Үндэсний цэнгэл баяслын илэрхийлэл, монголчуудын дэлгэр зуны улиралд хурд, цэц мэргэн, бяр хүчээ алдаршуулдаг баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ л үед тархай бутархай монголчууд нэг дор цуглаж, хөөрч, баярлаж, үндэсний хэмээх ижилсэл, омогшил бий болчихдог. Үндэсний их баяр наадам бол бэлгэдлийн утгаараа ч тусгаар тогтнол, төрт улсыг агуулдаг. Нэгэн цаг хугацаанд ижил зан үйлийг нийтээрээ тэмдэглэж байна гэдэг нь хүмүүсийг соёл, үнэт зүйл, үзэл санааны хүрээнд нэгтгэж байгаа явдал хэмээх нь ч бий. Наадмын өдрүүдэд нийслэл сэлүүхэн, намуухан болчихдог ч Төв цэнгэлдэх хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй, басхүү сонин, содон үйл явдалтай өнгөрөв.
ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ НЭЭЛТ
Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар “Нүүдэлчин гаралтай, эх дэлхий, байгальтайгаа хамгийн ойр байдаг монголчууд энэ сайхан эх орондоо энх оршихуйн цадиг дор амар амгалан байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьж байна” хэмээж байлаа. Гэхдээ эцсийн дүндээ шүүн тунгаах нь үзэгчид. Энэ жилийн баяр наадмын найруулга, нээлтийн тухайд шүүмжлэх ч, магтах ч зүйл хэд хэд байгаа юм.
Дугуй цэнгэлдэх хүрээлэнгийн онцлог нь үзэгч аль талд суухаас үл хамааран харагдац сайтай, үзэхэд төвөггүйгээр зохион байгуулах байдаг. Харин хүндэт зочдын эгц өөдөөс харсан төв дэлгэцийг эс тооцвол стадионы тайзны ард, хамгийн хойно сууж буй хүн нээлтийн үзүүлбэрийг үзэх ямар ч боломжгүй байв.
Энэ жил эрт борлуулж дууссан тасалбарыг дахин худалдахад хүрсэн нь наадамчин олон Үндэсний их баяр наадмынхаа нээлтийг үзэх хүсэл, сонирхол их байсныг илтгэсэн юм. Тасалбар авч чадаагүй иргэд дамлан зарагчдаас 500 мянган төгрөг хүртэлх үнээр авсан талаар хэлж байлаа. Ийм хэмжээний зардал гаргачхаад харагдац муутай нээлт үзнэ гэдэг нь дэндүүгомдмоор.
Өмнөх жилүүдийн наадмын нээлтэд шинэ өнгө аясыг эрэлхийлсэн, содон, сонин, гэнэтийн үзүүлбэрээр баяжуулахыг хичээсэн тал анзаарагддаг байв. Энэ жилийн нээлтийн өнгө төрх ерөнхийдөө хуучинсаг, илүүдэж, дутуудсан зүйлгүй, байгаль, дэлхий, өв уламжлал гэсэн чигийг барьсан байлаа. Жил бүр л олны шүүмжлэлд өртдөг наадмын нээлтийн үзүүлбэрийн эргэн тойронд энэ удаад нам жим өнгөрсөн.
