Хаврын чуулган завсарлаад хэд хоносноос хойш Төрийн ордон хөл хөдөлгөөн багатай болов. Цөөн хэдэн гишүүн мэр сэр үзэгдэхийг эс тооцвол эрхэмүүд их ажлынхаа алжаалыг тайлж яваа бололтой. Чуулган завсарласнаас хойш Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одбаяр, Р.Буд нар Төрийн ордонд ажиллаж харагдсан.
Зарим гишүүнтэй утсаар холбогдож доорх асуултад хариулт авлаа.
-Хаврын чуулганы завсарлагаар Та юу хийх вэ?
-Хаагуур, яаж амрахаар төлөвлөж байна вэ?
-Хаврын чуулганд Та ямар дүн тавих вэ?
Д.Ганхуяг:-Төрөөс баримтлах бодлогын чанартай том баримт бичгүүдийг баталсан гэдгээрээ онцлоготой чуулган болсон. Тэдгээрийг ард иргэдэд сурталчлан таниулах үүрэг бидэнд оногдож байна. Тийм учраас тойрогтоо ажиллахад нэлээд цаг хугацаа зарцуулна.
Төсвийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон “Монгол мал” хөтөлбөрийн дэд төслүүд дээр нэлээд шахуу ажиллана. Хяналт шалгалтын ажлын хүрээнд гааль, татварын байгууллагуудад ажиллахаар бас төлөвлөсөн.
-Би Архангайнх. Нутаг явж амарна. Ээж маань тэнд байдаг. Завсарлагааны дундуур гадаад руу нэг явах байх.
-Сайн дүн тавимаар байна. Олон түмний хүсэн хүлээж байсан бодлогын баримт бичгүүдийг хаврын чуулганаар баталлаа. Түүнийг бодит ажил болгохын төлөө Засгийн газар хэрхэн ажиллахаас төр, засгийн ажлын үр дүн хамаарах үлдэж байна.
Г.Баярсайхан: -Чуулганы завсарлагаар ажиллах Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Тэр чиглэлээрээ салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна тойрогтоо ажиллана.
-Амралтаараа хувь, хувьсгалын амжуулах ажил нэлээд байгаа.
-Хөгжлийн стратегийн томоохон асуудлуудын талаар шийдвэр гаргаж чадсан учраас чуулганд сайн дүн тавина.
Ц.Дашдорж: -Уул уурхайн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа.
-Говь-Алтай аймгийн 70 жил энэ онд тохиож буй. Мөн барууны бүсийн даншиг наадам болно. Энэ үеэр нутагтаа амарна.
-Төмөр замын бодлогоо тодорхойлж, Тавантолгойг эргэлтэд оруулах алхмыг тавьсан нь макро эдийн засгийн хөгжилд ахиц авчрах том шийдвэр болсон гэж үзэж байна. Шинэ хөрөнгө оруулалт, хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэх
чиглэлээр эрх зүйн таатай орчин бүрдүүлж өгснөөрөө хаврын чуулган ихээхэн ач холбогдолтой боллоо.
Д.Одбаяр: -Тойргоороо явна. Намрын чуулганд бэлтгэх ажил нэлээд байгаа.
-Амралтын төлөвлөгөө гаргаагүй. Тойрогтоо ажиллах нь бараг амралт болчихдог юм.
-Өөрсдөдөө дүн тавих оновчтой биш шүү дээ. Ард түмэн ямар дүн тавихаа мэднэ. Шийдвэрийн хувьд томоохон баримт бичгүүдийг гаргаж чадлаа. Тавантолгойн төсөл хөдөлгөөнд орлоо. Төмөр замын үндэсний бодлоготой болсон. “Шинэ бүтээн
байгуулалт” гэсэн том хөтөлбөр баталлаа. Хууль батлах үүргээ УИХ биелүүлсэн ч энэ нь төр, засгийн хийх ёстой ажлын 50 хувь нь. Одоо тэдгээрийгээ
хэрэгжүүлэхэд анхаарал тавих үлдэж байна.
Я.Батсуурь: -Тойрогтоо ажиллана. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр хуулийн төсөл санаачилна.
-Булган аймагт рашааны эмчилгээ хийлгэж байна. Эндээс нутагтаа очиж амарна даа.
-Хаврын чуулганд сайн дүн тавина аа. Хэлэлцсэн асуудлын тоо төлөвлөснөөс цөөн ч Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах Тавантолгой, Төмөр
замын талаар түүхэн ач холбогдолтой шийдвэр энэ удаагийн чуулганаас гаргаж чадлаа.
Р.Буд: -Сонгогчидтойгоо уулзаж УИХ-аас баталсан шийдвэрүүдийн талаар танилцуулна. Намрын чуулганаар Бэлчээрийн тухай хуулийн төсөл хэлэлцэнэ. Түүнд иргэдийн саналыг тусгах зорилгоор тодорхой түвшинд хэлэлцүүлэг явуулахаар бодож байгаа.
-Сүхбаатар аймагт ах дүү нар маань байдаг учраас ажиллахын хажуугаар тойрогтоо амрахаар төлөвлөсөн.
-Нэлээд шахуу ажиллаж тулгамдсан олон асуудал баталлаа. Би сайн дүн тавина.
Э.ТӨР