн эсрэг ерөндөг хүчээр суулгасан талаар ярьсныг Ван Вэньбин “худал зүй” хэмээн эсэргүүцжээ. Түүний мэдэгдсэнээр хуарангаар дамжин гарсан эмэгтэйчүүд харгис хэрцгий хүчирхийллийн улмаас бус харин бэлгийн замын өвчнөөс болж үргүйдэлд хүрсэн гээд тухайн эмэгтэйн хувийн эрүүл мэндийн карт гэгчийг үзүүлжээ.
Турсунай Зиявудун гэдэг уйгур бүсгүй есөн сар Шинжаан дахь хуарангуудын нэгэнд өнгөрөөсөн аж. Хуранд түүнийг бусад хоригдлуудын хамт байнга зодож, хүчирхийлж, цахилгаан г үйдлээр тамлаж байсан тухай бүсгүй ярьсан байна. Тэрбээр дээрх хэвлэлийн бага хурал дээр гутаан доромжлогдсон эмэгтэйчүүдийн нэг аж. Турсунай АНУ-д амьдардаг бөгөөд тус хурлыг телевизээр хараад маш их харамссан байна. Эрх баригчид түүний гэр бүлийн гишүүдийн нэрсийг дурдаагүйд залбирах л үлдсэн гэнэ.
АНУ-д төвтэй Уйгарын хүний эрхийн төслийн тайланд дурдсанаар Хятадад хүмүүсийг цаасан дээр бичсэн зүйлийг уншин камерт ярихыг албадсан 22 бичлэг хийсэн байна . Ихэнх тохиолдолд ийм бичлэгт Шинжаанаас оргосон хүмүүсийн хамаатан садан, гэр бүлийнхэн нь тэднийг хулгай, хууран мэхэлсэн хэрэгт буруутгажээ. Их Британид амьдардаг Шинжааны дүрвэгч Азиз Иса Элкун олон жилийн турш эгч, хөгшин ээжтэйгээ холбоо барьж чадаагүй байна. Гэтэл саяхан тэднийгээ Хятадын төрийн сувгийн нэгэн нэвтрүүлгээс харжээ. Тэд Элкунийг “худалч, гэр бүлийн шившиг” гэжээ. Шинжаан мужийн уйгарын оршуулгын газрыг устгахыг эсэргүүцсэн Элкун эрх баригчдын таалалд нийцээгүй аж. Тэр оршуулгын газарт эцгийнх нь булш байдаг тул Элкун дуугүй байж чадаагүй байна. "Тэднийг цаасан дээр бичсэн зүйлийг хэлэхээс өөр аргагүй байдалд оруулсан нь илт харагдаж байсан. Гэхдээ л хөгшин ээжийгээ Хятадын суртал ухуулгын бичлэг дээрээс харахад сэтгэл маш их эмзэглэсэн" гэж Элкун ярьжээ.