Наадмын нээлтэд 21 аймгаас цугласан 1200 гаруй уран бүтээлч оролцсон гэнэ. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 12 мянган хүний багтаамжтай болгон шинэчлэн зассан. Тиймээс өмнөх жилүүдийнхээс илүү олон үзэгчийн багтаамжтай болсон гэсэн үг. Наадмын нээлтийн тод од, чимэг мөнөөс мөн хэдэн үзүүлбэрийн тухай дурдъя. “Хү” хамтлаг Монгол дахь анхны тоглолтоо наадмын өмнө хийсэн юм. Яг л тэр хүлээлтээ наадмын нээлтийн үеэр“зад” татав. Дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг, Б.Батцэцэглэн нар “Мөнх тэнгэрийн хурай” дуугаа дуулж, олныг баясан цэнгүүлэв. Эдгээр үзүүлбэр нь наадмын нээлтийн эхлэл хэсэгт шигтгэсэн чимэг юм. Харин энэ дундуур төдийлөн олны анхааралд өртөөгүй өнгөрсөн нэг үзүүлбэр бий. Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Н.Баярням 33 сурагчийн хамт дохионы хэлээр дуулсан юм. Энэ талаар түүнээс тодруулахад “Наадам зохион байгуулах комиссоос манай сургуультай холбогдож уг саналыг тавьсан. Бид хагас сарын хугацаанд наадмын нээлтэд бэлдсэн. Энэ жилийн наадмын гол онцлог нь хүн бүрийн эрхийг дээдэлж, хүртээмжтэй талыг хангасан нь байлаа. Хүн бүхэн баярлаж, наадах эрхтэй шүүдээ. Хүүхдүүд маань сэтгэгдэл өндөр байгаа. Энэ хугацаанд дэмжин тусалсан эцэг, эхчүүд, хамт олондоо талархаж байна” гэсэн юм. Дээрх тохиолдол нь хүн бүрийг хүртээмжтэй хамруулах, оролцуулах тал дээр маш том жишиг боллоо.
Төрийн есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Ийнхүү үзүүр, түрүүний бөхийн шагналыг гардуулсны дараа есөн хөлт цагаан тугийг төрийн ордон руу залах ёслол эхэлснээр наадмын хаалтын үйл ажиллагаа өрнөх нь тэр.
Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал бол язгуур өв соёл, уламжлалыг харуулсан түүхэн томоохон бүтээлүүд туурвисан нэгэн. Түүнчлэн мюзикл төрлөөр уран бүтээл туурвих сонирхолтой хүн. Түүний хүсэл, илэрхийлэмж энэ удаагийн наадмын үзүүлбэрүүдэд тусгалаа оллоо. Тэр илүүрхээгүй, бас дутуудуулсангүй.
Сурын алтан шар зурхайд түрүү байрын төлөө товх харвав
Урианхай сур
Монголчуудын харвааны гурван төрлөөс зөвхөн эрчүүд цэц сорьдог эртний язгуур онцлог, шинжээ өнөөг хүртэл хадгалж үлдсэн нь урианхай сур. Нум нь буриад, халх харвааныхтай ижил ч сум нь хүнд байдаг. Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн улсын их баяр наадмын урианхай сурын харваанд 330 харваач цэц сорив. Тэднээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер, аймгийн мэргэн Т.Галхүү 24 оноогоор түрүүлэн, улсын мэргэн цолны болзол хангалаа. Сонирхуулахад, Монголын урианхай сурын холбооны Удирдах зөвлөл сүүлийн гурван жил тэргүүн байрт шалгарсан харваачийг автомашинаар байлж буй. Өмнөх жилүүдэд түрүүлсэн харваачийг “Приус-20” маркийн автомашинаар мялаасан бол энэ удаа “Toyota аqua”-гаар шагнасан юм.
Буриад сур
Буриад сур нь урианхай, халх харваатай техникээр адил ч харвах зай, онох бай, уухай нь өөр. Харваач тус бүр64 сум тавьснаас хамгийн өндөр оноотой нь түрүүлдэг. Энэ жилийн наадмаар сурын харваанд оролцогчдын тоог хязгаарлаагүй, нээлттэй байдлаар тэмцээнийг зохион байгуулснаараа онцлогтой байв. Сурын талбайд цэц мэргээ сорин нум татаж, сум тавьсан эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, АПУ хувьцаат компани, “Хасбуу” сурын холбооны харваач, спортын мастер Б.Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, буриад сурын улсын мэргэн цол хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар халх харваанд V байр эзлэн улсын тод харваач болж байв. Эмэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Онон баг, “Цэцэн хааны мэргэд” холбооны харваач, спортын мастер Г.Эрдэнэтуул 64 сумнаас 58 онож түрүү харваачаар тодорлоо.
