Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянга байх тогтоолыг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталсан билээ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дээрх тогтоолыг баталсан юм. Эрх баригчид түгжрэлийг бууруулж чадахгүй тул автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан ийнхүү автоматаар хязгаарлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох үйл ажиллагааг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх тушаалыг Зам, тээврийн сайд гаргасан гэнэ. Гэвч нийслэлд олгосон автомашины улсын дугаарын тоо 730 мянгаас давж, цаашид нэмэх боломжгүйд хүрсэн байна.
Тиймээс замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй мотоцикл, чиргүүл, зүтгүүр зэрэг тээврийн хэрэгсэлд олгосон дугаарыг дээрх 730 мянга гэдэг тоонд оруулан тооцохгүй байх саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн боловсруулж буй гэнэ. Тус төвийн Зөрчил, бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр үүний талаар “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянгаас давчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн, бусад механизмыг дээрх үзүүлэлтэд оролцуулахгүй байх санал боловсруулж буй. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийг нийслэлд шилжүүлсэнтэй холбогдуулан системд өөрчлөлт оруулах ажлууд хийж байгаа” гэв. Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд жилд 50-60 мянган тээврийн хэрэгсэл импортолж, дугаар авдаг байжээ. Тэгвэл энэ оны эхний найман сард 89 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлийн дугаар авсан гэнэ.
Эргэн сануулахад, нийслэлийн ИТХ-аас өмнө дурдсан тогтоолыг батлах үед төлөөлөгч П.Ганзориг “Дугаарт хязгаарлалт тогтоох нь зохиомол эрэлт үүсгэнэ. Үүнээс улбаалан эрх мэдэлтэй хүмүүсийн авлигын сүлжээ цэцэглэх нь. Автомашины дугаарыг гар утасных шиг зардаг болно гэсэн үг. Дарамтыг нь иргэд л үүрнэ. Ямар санаа, зорилготойгоор ийм төслийг хүчээр оруулж ирсэн нь хачирхалтай. Захиргаадалтын аргаар бус, судалгаатай, бодитой шийдвэр гаргаач ээ” хэмээж байв. Ийм эрсдэл нийслэлд хэдийн нүүрлэчхээд байна.
М.ОЧ