Дэлхий дахин мэдээллийн эрин үед шилжсэнээр, хүмүүс бэлэн мөнгөтэй харьцахаа больж эхэлж байна. Санхүүгийн харилцаа мэдээллийн системд тулгуурлаж явдаг боллоо. Тиймээс ч сүүлийн үед мэдээллийн аюулгүй байдал гэх ойлголт маш чухалд тооцогдох болсон. Хаана ч явсан гар утас, төлбөрийн картаараа гүйлгээ хийж буй энэ цаг үед таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, картын пин код зайлшгүй хамгаалагдах шаардлагатай мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл, иргэд нийтээрээ хувийн мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангаж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай цаг үе ирээд байна.
Ихэнх хүмүүс нууц үг өгөхдөө өөрт амрыг бодож, хялбар үг сонгох нь олонтаа. Энэ мэт таахад хялбар байдлаар зохиох нь эрсдэл дагуулдаг байна. Тиймээс Их Британийн Үндэсний цахим аюулгүй байдлыг хамгаалах төвөөс судалгаа хийж, интернэт хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг нууц үгийг гаргажээ. Судалгаагаар бодож байснаас ч илүү нийтлэг нууц үг байдгийг тогтоосон байна. Тухайлбал 23.2 сая хаяг “123456”, 7.7 сая хэрэглэгч “123456789” гэсэн тоог нууц үгээрээ сонгосон талаар танилцуулжээ. Мөн iloveyou, password, Liverpool, Chelsea гэсэн үгнүүд хамгийн их хэрэглэгддэг, амархан тайлагддаг 20 нууц үгэнд багтсан байна.
Манайд ч энэ мэт амархан нууц үгийг ашиглаж байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлдэг. Тухайлбал дээрхтэй ижил дараалсан тоо, түгээмэл үг, гар утасны дугаар, “password” гэсэн үг, ойр дотны хүний нэр, дансны дугаар зэргийг ашигладаг байна.
Нууц үгээ алдахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хувийн мэдээллээ хамгаалахын тулд юу чухал вэ гэдгээ иргэн та өөрөө эхлээд дүгнэх хэрэгтэй. Жишээлбэл, төлбөрийн картыг авч үзье. Картан дээрх 16 оронтой дугаарыг ямар ч тохиолдолд хэнд ч өгч болохгүй. Пин код ч мөн адил. Таны картын пин кодыг банк мэдэхгүй, үүнийг мэдэх цорын ганц хүн нь та өөрөө тул энэ чухал мэдээлэлдээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. Худалдан авалт хийхдээ хүртэл худалдагчид пин кодоо хэлэх хэрэггүй, өөрөө л хийж бай.
Интернэт банкны хэрэглэгч бүрд нэвтрэх нэр, нууц үг бий. Энэ бол цоожтой хэтэвч л гэсэн үг. Энэ нэр, нууц үгийг мөн адил танаас өөр хэн ч мэдэх ёсгүй. Тэгэхээр энэхүү мэдээлэлдээ хайнга хандаж огт болохгүй нь. Хүмүүс хүүхдийнхээ нэр, төрсөн он сар, эсвэл өөрийнхөө утасны дугаараар нууц үг оруулах хандлагатай байдаг нь эрсдэл дагуулдаг. Амархан таах боломжтой нууц үгнээс зайлсхийж, аль болох хэцүү код сонгож байх хэрэгтэй. Хэрэв нууц үгээ алдвал мэдээллийг тань олж авсан тухайн этгээд таны өмнөөс ороод гүйлгээ хийчих учир хувийн мэдээллээ огт битгий дэлгэ гэж зөвлөмөөр байна.
Фэйсбүүк, твиттерт хувийн мэдээллээ хуваалцаж, бусдад түгээх нь маш эрсдэлтэй бөгөөд та төрсөн он, сар өдөр, регистрийн дугаар, и-мэйл хаяг, утасны дугаараа аль болох ил байлгахгүй байвал зүгээр. Хакерууд таны мэдээллийг алдалгүй хянаж, таны өмнөөс бодож, тааж, шалгаж, тохируулж байдаг учраас аль болох мэдээллээ нууцлах нь чухал юм. Тэгэхээр зөвхөн банкны мэдээллээс гадна сошиал сүлжээн дэх мэдээллээ ч мөн хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
Нууц үг ямар байвал зүгээр вэ?
Тусгай програмын тусламжтайгаар түгээмэл нууц үгийг хэдхэн секундын дотор “тааж” чаддаг. Таныг гарын таван хуруу шигээ сайн мэдэх хүмүүс нууц үгийг тань амархан олж мэднэ. Тиймээс та үсэг, тоо, тэмдэгт ашиглан 8-аас дээш оронтой тоогоор интернэт банкныхаа нууц үгээ бүрдүүлж, ойр ойрхон сольж хэвших хэрэгтэй.
Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн мэргэжилтнүүд “санамсаргүй боловч цээжлэхэд амар нууц үг хамгийн найдвартай болохыг зөвлөжээ.
Зөвлөмжийг хамтран бэлтгэсэн ХААН Банк