Халх сур
Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, манай улсад төрийн айлчлал хийсэн Бутаны Хаант Улсын хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочилж, дуут сум харвасан нь наадамчин олны болон жуулчдын сонирхлыг ихэд татсан юм. Энэ үеэр Жигмэ Гэсэр Намжил Ванчук хаан Монголын ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлж, “Эх орондоо урьсан Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд маш их баярлалаа. Сур харваа бол монголчуудын адил Бутаны үндэсний спортын нэг, манай өв соёлын нэг хэсэг. Би багадаа нум сум харвадаг байсан. Чингис хааны үлдээсэн өв соёл монголчуудад хадгалагдсаар байна. Монголын төр засаг, нийслэл хот, хөдөө нутаг, хүүхэд, залуусыг хараад монгол үндэстний зүрхний цохилт маш хүчтэйг мэдэрлээ. Монгол Улсыг гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна. Би өөрийгөө Монгол Улсын “найз” гэж дуудахдаа бахархалтай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Халх сурын харваанд 686 эрхий мэргэн алтан шар зурхайд нум эвшээлгэн гичир татсан. Эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумнаас 38 онож түрүүлэн, даяар дуурсах мэргэн цол хүртлээ. Түүний хувьд сүүлийн гурван жил дараалж 38 онож, өндөр амжилт гаргаж байгаа. Тэрбээр “Өнгөрсөн жил түрүү байрын төлөө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, “Мандалговь хүнс” ХХК, “Цахиур” багийн харваач, улсын даян мэргэн Ө.Хатанболортой товх харвасан. 2019 оны наадмаар мөн түүнтэй товх харваж, 40 сумнаас 36 онон аман хүзүүдэж байв. Тиймээс энэ жил өөрийгөө түрүүлэх болов уу хэмээн горьдлого тээж байлаа. Алтан шар зурхай хишгээ энэ удаа ч хайрлалаа. Надад үндэсний сур харвааны гайхамшгаас заасан хоёр сайхан багш бий. Тэднийхээ ачаар өдий зэрэгт хүрсэндээ баярладаг. Харваачдын ур чадвар, мэдрэмж, туршлагыг цаг агаар байнга сорьдог. Наадмын үеэр бороо орсон нь харваачдын хатуужил, тэвчээрийг чамгүй шалгаж, хэн цааш үргэлжлүүлэх, хэрхэн харвахыг харуулсан гэж бодож байна” хэмээсэн юм.
Товх харваанд ганц сумаар ялагчийг тодруулдаг тул наадамчин олныг хамгийн их догдлуулдаг агшин байдаг. Эрэгтэйчүүдээс тэргүүн байрын төлөө Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн мэргэчүүл” багийн харваач, улсын гоц харваач Н.Алтансүх Ховд аймгийн харьяат, улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяртай товхолсон. Баян-Өлгий аймгийнхан шинэ мэргэнтэй, эсвэл Ховдынхон дархан мэргэнтэй болох уу гэдгийг шийдвэрлэх хамгийн эгзэгтэй хором нь энэ байлаа. Үзэгчид амьсгаа даран чимээгүй суух мөчид Н.Алтансүх 40 сумнаас 37 онож, Монгол Улсын мэргэн цолтнуудын эгнээнд багтаж, наадамчин олныг баясгав. Сурын талбайд сум, саадаг агсан ирж, олон аавын хүүтэй мөр зэрэгцэн харваж, нутгийн сүрлэг уулсаа өндөлзүүлэн түрүүлсэн улсын цолтноо Алтай сумынхан баяр хөөртэй өлгийдөж авсан юм. Тэрбээр “Сур харваагаар олон жил хичээллэснийхээ үр дүнд түрүүллээ. Би өмнө дүүтэйгээ хамт сурхарваж, улсын гоц харваач цол хүртэж байв. Намайг дасгалжуулж бэлтгэл хийлгэсэн багш бол миний төрсөн дүү Н.Алтантулга. Би үндэсний сур харваанд хөл тавьсан цагаасаа Л.Отгонбаяр мэргэнтэй товхлох сон гэж боддог байлаа. Хүслээ биелүүлж, зорилгодоо ч хүрлээ” гэв.
