Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “99 хувь” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг эрх мэдэлтнүүд гарын салаагаар урсгасан олон жишээг бид мэднэ. Тэдгээрийн нэг Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-гийн хөрөнгийг ч үр дүнгүй “цацсаар” ирсэн жишээ цөөнгүй байна. Эл сангийн хөрөнгийг уг нь нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах журамтай. Ингэснээрээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааг дэмжих ёстой юм билээ. Гэвч амжилт олоогүй, эхлүүлсэн ч эцсийн үр дүн нь гараагүй “эрэмдэг” төслүүд өчнөөн байна.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА15 ЖИЛИЙН ДАРААЧ САЙЖИРСАНГҮЙ
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар монголчууд байнга ярьдаг, үүн шиг хэрэгтэй зүйл үгүйг ойлгодог. Бас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ч эрүүл мэндийн хичээл заадаг. Гэсэн ч уг хичээлийн агуулга, чанар нь зүг чигээ олохгүй явсаар байгааг хэн хүнгүй шүүмжилдэг билээ. Жишээ нь, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн багш манайд тун ховор. Тухайн сургуулиас аль завтай багш эл хичээлийг заадаг нь бараг жишиг болчихсон. Нөгөө талаар хичээлийн агуулга оновчгүй, хүүхдэд шаардлагатай мэдлэг, ойлголтыг нь өгдөггүй зэрэг шүүмжлэл байнга гардаг. Уг нь эл хичээлийн агуулгыг сайжруулах асуудлыг 15 жилийн өмнө л хөндөж байжээ.
Тухайлбал, “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэнд болон биеийн тамир-эрүүл мэнд хичээлийн агуулга, арга зүй боловсруулах ажлын хэсгүүд байгуулах, уулзалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах” гэсэн төслийг 2008 онд ЭМДС-гаас санхүүжүүлсэн байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, БСШУЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, ЭМШУҮИС зэрэг холбогдох төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран хэрэгжүүлсэн гэх уг төсөлд “онц” дүн тавьжээ. Өөрөөр хэлбэл, амжилттай хэрэгжүүлсэн гэж үзсэн. Харин бодит байдалд эрүүл мэндийн хичээлийн чанар, агуулга одоо болтол “түүхий” хэвээрээ л байгаа. Уг нь хүүхдүүд багаасаа уг хичээлээр дамжуулан эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, юуг түлхүү идэж, хэрэглэх, дасгал, хөдөлгөөнд хэрхэн ач холбогдол өгөх зэргийг ойлгох учиртай. Гэтэл үздэг хичээл нь нэр төдий учраас хүүхдүүд, тэр байтугай насанд хүрэгчид ч нийгмийн сүлжээнээс эрүүл мэндийн баталгаагүй мэдээлэл, зөвлөгөө авч, түүндээ бүрэн итгэсээр байна.
“ШИЛЭН” БОЛОХООР ШИЙДСЭН Ч ТУСЫГ ЭС ОЛОВ
Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл хаалттай, зарим хүн үйл ажиллагаа явуулдаг, эсэхийг нь ч мэддэггүй байсан. Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор энэ оноос сангуудын санхүүжилтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож эхэлсэн юм. Тэгвэл үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд ЭМДС-г “шилэн” болгох төсөл хэрэгжүүлжээ. “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн онлайн тайлан хүлээн авалтын программчилал” төсөл хэрэгжүүлэхээр 2019 онд сангаас 26 сая төгрөг гаргасан байна. Мэдээж сангийн үйл ажиллагаа “шилэн” болоогүй бөгөөд мэдээлэл нь хаалттай хэвээр байсаар энэ онтой золгосон. Өнгөрсөн зургадугаар сард л ЭМДС-гаас санхүүжилт авсан байгууллагуудын жагсаалтыг цахим орчинд байршуулсан билээ. Түүнээс өмнө бол санг “шилэн” болгох нь битгий хэл, байгаа, эсэх нь ч мэдэгддэггүй байв. Үүнээс гадна өдгөө нээлттэй болгосон гэх мэдээлэл нь ч учир дутагдалтай. Тодруулбал, дэмий шахам, утга учир нь үл ойлгогдох жагсаалт л байдаг. Засгийн газраас тусгай сангуудынхаа мэдээллийг нээлттэй болгосон гэж пиар байнга хийж буй ч бодит байдалд нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил гэсэн үг.