Үүнээс гадна дүрвэгсдийн мэдээлж буйгаар тэднийг Хятадын эрх баригчид бусад уйгаруудыг эсвэл байгууллагыг тагнахыг албаддаг гэнэ. Хариуд нь гэр бүлтэйгээ холбоо барих, хамаатан садных нь аюулгүй байдлын баталгаа эсвэл Хятадын виз, паспорттай болох боломжийг тэдэнд санал болгодог байна. Нэрээ нууцлахыг хүссэн Уйгар гаралтай Их Британийн иргэн Хятадын аюулгүй байдлын албаныхан түүнийг бусад уйгаруудыг тагнах, “Эмнести Интернэшнл”-д сайн дурын ажил хийнгээ тус байгууллагыг тагнахыг тулгасан гэж мэдэгджээ. Түүнийг татгалзсаны дараа ах нь байнга залгаж, бодлоо өөрчлөхийг гуйх болжээ. Шинжаанаас Туркт суралцахаар явсан Жевлан Ширмэммет эх оронд нь түүний гэр бүлийг бүгдийг нь баривчилсны дараа болсон утасны ярианы бичлэгийг ВВС-д өгчээ. Бичлэгт өөрийгөө Анкара дахь Хятадын Элчин сайдын яамны ажилтан гэсэн хүн Жевланаас "эх орноосоо явсныхаа дараа холбоо барьсан бүх хүний нэрсийг өгөхийг” шаарджээ. Шаардлагыг биелүүлсэн тохиолдолд гэр бүлийнхнийх нь нөхцөл байдлыг эргэн харах боломжтой" гэсэн байна. Ийм тулгалт, дарамтыг давах хүч хүн бүрт олддоггүй. "Намайг үгүй гэж хэлэхэд тэд миний дүү, эгчийг надтай яриулж зөвшөөрөхийг хэлүүлдэг. Тэгээд дараа нь хуаранд албадан аваачихад сонголтын талаар ярихад тун хэцүү" гэж Туркэд амьдардаг өөр нэг уйгар оюутан хэлсэн байна. Зарим нь бүх харилцаа холбоогоо таслах замаар өөрсдийгөө хамгаалахыг хичээдэг. "Та утсаа хаяж, SIM картаа сольж болно. Гэтэл Facebook-ээс таныг олчхдог. Та Facebook хуудсаа устгахад, цахим шуудангаар чинь өнөөх дарамт, заналхийлэл ирдэг" гэж Норвегид амьдардаг уйгар хэл судлаач Абдулвели Аюп ярьжээ.
Их Британид амьдардаг Шинжаан Уйгарын дүрвэгсдийг Хятадын эрх баригчид дарамталж байна гэсэн хэвлэлийн мэдээллийг бид анхааралтай ажиглаж байна. Бид энэ асуудлыг Лондон дахь Хятадын Элчин сайдын яаманд шууд тавьса" гэж Их Британийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч ВВС агентлагт ярьжээ. Хятадын ЭСЯ хариуд нь “Нийтлэлд Хятадын засгийн газрыг буруутгасан зүйлүүд үнэнд нийцэхгүй бөгөөд Хятадаас гадна амьдардаг зүүн Туркестаны зарим элементийн хэлсэн үгэнд ВВС ингэж итгэж байгааг харамсалтай " гэж мэдэгдсэн байна.
Шинжаанд хүний эрх зөрчигдөж байна гэх гомдол улам бүр ихсэх авч олон нийтэд ил тод ярих хүн тун цөөхөн. “Дахин боловсрол олгох” хуаранд хэдэн хүн байгааг харгалзан үзвэл үүнийг ойлгож болох. "Сая сая хүмүүс тэр хуаранд алга болсон. Гэвч маш цөөхөн уйгар хүн гэр бүлийнхээ гишүүдийг суллахыг шаардаж байна. Яагаад? Мэдээж хэрэг, тэд айж байна" гэж АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комиссын дарга Нури Туркель хэлсэн байна. АНУ-д амьдардаг Уйгарын нэрт идэвхтэн Фархат Жавзат ээжтэйгээ тогтмол ярьдаг аж. Тэрээр ээжийгээ хуарангаас суллахыг олон нийтийн өмнө ил тод шаарддаг байж. Одоо ээж нь гэрийн хорионд байгаа. Түүний утасны яриаг байнга чагнадаг нь мэдээж. Гэхдээ л ээжийнхээ дууг сонсоод түүнийг амьд эрүүл саруул байгааг мэдэх нь том ололт. Ээжийгээ амьдад нь уулзах магадлал өдөр бүр бүдгэрч байгааг Ферхат мэддэг болохоор тэд утсаар ийнхүү бараг өдөр бүр ярьдаг аж. Тэрээр нэг удаа Хятадын төрийн сувгаар ээж нь “хүүгээсээ (Ферхатаас) ичиж байна” гэсэн сурвалжлага үзжээ. Энэ тухайгаа ээждээ хэлтэл ээж нь хэдхэн хоногийн өмнө зураг авалтад орсон тухайгаа яриад "За тэгээд би ямар харагдаж байна" гэж хошигносон байна. Тэгээд ярианыхаа төгсгөлд “Ээж нь хүүгээрээ бахархдаг шүү” гэж зориглон хэлжээ.