Шагайн харваа
Эрт үеэс өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн үндэсний наадгайн нэг бол шагай. Эл спорт шаггүй тэвчээр шалгадаг тул зөвхөн эрчүүд л цэц сорьдог. Шагайн харваа нь XIII зууны үед үүсэж, хаад, ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байсан бол хожим эрчүүд мэргэн болохоо харуулдаг үндэсний спортын нэгэн төрөл болж хөгжсөн түүхтэй. Наадмын шагайн харвааны тэмцээнд 97 багийн 776 харваач цэц мэргэнээ сорьсон. Тэднээс хамгийн залуу нь Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн өсвөр үеийн харваач, зургаан настай Н.Тэмүүлэн, ахмад нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, 84 настай, улсын харьшгүй мэргэн Г.Цэрэндорж байв. Насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, “Алдар” спорт хорооны баг аваргаар тодорсон. Тус багийнхан өнгөрсөн жилийн наадмаарIII байр эзэлж, 2019 онд мөнгөн медальтай өндөрлүүлж байв. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн, аймгийн гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, “Алтан арвай” ХХК-ийн багийнхан аман хүзүүдлээ. Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастерБ.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг хеттрик” группийн харваачид хүрэл медальтай нутаг буцав.
Ахмадын шагайн харвааны төрөлд 24 багийн 192 ахмад харваач өрсөлдсөнөөс Д.Бямбадагва ахлагчтай Дархан-Уул аймгийнхан цахиур хагалан тэргүүлж, олныг огшоолоо. Тэгвэл улсын харьшгүй мэргэн Ж.Чулуун ахлагчтай Сүхбаатар аймгийнхан мөн л дээгүүр цойлж, аваргын төлөө өрсөлдсөн ч аман хүзүүдсэн юм. Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай Төв аймгийнхан III байр эзэлж, шаггүй харваачидтай баг болохоо амжилтаараа батлан харуулав. Өсвөр үеийнхний шагайн харваанд Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг” ХХК-ийн багийн харваачид тэргүүллээ.
Увс, Сэлэнгийн бөхчүүд наадмын барилдааныг өнгөллөө
Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх хүч үзэж, 16 нь цолны босго давдаг. Наадмаар цолоо ахиулж, шөвгийн найм, дөрөвт тунах магадлалтай хэмээн бөхийн тааварт орсон улсын цолтнууд энэ жил мөн л доогуур даваанд өвдөг шороодсон. Хоёрын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, С.Сүхбат, улсын харцага Т.Мөнгөнцоож, А.Цацабшир, гурвын даваанд улсын арслан Д.Ганхуяг Ц.Бямба-Отгон, улсын гарди Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, М.Баяржаргал зэрэг цөөнгүй өндөр цолтон учраадаа унаж, тахимаа өгсөн нь үзэгчдэд хэний хүү үзүүр, түрүү булаалдах бол гэх сонирхол төрүүлсэн. Энэ жил бөхийн хорхойтнуудын таавар эвдэж, суудлаас нь өндөлзтөл догдлуулсан барилдаан өрнөсөнгүй. Үүний гол буруутан нь цэнгэлдэхийн талбайд тавьсан хиймэл шинэ зүлэг. Бороо орсны улмаас шинэ зүлэг “шилгээж”, бөхчүүд халтиран хэд нь бэртсэн тул бэргэж, бас халгаж барилдав. Тухайлбал, наадмын хоёр дахь өдөргурвын даваанд улсын харцага Б.Зоригтбаатар Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн харцага Б.Ганзолбоотой барилдахдаа халтирснаас нурууны бэртлээ сэдрээж, цааш үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн. Тавын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан Өмнөговь аймгийн харьяат аймгийн арслан М.