“Сэлбэ” дэд төвийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсантай холбоотой асуудлаар Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд тендерт монгол компаниудыг оролцуулахыг төрийн өндөр 14 албан тушаалтан, УИХ-д суудалтай таван намын төлөөлөлд хоёр дахь удаагаа шаардлага хүргүүлж буйгаа хэлсэн. Учир нь “Сэлбэ” дэд төвийн барилга, орон сууцын тендерт БНХАУ-ын 15 компани шалгарсныг ийнхүү эсэргүүцэж, хэвлэлийн хурал зарлажээ. Тус холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Бид өнгөрсөн сарын 28-нд эрх бүхий хү¬ мүүс, улс төрчдөд шаардлага хүргүүлсэн. Одоогоор төрийн гурван байгууллагаас үндэсний компаниудаа дэмжинэ гэсэн хариу өгсөн. Гэсэн ч албан ёсоор баталгаажсан зүйл алга. Тиймээс дахин шаардлага хүргүүлэхээр боллоо. Энэ бол ганцхан барилгачдын асуудал биш. Нийслэл¬ чүүдийн татварын орлогыг барьцаалж босгосон бондын мөнгөөр барьж буй “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтад Монголынхоо аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, тэднийг ажилтай, орлоготой байлгах бодлогыг давхар хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хангахыг л бид төрөөс шаардаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хотын удирдлагуудтай уулзсан ч санал нийлээгүй. Тендерт хятад компаниуд хэдийн ялсан учраас 20 хувийн оролцоог л хангах боломжтой хэмээн эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэсэн хариулт өгсөн. Маргааш (өнөөдөр) дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байна. Хятадууд их наядын тендер авах уу, эсвэл Монголын шаардлага хангасан 30, 40 компани тухайн ажлыг хийх үү гэдгийг эцэслэх шаардлагатай” гэж ярилаа. Мөн тэд “Яагаад хятад хүмүүс аливаад эзэн сууж, монголчууд удирдлагад нь хар ажил хийх ёстой юм бэ” гэж асууна лээ. Учир нь тендерт шалгарсан компаниуд монголчуудтай хамтарч ажиллах хүсэлт тавьж эхэлжээ. Тиймээс тус холбооныхон Монголын барилгачид салбартаа эзэн нь болж, бизнес хийх боломжоор хангахыг төр засгаас хүссэн юм. Шаардлагынхаа хариуг нэхэж өнөөдрөөс жагсаал цуглаан хийхээ ч мэдэгдлээ.
О.Оргилох