Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ийн дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан бөгөөд хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгчид шийдвэрээ гаргажээ.
Тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэлээ.
Ялын тогтоолд "2002, 2005 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсүгэй. Шүүгдэгч нарт оногдуулсан дөрвөн жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй" хэмээн заажээ.
Өмгөөлөгч Б.Мэргэн "Монголын бүх өмгөөлөгч, хуульчид надтай 100 хувь санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэд гайхна. Төрийн эрхийг хууль бусаар авахаар зохион байгуулсан гэсэн хэрнээ шүүх дээр ирээд өөр гэмт хэрэг буюу сонгуулийг будлиантуулах хэрэг үйлдсэн болоод хувирчихлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар яллах боломж байхгүй. Хэрвээ тэгэж шийдвэл шүүх өөрөө "онигоо" болж дуусна. Тийм болохоор цагаатгах байх гэсэн итгэлтэйгээр зургаан өмгөөлөгч шүүх хуралд оролцсон. Гэтэл өдөржингөө хэлэлцээд шийдвэрээ танилцуулахдаа өөр зүйл ангиар зүйлчлээд ороод ирсэн. Өмгөөлөгчид ч 82.1 дэх заалт биш гэдэг байр суурьнаас өмгөөлсөн ч шүүгчид хэргийг дураараа өөрчиллөө. Учир нь төрийн эрхийг авахыг санаархсан гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан юм. Өмгөөлөгчид давж заалдана" гэлээ.