Буяндэлгэрийг амлан авч давсан ч гуяны мах нь тасарч, эмнэлэгт хүргэгдсэн юм. Бөхчүүд барилдахдаа хиймэл зүлэгнээс болж гэмтэн, улмаар дэвжээг орхиж буйд наадамчид бухимдан, шүүмжилж байлаа. Бөхчүүдийн барилдаан даваа өгсөх тусам өрсөлдөөнтэй болж, олны анхаарлыг их татдаг. Дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан хоёр цаг үргэлжилсний эцэст хөлийн цэцийн шийдвэрээр М.Эрхэмбаяр давсан юм. Ц.Содномдорж арслангийн хувьд энэ удаа цолоо ахиулах нь талаар болсон тул хойтон жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүйд хүрсэн. Начны даваанд давсан бөхчүүд улсын цолд хүрдэг тул залуу бөхчүүдийн хувьд алдаж болохгүй чухал боломж байдаг. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 013 дугаар анги, “Баатар дулаан хан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Д.Төрболд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анарыг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, аймгийн арслан Т.Сайханжаргал Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарди Б.Гончигдамбыг, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх аймгийн арслан Т.Довчинсэмбээ Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулгыг хаяж, улсын начин цолны босгоор алхсан. Тэгвэл Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаярыг амлан авч, барьцгүй хавирч унагасан нь багагүй шүүмжлэл дагуулав.
Шинээр цол авсан бөхчүүдийг танилцуулъя.
•Монгол Улсын начин цол
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх
Эрдэнэхүүгийн МөнхжаргалӨвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Төрбатын Довчинсэмбээ
Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Галбадрахын Дармаажанцан
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Даваадоржийн Төрболд
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Мөнхцэнгэлийн Амарсанаа
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул
•Монгол Улсын харцага цол
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн УуганбаярГовь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх Тогтох мэндийн Сайханжаргал
•Монгол Улсын заан
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Заамар өгөөмөр хайрхан” ХХК, “Дорнын өртөө” ХХК, “Нэгдсэн” клуб, ШШГЕГ-ын 427 дугаар ангийн бөх Доржхандын Хүдэрбулга•Монгол Улсын дархан аварга
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК-ийн бөх, даян аварга Н.Батсуурь
Монгол бөхийн түүхэнд тавын даваанд аварга цолтнууд нэгийгээ амлан авч барилдсан нь тун ховор. Тэрбээр зургаагийн даваанд бэртэл авсан улсын заан Б.Пүрэвсайханыг амласан нь даарин дээр давс нэмж, олныг бүр их бухимдуулсан юм. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан Г.Төрмөнхийг унагаж, даваа өгсөх нь тодорхой болсон. Тэрбээр зургаагийн даваанд аймгийн арслан Л.Энхсаруулыг амлан давсан ч долоогийн даваанд түүнийг улсын аварга О.Хангай амлачихав. Аваргыг наадамчин олон үзүүр, түрүүнд тунах бөхчүүдийн тааварт зүй ёсоор оруулсан байсан тул амархан өвдөг шороодно гэж төсөөлөө ч үгүй биз. Аваргыг давах хүч гаргаж, үзэгчдийн суудалд суулгасан Д.Хүдэрбулга улсын заан цолтны босгоор нүүр бардам алхав. Уран, зоримог, шийдэмгий барилдаан гаргаж, улсын том цолтнуудыг даваа бүрд өвдөг шороодуулсан тэрбээр энэ жилийн наадмын гол эзэн байлаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр, Ховд аймгийн Булган сумын харьяат, Улсын харцага Г.Ганхуяг нарын барилдаан олны сонирхлыг ихэд татсан. Өнгөрсөн жилийн наадмаар Г.