Тяньжин боомтод үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээлэл өглөө. Тэрбээр “Тяньжин боомтод сард 3-4 мянган чингэлэг бууж, наашаа тээвэрлэгддэг. Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийсэн төмөр замын болон боомтын хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлэгийг татдаг. Харамсалтай нь он гарснаас хойш энэ тоо бага багаар буурсаар зургадугаар сард хоёр өдөрт ганц галт тэрэг ирэх нөхцөл үүслээ. Энэ талаар хариуцаж буй байгууллагууд ГХЯ, ЗТХЯ, Боомтын захиргаа гээд олон байгууллага ажлын хэсэг гарган ажиллаж байна. Манай талаас БНХАУ руу дөрөвдүгээр сараас хойш хүсэлт удаа дараа тавьсан. Харамсалтай нь дипломат болон бүх шугамаар ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Дээрх хугацаанд тээвэр ложистикийн холбоотой хамтраад төмөр замаас гадна авто замаар тээвэрлэх асуудлыг судалж, уриалж байна. Энэ хүрээнд Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах нөхцөл бүрдсэн. Өчигдрийн байдлаар Тяньжин боомтод 10 300 гаруй чингэлэг хүлээгдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.