Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO)-аас 2024 оны 1-7 дугаар сарын аялал жуулчлалын үзүүлэлтийг бүсчлэн гаргасан тайлангаа албан ёсоор танилцууллаа. Энэ хугацаанд олон улсад 790 сая жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11 хувиар өссөн, цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос дөрвөн хувиар бага үзүүлэлт гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл Ойрхи Дорнод, Африкийн улс орнуудад аялал жуулчлалын үзүүлэлт хамгийн өндөр өсөлттэй бөгөөд аль аль нь цар тахлын өмнөх үеийн түвшнийг давжээ. Тодруулбал, Ойрхи Дорнодод аялагчдын тоо 2019 оныхыг 26, Африкийнх долоон хувиар даваад буй аж. Европ “Ковид-19”-ийн өмнөх түвшинд хүрэхэд нэг, Америк гурав, Ази, Номхон далайн бүсийнх 18 хувь дутуу байна. Нийтээр нь тооцвол олон улсын аялал жуулчлал 2019 оны түвшинд хүрэхэд дөрвөн хувь дутуу байгаа аж.
Олон улсын аялал жуулчлалын экспортын орлого өнгөрөгч онд 1.8 их наяд ам.долларт хүрч, ДНБ-ийг 3.4 их наяд ам.доллароор өсгөжээ. Энэ нь дэлхийн нийт ДНБ-ий гурван хувьтай тэнцсэн үзүүлэлт байж. Тэгвэл энэ жилийн 9-12 дугаар сард аялал жуулчлал идэвхэжсэнээр жуулчны тоо төдийгүй экспортын орлого цар тахлын өмнөх түвшнийг давна гэж судлаачид тооцжээ. НҮБ-аас гаргадаг аялал жуулчлалын индексээр 2024 оны сүүлч буюу 9-12 дугаар сард аялал жуулчлал эрчимжинэ гэсэн эерэг хүлээлт бусад сарынхаас өндөр байсныг тайланд дурдсан байв.