Ганхуяг шуугиулж улсын өндөр цолтнуудыг өвдөг шороодуулсан тул энэ удаа ч гэсэн түүнээс уран барилдаан харах гэж хүлээсэн. Юутай ч тэрбээр улсын харцага цолоо баталж, арсланд өвдөг шороодсон юм. Удалгүй наймын даваа эхэлж, шөвгийн дөрөвт тунасан бөхчүүдийн барилдааныг үзэхээр үзэгчид догдлов. Улсын даян аварга Н.Батсуурь улсын зааны болзол хангасан Д.Хүдэрбулгыг хүчийг нь дагуулан урдуураа татаж унагав. Улсын аварга П.Бүрэнтөгс улсын арслан Б.Орхонбаяртай барилдахад үзэгчид шуугиад эхэллээ. Хэн нь ч түрүүлж мэдэх хүчтэнүүд тул амьсгаа даран үзсэн. Б.Орхонбаяр аваргыг давж, улсын даян аварга Н.Батсуурьтай үзүүр, түрүү булаалдахаар боллоо. Есийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр нарын барилдаан 57 минут үргэлжлэхэд үзэгчид засуулуудад бөхчүүдийг шавдуулж, талбайн төвд голлож барилдуулахыг шаардаж байлаа. Удтал барилдсаны эцэст хоёр бөхийн гар, тохой газарт зэрэг хүрсэн тул багагүй маргаан дэгдэв. Үзэгчид хүлээн зөвшөөрөхгүй “Орхонбаяраа Н.Батсуурьт тахимаа өгч болохгүй. Тэднийг дахин барилдуул” хэмээн бухимдан хашхирсан ч хөлийн цэцийнхэн даян аварга Н.Батсуурийг давсан хэмээн шийдвэрлэснээр тэрбээр Монгол Улсын дархан аварга цол хүртсэн юм.
Хурдан морины уралдаанд 660 гаруй хүлэг шандас сорилоо
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны зургаан насанд 660 гаруй хүлэг шандас сорьсныг Хурдан морины салбар хорооноос мэдээллээ. Сүргийн манлай болох хурдан азарганы уралдаанд 134 хүлэг тоосоо өргөв. Уралдаанд 194 азарга оролцуулахаар бүртгүүлснээс 60 нь сэрвээний өндрөөрөө хасагдсан байна. Азарганы уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач С.Гал-Эрдэнийн “Нандин хонгор” түрүүлж, наадамчин олныг баясгав.
Их насны морьдын уралдаанд 191 хурдан хүлэг шандас сорьсноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын манлай уяач Б.Ерөөлтийн халтар түрүүлжээ. Мөн 152 соёолон хурдалснаас түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн түрүүллээ.
Хязаалан насны морины уралдаанд 156 хурдан хүлэг шандас сорилоо. Тэднээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд хурдалсан. Шүдлэн насны морины уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хул үрээ өнгөлжээ.
Үндэсний их баяр наадамд 201 даага уралдсанаас Төв аймгийн Бүрэн сумын харьяат, улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр манлайллаа. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын цавьдар даага баян ходоод болов.
Энэ жилийн баярнаадмаар шүдэлгээ, сэрвээний өндрийг хэмжихтэй холбоотой хэд хэдэн маргаан гарлаа. Азарганы уралдааны барианы зурхайд аман хүзүүнд
аймгийн алдарт уяач Ж.Уясахын хээр ирсэн боловч шүдлэгээний комиссынхон хасав. Тодруулбал, хээр азарга соёолон адуу байсан тул ийнхүү хассан гэнэ. Уг нь азаргануудыг уралдуулахын өмнөхөн шүдлэгээний комиссынхон нэг бүрчлэн шалгадаг. Ингэхдээ эл хээрийг “Азарга насанд уралдаж болно” хэмээн гараанд гаргасан нь маргаан үүсэх шалтгаан болов. Айргийн тавыг дахин шүдлээд, аман хүзүүний азарга нь соёолон насных хэмээн хассан аж. Хурдан морины салбар хороо “Бид мэдэхгүй, яагаад уралдуулсан талаараа шүдлэгээний комиссынхон л хариулна” гэсэн юм. Шүдлэгээний комиссынхон “Сүүн шүд нь бүрэн солигдоогүй соёолон байна. Барианд орж ирэхэд нь шүдлэхэд л ийм зүйл боллоо” хэмээв. Харин соёолон насны хүлгийг яагаад гараанд гаргаснаа тайлбарлаж чадсангүй. Хээр азарганы уяач Ж.Уясах энэ асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандахаа мэдэгдээд буй юм.
