Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамыг шинэчилж байгаатай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан тухай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв.
Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 350 мм-ийн голчтой, 0.95 км хос шугамыг 500 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлыг “Рутан” компанийнхан энэ сарын 1-нээс эхлэн хийж байна. Үүнтэй холбогдуулан С.Жамъян гүний гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Эл замыг ирэх сарын 10-ны 18.00 цаг хүртэл хаах гэнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замыг нөгөөдрөөс ирэх даваа гараг хүртэл хаах аж. Дээрх ажлын хүрээнд дөрвөн гол зам доогуурх шугам сүлжээг туннелийн системд оруулах юм байна. Ингэснээр цаашид авто замын уулзвар хэсгийг эвдэхгүйгээр шугам сүлжээг сольж шинэчлэх нөхцөл бүрдэх гэнэ. Мөн цэвэр усны шугамыг өргөтгөн шинэчлэх, цахилгааны болон холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлууд хийнэ гэв.
Түүнчлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу УБТЗ-ын эмнэлгийн зүүн талаас “Наран” супермаркетын хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ны 06.00 цагийн хооронд хааж, засах юм байна. Тус авто замыг асфальт бетоноор хучихаас гадна инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг, тэмдэглэгээ хийх аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахаар замын дүүргэлт хийж буй гэнэ. Үүний хүрээнд ирэх сарын 1 хүртэл Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэлх буюу “Номин” сүлжээ дэлгүүрийн ард талын замыг хэсэгчлэн хаажээ. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн мэдээлэв.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн