БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспорт саатсанаас манай улсын төсвийн орлого тасалдах эрсдэл үүсээд буйг эдийн засагчид анхааруулж эхэллээ. Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 74.2 сая болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 23.9 хувиар өссөн, ирэх онд 83 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэйг холбогдох байгууллагынхан өнгөрсөн оны сүүлчээр мэдээлж байв. Гэтэл өнөөдөр нүүрсний экспорт зогсонги байдалтай, “Монголын хөрөнгийн бирж”-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох, үнийн санал ирүүлэх худалдан авагч ч олдохгүй болчхоод байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК энэ он гарснаас хойш 1.9 сая тонн нүүрс арилжжээ. Нэгдүгээр сард 1.2 сая, хоёрдугаар сард 733 мянган тонн нүүрс худалдсан нь 2023 оны есдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Мөн арилжаагүй буюу борлуулж чадаагүй нүүрсний хэмжээ энэ оны эхний хоёр сард 2.3 сая тоннд хүрсэн нь 2023 оноос хойших дээд үзүүлэлт болсон аж. Тодруулбал, нийт арилжихаар төлөвлөсөн нүүрснийхээ 40 хувийг нь л борлуулж чадсан гэсэн үг. Биржээр зарласан сүүлийн өдрүүдийн арилжаа оролцох хүнгүйгээс ээлж дараалан амжилтгүй болсон нь ч цахим системээс харагдаж байна. Нүүрсний экспорт саатсан шалтгааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэс Монгол”-ынхон БНХАУ-ын хил дээрх агуулахууд дүүрсэн, татан авалт удааширсантай холбоотой гэж мэдээлсэн. Тэгвэл Д.Ангар тэргүүтэй эдийн засагчид үүнийг биржээр “үнэ хаялцуулж” нүүрс борлуулж эхэлсэн алдаатай шийдвэрийн уршиг гэлээ.
Өдгөө дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 40 хувиар буурч, 2021 оны түвшинд хүрээд буйг олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Тодруулбал, нэг тонн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 104-106 ам.долларт хүрч буурчээ. Манай улс энэ оны эхний нэг сард өнгөрсөн жилийнхээс нэг саяар илүү буюу 5.2 тонн нүүрс экспортолсон ч үнийн дүн нь 44 хувиар буурчээ. Нүүрсний экспорт саатан, уул уурхайн бүтээгдэхүүний орлого буурснаас шалтгаалан гадаад валютын нөөц шавхагдаж, сүүлийн саруудад тогтвортой байсан ам.долларын ханш ч чангарч эхлэв.
Н.Мишээл