Бусад насны морины уралдааны үеэрч сэрвээний өндөртэй холбоотой хэд хэдэн маргаан гарлаа. Азарганы сэрвээний өндөр140 см-ээс ихгүй байх ёстой хэмээн Монголын хурдан морины уралдааны дүрэмд тусгасан. Энэ нь эрлийз насны морьдоос тусгаарлаж буй хэрэг. Гэтэл сүүлийн жилүүдэд шинэ монгол адуу хэмээх ойлголт гарч ирсэн. Энэ нь эрлийз адууг монголтой хээлтүүлж гаргасан төл гэсэн утгатай. Ингэснээр бие давжаа болж, монгол морьтой төстэй болдог аж. Тиймээс эрлийз адуу сэрвээний хэмжилтийг төвөггүй давдаг гэнэ. Энэ төрлийн адуу хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ч хурд хүч сайтай. Тиймээс эрлийз адуу түрүү хүртэх болсон талаарх маргаан энэ удаагийн наадмаар цөөнгүй гарлаа. “Улсын наадамд цэвэрмонгол адуу уралдах боломжгүй. Наадмын түрүүг мөнгөтэй нь л хүртдэг. Эрлийз л биш бол улсын наадамд айрагдаж чадахгүй” гэж хэлэх уяач ч байлаа. Сэрвээний өндрийг хэмжихтэй холбоотой маргаан жил бүр л гардаг нь наадмын нэгэн уламжлал шахам болжээ. Гэтэл энэ асуудлыг шийдэж, цэгцэлж чадахгүй, хэдий болтол маргааны сэдэв гаргасаар байх юм бол доо.
Монгол өв соёлыг шингээсэн бэлэг дурсгалын зүйлс жуулчдын анхаарлыг татав
Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд замбараагүй зохион байгуулдаг худалдааг энэ жилээс цэгцэлжээ. Ингэхдээ үндэсний өв уламжлалыг шингээсэн бараа, бүтээгдэхүүн худалдах иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгэн цэгт төвлөрүүлсэн байлаа. Ингэж зохион байгуулалтад оруулсан нь худалдан авагчдын санаанд нийцжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид арьсан эдлэл, дээл, хувцас, гоёл чимэглэл, гар урлалаас эхлээд олон төрлийн бараа, бүтээгдэхүүнээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь асруудад үйлдвэрийн үнээр худалдаж байв. Дээлүүд материал, хийцээсээ хамаарч 150-650, арьсан эдлэл 140-420 мянган төгрөгийн үнэтэй. Эдгээрийг дотоодын иргэдээс гадна жуулчид ч ихэд сонирхож, худалдан авч буйг жижиг, дунд бизнес эрхлэгчид онцолж байв. Гадаадын жуулчдын хувьд аялж буй орныхоо онцлог, дурсамжийг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой. Баяр наадмын өдрүүдэд борлуулж буй бараа, бүтээгдэхүүний ихэнх хувийг жуулчид худалдан авдаг гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа монголчуудын өв соёлыг шингээсэн эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлсийн өнгө, загвар, өвөрмөц хийц жуулчдын анхаарлыг татаж байсан. Гэвч ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болох салфетик, нэг удаагийн аяга зэргийг худалдах асар тэнд байгаагүй нь учир дутагдалтайг иргэд хэлж байв.
