Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын эхний өдөр “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцов. Тус форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян болон Пакистан, Узбекистан, Киргиз зэрэг орны Төрийн тэргүүнүүд уригдан оролцсон юм. Энэ үеэр тэрбээр анхаарал татсан олон чухал тунхаглал, санааг хэлсэн бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо дахин тодотгон тодорхойлж чадлаа.
Туркменистан нь гадаад бодлогын хувьд байнгын төвийг сахисан, аль нэг эвсэл, бүлэгт нэгддэггүй. Зөвхөн нефть, хийгээ Иран, ОХУ, БНХАУ-д худалдаад бүтээн байгуулалт хийгээд байдаг аж. Туркменистан хаалттай улс учраас бусад орны болон Монгол Улсын төр засгийн тэргүүнүүдтэй зөвхөн олон улсын хурал, арга хэмжээний үеэр уулзалт хийсэн байдаг. Ийм уулзалтыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой 2014 онд Душанбед болсон ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 2023 оны тавдугаар сард ИБУИНХУ-ын Цог жавхлант хаан Чарльзыг хааны сэнтийд залах төрийн ёслолын үеэр, мөн энэ оны долоодугаар сард ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр хийж байсан.
2019 онд тухайн үеийн дэд сайд Б.Батцэцэгийн тус улсад айлчилж хийсэн улс төрийн зөвлөлдөх уулзалт, мөн дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эс тооцвол хоёр орны хооронд хэлэлцээ хийж байсангүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн зөвлөлдөх механизм зөвхөн ГХЯ-дын хооронд л байсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байгаа юм. Үүнд хоёр орны соёл урлаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, худалдаа, эдийн засгийн салбарт хэлэлцээ хийж, санамж бичиг байгуулан, харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ нийт 40 гаруй аж ахуйн нэгж бизнесийн хэлцэл хийхээр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан.
Төв Ази бол дэлхийн хэмжээний том тоглогч болж чадах ирээдүйтэй гэдгийг бүс нутагт төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч сонирхон судлах боллоо. Энэ цаг үед НҮБ-д хүртэл бүх асуудал “нэг улс-нэг санал” зарчмаар шийдэгддэг учраас Монгол Улс зарим орны адил гээж үлдээсэн харилцаагаа сэргээх бодлого баримталж байна. Тиймээс далайд гарцгүй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй гэх зэрэг тулгарч буй бэрхшээлээрээ ижил гэдгийг сануулж, Монгол Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан билээ. Одоогоор Төв Азиас Афганистан, Казахстан, Киргиз, Тажикистан улс гишүүнээр элсчхээд байгаа юм. Тиймээс уг төвд Туркменистаныг “тааламжтай үедээ” нэгдэн орж хамтран ажиллахыг уриалсныг тэд таатай хүлээн авлаа. Геополитик, стратегийн талаасаа чухал, түүхийн хувьд ч элгэмсэг дотно Туркменистан улс бидэнд, мөн бид тэдэнд эрх чөлөө, ардчилал, бие даасан байдал юугаар ч үнэлшгүй эрхэм чухал үнэ цэнтэйг бататган харууллаа. Манай хүн амаас хоёр дахин олуулаа боловч яг адилхан нэг сая гаруй хүнээ нийслэлдээ амьдруулдаг ч чанартай сайхан зам харгуй, цэвэр агаар, ногоон хот, ДНБ-ий чамлахааргүй өндөр үзүүлэлт нь ард иргэдийг нь аз жаргалтай байлгаж чадаагүйн нууц нь эрх чөлөө биш гэж үү? Үүнийг л энэ улсын ард иргэд ойлгож эхэлсэн бөгөөд суралцахыг хүссэн орноороо Монголыг сонгосон нь нэн бахархалтай.
Гадаад харилцааны хувьд хаалттай, зарим талаар манай улсын хөгжлөөс хоцорч буй боловч нөгөө талаар гайхшируулсан, хол хаяж хөгжсөн зүйл олон байлаа. Үүний нэг нь хот байгуулалт, авто зам, дэд бүтэц. Манай нийслэлтэй ойролцоо буюу ганцхан сая хүн амтай мөртлөө олон улсын стандартад нийцсэн, чанартай авто зам, усан оргилуур, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг нь түгжрэл, утааны зовлонг хэзээ ч үзэхгүйгээр төлөвлөгдсөн гэлтэй. Мөн гадаадын зочдыг хүлээн авах зочид буудлын менежмент, үйлчилгээний соёл зэрэгт одоо л дөнгөж “цагаан толгой” үзэж эхэлж байна. Зочлон оччихоод шүүмжлээд буцах муухай боловч бид энэ чиглэлээр үнэлж баршгүй туршлагыг өнгөрсөн 30 жилд хуримтлуулжээ. Энэ бол монголчууд гадаад паспорт эзэмшиж, ардчилал, зах зээл, гадаад харилцааны хувьд эрх чөлөөтэй амьсгалж эхэлсэн хугацаа юм. Байгаагаа үнэлж, буй болгохоор зүтгэн чармайх нь хөгжлийн зөв гарааны эхлэл билээ.
У.Оргилмаа