Техник, технологийг сайжруулахтай холбоотой бас нэг төслийг 2019 онд ЭМДС-гаас санхүүжүүлжээ. Энэ нь “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээллийн хөтөч “Shud.mn” гар утасны аппликэйшн хөгжүүлэх” төсөл аж. Гэтэл одоо аппликэйшн болон “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн аль нь ч байхгүй. Хоёулангийнх нь үр дүн тодорхойгүй. Улмаар Засгийн газраас “Шүд” гэдэг нэртэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэдийн яриад эхэлсэн байх жишээтэй.
ХАМГИЙН “СУПЕР” САНААЧИЛГА
“Нийслэлийн хэмжээнд архи, тамхигүй орчин бүрдүүлэх” гэдэг маш “төгс төгөлдөр” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр ЭМЯ дээрх сангаас 2011 онд 30 сая төгрөгийн санхүүжилт авчээ. “Манай улсын нийслэл Улаанбаатар хотод ийм орчин бүрдсэн үү” гээд тааралдсан хүнээсээ асуувал маргаангүй гайхах биз ээ. Харин ЭМЯ-ныхан өөрсдөө болохоор уг санаачилгынхаа үр дүнд “хангалттай” гэсэн үнэлгээ тавьчихсан байгаа юм. Хачирхалтай гэж тодорхойлж болмоор өөр нэг санаачилгыг тухайн онд бас ЭМЯ-наас гаргажээ. Тэр нь “Архинд донтсон хүмүүсийн дунд архинаас гаргах үйл ажиллагаа явуулах” гэсэн нэртэй төсөл аж. Эл төслийг ЭМЯ өөрөө гардан хэрэгжүүлэхээр 30 сая төгрөгийн санхүүжилтийг сангаас авчээ. Аль ч улс оронд яам нь салбарын бодлогыг тодорхойлох хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Харин манай ЭМЯ архинд донтсон хүмүүстэй улж ажилладаг болж таарав. Тэдэнд өөр хийх ажил олдохгүй байсан уу. Эсвэл ЭМДС-гийн хөрөнгөөс авах гэтэл дорвитой шалтаг олдоогүй тул хэн нэгэн ухаантан нь ийм санаачилга гэнэт гаргаад ирсэн үү. Ямартай ч тэд хэдэн хүн архинаас гаргаснаа тайлбарлаж, танилцуулж байгаагүй.
400 САЯ ТӨГРӨГИЙГ АГААРТ “ЦАЦЖЭЭ”
Утаагаар далимдуулан эрх баригчид, холбогдох байгууллагынхан татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн жишээ өчнөөн байдаг. Ийм аргаар ЭМДС-гийн хөрөнгөөс авсан тохиолдол ч бий. Жишээ нь, нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 онд 400 сая төгрөгийг ЭМДС-гаас гаргуулжээ. Тус байгууллагын хийсэн гэх ажил нь “Амьсгалын замын цочмог халдвар, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, осол гэмтэл, архи, тамхины хор уршгаас сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлснээр иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, хүн амын өвчлөл, хүндрэлээс сэргийлнэ” гэсэн урт нэртэй төсөл. Ямар ч хамаагүй шалтаг гаргаад, сангаас мөнгө авчихаж болдгийн нэг жишээ энэ. Нийслэлийн иргэдэд тулгамдсан хамаг асуудлыг нэг “малгай”-д бөөгнүүлээд, улмаар түүнийгээ “Амжилттай хэрэгжүүлсэн” гээд дүгнэчихсэн. Бодит байдлыг харвал, амьсгалын замын цочмог халдвар буураагүй. Харин ч жилийн жилд ихсэж, өвөл бүр хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтэх хүртлээ хүндэрч байгаа. Цаашлаад агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасаагүй. Харин ч ихсээд, сайжруулсан гэх нэртэй түлшээ илүү сайжруулахаас аргагүй гээд өдгөө бөөн маргаан болж буй. Энэ мэтээс үзвэл нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал дордсон уу гэхээс биш, сайжраагүй.
