Сургуульд хүүхдүүд математик, англи хэл, газар зүй гээд төрөл бүрийн мэдлэгт суралцдаг. Гэвч анги танхимаас олж авч чадахгүй нэгэн чухал амьдрах ухаан бий. Хүүхдийн тань цаашдын ажил, амьдрал амжилтад нөлөөлөх тэрхүү чухал зүйл нь мөнгийг зөв зохистой зарцуулах ухаан юм. Хүн олсноороо биш, зарцуулснаараа баян гэгддэг. Гэтэл томчууд бид хүүхдүүддээ насанд хүрээд амьдралаа авч явах, мөнгөө юунд зориулж, зарцуулах талаар хангалттай зөвлөгөө, мэдээлэл өгч чаддаг болов уу? Үүнд итгэлтэйгээр “Тийм” гэж хариулах эцэг, эх цөөнгүй бий гэж найдаж байна.
Аав, ээжүүд хүүхдийнхээ санхүүгийн боловсролд анхаарч, багаас нь эерэг нөлөөлөл үзүүлэх цаг болжээ. Дэлхий дахинаа хуримтлал, хадгаламжийн ач холбогдлыг ойлгож, ирээдүйгээ төлөвлөсөн хүмүүс долоо хүртэлх хадгаламжтай амьдарч байна. Энэ бол наад захын жишээ. Сүүлийн жишээ гэхэд л коронавирусийн цар тахлаас болж урьдчилан тааварлаагүй санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Тэгтэл, яг л ийм үед зориулж, урьдчилан бэлдсэн хүмүүс тийм ч их хохирол амсаагүй хэвээр л байна. Бид харин эсрэгээрээ, хүүхдийнхээ санхүүгийн боловсролд тэр бүр анхаардаггүй нь анзаарагддаг.
Мэдээж хуримтлалд анхаарал хандуулж, хүүхдэдээ мөнгөний зөв зохистой хэрэглээний талаар мэдлэг, туршлага өгдөг эцэг, эхчүүд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л бидний хэд нь дэлгүүрт орохдоо хүүхдийнхээ эрүүл мэндэд хор биш, эм болох хоол хүнс авдаг вэ? Хүүхдийн хамгийн том үлгэрлэл бол бид өөрсдөө юм. Өөрөөр хэлбэл, бидний мөнгөнд хандах өдөр тутмын хандлага санхүүгийн боловсрол олгох эхлэл гэсэн үг. Ирээдүйд таны хүүхэд ч мөнгийг захиран зарцуулах ухаанд суралцана.
Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдэдээ зааж сургах эхний хичээл бол мөнгө үнэ цэнэтэй бөгөөд зарцууллаа гээд үржихгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөнгөтэй болохын тулд юу хийх вэ, хөдөлмөр гэж юу вэ гэдгийг ярилцаж, энгийнээр тайлбарлаж өгөөрэй.
Дараагийн алхам бол хариуцлага. Та хүүхдэдээ хариуцлага гэдэг зүйлийг ойлгуулж, өөрсдийн олдог мөнгөө байр, машин, хоол унд, үйлчилгээ зэрэгт хэрхэн хүргэж хуваарилдаг тухайгаа тайлбарла. Бялууны зураг зураад хувааж үзүүлсэн ч болно шүү дээ. Дараа нь мөнгийг хэрхэн зөв хуваарилах талаар зөвлөлд. “Эцэг, эхчүүд хүүхдээ зөв зан төлөвшилтэй болгоход анхаарч, ороо байнга хураах, соёлч боловсон байхыг л үргэлж сануулж байдаг. Энэ нь ч зөв. Харин “цөөн тооны аав ээж л хүүхдийнхээ ирээдүйн санхүүгийн мэдлэгт нь анхаарч энэ талаарх арга ухаанд суралцуулдаг” хэмээн санхүүгийн шинжээч, “Raising Financially Confident Kids” номын зохиолч Мэри Э.Хант хэлсэн байдаг. Тиймээс өдөр тутмын хариуцлагад санхүүгийн сахилга батыг ч мөн нэмж байгаарай.
Хуримтлал ба хадгаламжийн ач холбогдлын талаар тодорхой ойлголтыг хүүхдэдээ өгөх хэрэгтэй. Жишээ нь, хүүхэд унадаг дугуйтай болох мөрөөдөлтэй байж болно. Тэгвэл, хүүхдийн баяр, цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн бэлэглэсэн мөнгийг хуримтлуулбал дугуй авч чадна гэдгийг энгийнээр зааж өгөөрэй. Ингэснээр тодорхой зорилго тавьж, түүнийхээ төлөө мөнгө хуримтлуулах урам зоригтой болно.
Мөнгөө хуримтлуулахын тулд мэдээж арга замыг нь зааж өгнө. Мөнгөний гахайнд хийх үү, эсвэл саванд хийж цуглуулах уу. Магадгүй том болмогц нь банканд найдвартай, хүү урамшуулалтайгаар хадгалуулахын ач тусыг зааж болох. Багаасаа мөнгө хуримтлуулсан хүүхэд эцэг, эхээрээ хэлүүлэлтгүй банкны давуу талыг бие даан судлаж мэднэ. Хамгийн гол нь эцэг, эхчүүд ч мөн мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. ХААН Банкны хүүхдийн хадгаламж гэхэд эцэг, эх, асран хамгаалагч нь хамтран эзэмшигчээр бүртгүүлж, хүүхдийнхээ санхүүгийн хэрэглээнд хяналт тавих боломжтой. Мөн дансаа хуримтлалын үйлчилгээнд үнэгүй холбуулан, хадгаламжийн данс руугаа тогтмол хугацаанд, тогтмол дүнгээр, хураамжгүй шилжүүлэг хийх, сар бүрийн хүүхдийн тэтгэмжийг холбох бүрэн боломжтой. Энэ мэтчилэн банкны давуу талыг судалж, зөвлөж байгаарай.
Энгийн нэгэн жишээ татъя. Засгийн газраас 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20,000 төгрөг олгодог. Үүнийг төрсөн цагаас нь эхлэн 18 нас хүртэл нь хуримтлуулбал 5 сая орчим төгрөг болно. Магадгүй та их сургуулийн төлбөр гэж санаа зоволтгүй болно, эсвэл утас, машин гээд хэрэгцээг нь хангаж өгөх ч боломжтой. Санхүүгийн гэнэтийн хэрэгцээнээс болж дарамтанд орохгүйгээр сургалтын төлбөрийг нь хийх бүрэн боломжтой шүү дээ. Түүнээс биш 20,000 төгрөг сард таны болон хүүхдийн тань хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй, харин цуглуулж чадвал үр жимсээ хангалттай өгөх болно.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ санхүүгийн боловсролд анхаараагүй, мэдлэг өгөөгүйн улмаас мөнгөө зөв захиран зарцуулж чадахгүй, биеэ дааж амьдрах боломжгүй, тэр бүү хэл эцэг, эхээс санхүүгийн хамааралтай болж өсөх нь бий. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ санхүүгийн боловсролд төрсөн цагаас нь эхэлж анхаарах хэрэгтэй.
Нийтлэлийг хамтран бэлтгэсэн ХААН Банк