Үндэсний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Наадам гэхээр л дугуй хуушуур санаанд ордог. Өмнөх жилүүдэд нар, сар гэрэлтсэн хуушуурын маргаан тасардаггүй байлаа. Харин өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд худалдаж буй хуушуурт иргэд ам сайтай байв. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан хуушуурын олон асар байрлуулжээ. Гэвч тэд бүгд л захиалгаа гүйцэхгүй, хүмүүс урт гэгч нь дараалал үүсгэсэн харагдсан. Асар бүр л нэг төрлийн дугуй хуушуур, ус, ундаагаар үйлчилж байлаа. Тэнд хуушуур 3000, харин ундаа 2500-6000 төгрөгөөр борлуулж байв. Урт дараалалтай учир хүмүүс хуушуураа идэх гэж 30-50 орчим минут хүлээх аж. Баруун талаасаа хоёр дахь асар бол Н.Баатарынх. Тэрбээр баяр наадмын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ хуушуур хийж, зардаг гэнэ. “Наадмаар хуушуур худалдаад дөрвөн жил боллоо. Өдөрт ойролцоогоор 5000 орчим хуушуур зардаг. Манайх элдэв амтлагчгүй, органик бүтээгдэхүүнээр үйлчлэх сонирхолтой. Тиймээс иргэдийн нүдэн дээр шинээр нь хийж өгдөг” гэв. Мөн өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэн ногоон зүлэгтэй болжээ. Ядарсан наадамчин олон тэнд сууж хуушуураа идэж, хөлөө амраахаас гадна том дэлгэцээр баяр наадмаа үзэх боломжтой. Гэхдээ дэвсгэргүй бол тэнд суух боломжгүй. Учир нь Үндэсний их баяр наадамд зориулсан шинэхэн дээл, хувцсаа бохирдуулахаас айж, сууж чадахгүй хүн цөөнгүй байлаа.
Наадмын эхний өдөр гадаа халуун байсан хэдий ч үд хэвийхэд аадар бороо орох нь тэр. Шинэхэн дээл, хувцсаа норгохгүй, бохирдуулахгүйг хичээсэн иргэд “Хаан цамхаг”-ийн үүдэнд борооноос хорогдож буй харагдана. Төд удалгүй бороо ч зогсож, тэнгэр цэлмэхэд Үндэсний их баяр наадмын арга хэмжээ үргэлжиллээ. Өнөө жилийн наадмын өнгө төрх, зохион байгуулалт өнгөрсөн онуудынхтай харьцуулахад сайн болсон. Төв цэнгэлдэх хүрээлэнг гаднаас нь тольдоход хуушуур, ус, ундаагаар үйлчлэх цэгүүд нь тодорхой, ойлгомжтой байв. Тиймээс иргэд хаана юу байгааг мэдэх гэж цагаа үрэх шаардлага гарсангүй. Мөн өнөө жилийн наадмыг үзэхээр жуулчид ч цөөнгүй иржээ. Тэдний дотор ази жуулчид олон харагдсан. Жуулчдын хувьд тос даасан хуушуур, айргийг тэр бүр идэж чадахгүй. Тиймээс аль болох тос, өөх багатайг нь хайж байлаа.
Харамсалтай нь, ариун цэврийн өрөөний хүрэлцээ наадамчдыг ихэд бухимдуулав. Нээлтийн ёслол дуусаж, бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхтэй зэрэгцэн ариун цэврийн өрөө орох иргэдийн тоо олширсон. Гэтэл ажилчид нь ариун цэврийн өрөөгөө түгжээд, наадам үзэхээр явчихсан байлаа. Тиймээс иргэд хамгийн ойр байрлах CU дэлгүүрийн ариун цэврийн өрөөний гадна дугаарлахаас өөр аргагүйд хүрэв.