Сургалтын төрийн сангаас оюутнуудад олгодог 70200 төгрөгийн тэтгэлэг хугацаандаа олгогдохгүй хүлээлт үүсгээд байна.
Тэгвэл 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын тэтгэлгийн судалгаа тооцоог өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд хийж дууссан ба Сангийн яаманд холбогдох бүх материалаа явуулсан, яам санхүүжилт өгвөл тэр өдөртөө банкуудруу шилжиж оюутнуудын дансанд орох гэнэ.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор 3.0-оос дээш голч дүнтэй суралцсан оюутнуудад үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг олгож хангалтгүй суралцсан оюутнуудад тэтгэлэг өгөхгүй байхаар болсон билээ.
2015 оны 9-12 сард шаардлага хангасан 52 мянга гаруй оюутны 16 тэрбум төгрөгийн тэтгэлэг авах ёстой. Харин оюутнууд энэ сардаа багтааж тэтгэлгээ авах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Сангийн яамнаас орох санхүүжилтээс хамаарна гэж Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн мэдэгдлээ.