ӨРХИЙН ЭМЧ НАР СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ХИЙДЭГ ҮҮ
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь манайд үгүйлэгдэж, дутагдаж байгаа ажлуудын нэг. Тэгвэл үүний хүрээнд 2009 онд “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг өрхийн эмнэлгийн түвшинд эрт илрүүлж, хянах талаар ажлын байранд дадлагажуулах сургалт зохион байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр нийслэл, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газруудад ЭМДС-гаас 18 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Яг ийм төсөл хэрэгжүүлэхээр тухайн онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бас санхүүжилт авсан байна. Түүнээс хойш хэдийн 14 жил өнгөрсөн ч манай өрхийн эмнэлгүүд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүрээгүй. Дээрх төслүүд үр дүнгүй байжээ гэсэн үг. Харин цаасан дээр бол бүгд хангалттай хэмээн үнэлэгдсэн.
Хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд хад чиглэсэн бас нэгэн төслийг ЭМДС-гаас 2011 онд санхүүжүүлжээ. Тэр нь ЭМЯ, СЭМҮТ-ийн хамтарсан “Боловсролын байгууллагад сэтгэцийн зөвлөгөө өгөх загвар төв байгуулах” төсөл аж. Боловсролын байгууллагуудад ийм төв хэрэгтэй нь үнэн. Үүнийг уг нь тухайн үед ойлгож л байж. Гэсэн ч хэрэгжүүлээгүй бөгөөд дөнгөж хоёр жилийн өмнөөс л сургуулиудад нэгдсэн журмаар сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн билээ.
ҮР ДҮНГ ХЭРХЭН ТООЦДОГ ВЭ
ЭМДС-гаас 2008 оноос хойш өдий хүртэлх хугацаанд санхүүжүүлсэн, бас амжилттай хэрэгжүүлсэн гэх төслүүдийг харвал өдгөө иргэдийн эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлууд бүрэн биш юм гэхэд тал хувь нь л лав шийдэгдсэн байхаар аж. Харамсалтай нь, бодит байдал үүнээс тэс өөр. Засгийн газраас баталсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмын 3.7-д “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх олгосон удирдах албан тушаалтан сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй холбогдох гэрээг байгуулж, хяналт тавина” хэмээн заажээ. Эрүүл мэндийн яамнаас үүнийг “Санамсаргүй түүврийн аргаар төслүүдэд явцын хяналт тавьдаг” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл нэгдсэн үр дүнг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ирүүлсэн тайланд үндэслэн тооцдог гэжээ. Тэгэхээр явцын, түүврийн шалгалтын цоорхойгоор “эрэмдэг” төслүүд “амжилттай хэрэгжсэн” олж таарав. Улмаар тухайн байгууллага, аж ахуйн нэгж төслийнхөө үр дүнг юу ч гэж тайлагнаж болдог, хяналт тавьдаг байгууллагууд түүнд нь итгэх замаар ЭМДС-гийн хөрөнгө өнгөрсөн хугацаанд урсаж иржээ гэдэг нь харагдаж байна. Цаашлаад гоё гоё нэртэй төслүүд хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгдэж, харин нийгмийн эрүүл мэнд жинхэнэ утгаараа анхаарлын гадна орхигдсоор байжээ.