Өсвөр наснаасаа мөнгийг удирдаж сурах нь насан туршийн мэдлэг, чадвар олгох бөгөөд бие даасан, хариуцлагатай хувь хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй юм. Багаасаа мөнгөтэй харилцаж сурсан хүүхэд банканд данстай, карттай болохыг хүсдэг. Монгол Улсын иргэн 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авсан бол банканд данс нээлгэн, карт эзэмшиж, бие даан ашиглах эрх нь үүсдэг аж. Банкны үйлчилгээ авахыг хүсэж байгаа 16 настнууд буюу өсвөр насныханд зориулсан зөвлөмжийг бэлтгэн хүргүүлж байна.
Хэрхэн данстай болох вэ?
Иргэн та 16 нас хүрсэн бол энгийн харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансыг ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр нээлгэж, төлбөр тооцоогоо банкаар дамжуулан хурдан шуурхай гүйцэтгэх боломжтой. Шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн хүссэн банкны салбарт хандан харилцах дансаа нээлгээрэй. Тухайлбал та ХААН Банканд анх удаа данс нээлгэх гэж байгаа бол өөрт ойр салбарт бичиг баримтуудаа бүрдүүлэн очих боломжтой.
Карт хэрхэн авах вэ?
Данстай болсны дараа танд төлбөрийн карт хэрэгтэй. Дотоодын төгрөгийн энгийн карт нь дансны хамт дагалдахгүй бөгөөд 5000 төгрөгийн хураамж төлж захиална. Карттай болчихвол бэлэн мөнгө авч явах шаардлагагүй, худалдаа үйлчилгээний газруудад картаа ПОС машинд уншуулан үйлчилгээ авч болно. Хэрэв та 16 нас хүрсэн заавал аав ээжтэйгээ ирэх шаардлагагүй бөгөөд банкны салбарт ирж картаа захиалснаас хойш Улаанбаатар хотод 3-5 хоног, орон нутагт 5-7 хоногийн дотор хүссэн хаягаараа шуудангаар үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.
Интернэт банк хэрхэн нээлгэх вэ?
Мэдээж та нэгэнт банкинд данстай болсон бол интернэт банк нээлгэн ашиглаж болно, илүү ч амар. Дэлхий дахинд бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзах хандлага эрчээ авч байна. Бүх үйлчилгээ цахимжиж байгаа энэ цаг үед ХААН Банкны онлайн үйлчилгээ таны санхүүгийн бүхий л хэрэгцээг хангаж чадна. Гэхдээ интернэт банкны эрх авахын тулд 18 нас хүрээгүй тохиолдолд эцэг, эхийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай байдгийг анхаараарай.
Банкны карт, данстай боллоо. Одоо яах вэ?
Дансны мэдээллээ бусдад алдахаас сэргийлэхийн тулд юу мэдэж байх ёстой вэ? Банканд бүртгэлтэй утасны дугаар, гэрийн хаяг, цахим шуудангийн хаягаа өөрчилсөн тохиолдолд яах вэ гэх мэт тал бүрийн мэдээлэлтэй байх нь банкны харилцагчийн үүрэг, хариуцлага байдаг. Интернэт банк бол цоожтой хэтэвч учраас нэвтрэх нэр, нууц үгийг танаас өөр хэн ч мэдэх ёсгүй. Амархан таах боломжтой үгнээс зайлсхийж, “El99psycongrOo” гэх мэт тааж олж мэдэхэд түвэгтэй том, жижиг үсгийн цуглуулга, тоо орсон нууц үг сонговол илүү аюулгүй.
Сошиал орчинд төрсөн он, сар өдөр, и-мэйл хаяг, утасны дугаараа аль болох бусдад ил байлгаж болохгүй. Регистрийн дугаараа бүр ч нууцлах хэрэгтэй. Цахим гэмт хэрэгтнүүд, залилагчид таны өмнөөс бодож, сэтгэж, тааж, шалгаж, тохируулж байдгийг бүү мартаарай.
Банк яагаад шимтгэл хураамж авдаг вэ?
Өдөр тутмын амьдралдаа хүмүүс банкны үйлчилгээг их бага хэмжээгээр авах зайлшгүй шаардлага гардаг. Ямар төрлийн үйлчилгээ авснаас хамаараад үйлчилгээний шимтгэл төлдөг. Энэ бол хүмүүсийн цаг завыг хэмнэж, хүссэн гүйлгээ, төлбөр тооцоог нь цаг алдалгүй, найдвартай хийж гүйцэтгэж өгсний төлбөр гэж ойлгож болно. Мөн нөгөөтэйгүүр банк тухайн үйлчилгээг саадгүй, аюул эрсдэлгүй, амар хялбар, шуурхай хүргэхийн тулд олон улсын түвшний техник тоног төхөөрөмж нэвтрүүлж, өндөр үнэтэй программ хангамж ашигладаг бөгөөд энэ зардлыг нөхөхөд шимтгэл хураамж зарцуулагддаг байна. Мэдээж аливаа байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, ажиллах хүч, техник тоног төхөөрөмж зэрэгт тодорхой зардал гарна шүү дээ. Өөрөөр хэлбэл бидэнд өдөр бүр тасалдалгүй үйлчилгээгээ хүргэхийн тулд олон хүчин зүйл болон зардал гардаг байх нь.
Хуримтлалтай болох боломжийг эрэлхийлээрэй
Хуримтлал ба хадгаламжийн ач холбогдлын талаар тодорхой ойлголттой байх нь мөн л нэг төрлийн хариуцлага гэдгийг санаарай. Жишээ нь шинэ загварын гар утастай болох мөрөөдөлтэй байлаа гэж бодъё. Тэгвэл аав ээжийнхээ өгсөн халаасны мөнгө, баяр ёслолоор ойр дотны хүмүүсийн тань бэлэглэсэн мөнгийг дэмий зүйлд үрэлгүй дансандаа хуримтлуулбал хэсэгхэн хугацааны дараа мөрөөдлийн гар утсаа авч чадна. Энэ мэтчилэн зорилготойгоор хуримтлуулж зөв санхүүгийн дадлыг өөртөө суулгахыг зөвлөж байна.