УИХ-ын Төсвийн байнгын хорооныхон өнгөрсөн чуулганаар хийсэн ажлаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний хамт танилцуулав. Тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Өмнө нь улсын төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийг Сангийн яамнаас боловсруулдаг байсан бол одоо Эдийн засаг, хөгжлийн яамныхан хариуцна. Харин тэдний ашиглах суурь тооцоолол, төсөөлөл, таамаглалыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн боловсруулах юм. Тухайлбал, төсвийн хүрээний мэдэгдлийг гуравдугаар сарын 15- нд Засгийн газраас УИХ-д өргөн барихад тус зөвлөлийнхөн үүнийг урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдаж байгаа, эсэхийг шинжилж, дүгнэсэн байна. Ингээд гуравдугаар сарын 30-нд хэвлэлийнхэн, олон нийтэд ил тод мэдээлэхээр хуульчилсан” гэв.
Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр “Монголын эдийн засгийн суурь нөхцөлийг нь харвал төрийн оролцоо өндөр байж ирсэн. Эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх вэ гэдгийг улс төрийн намууд л шийднэ. Энэ онд болох сонгуульд оролцох намууд улс төрийн ямар үзэл баримтлалыг зөв гэж үзэж буйгаа мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгах ёстой. “Алсын хараа-2050”-д тусгасан эдийн засгаа төрөлжүүлэх зорилтод хүрэх арга замыг л намууд мөрийн хөтөлбөрөөрөө тайлбарлана гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийллээ.