Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлаад хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн ч дорвитой хэрэгжүүлэхгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн С.Дондовтой энэ талаар ярилцлаа.
-ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, долдугаар сараас нь мөрдсөн. Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ, ямар үйлдлийг тэдний эрхийг зөрчсөн гэж үзэх, төрөөс тэдний талаар ямар бодлого баримтлахыг хуульд тодорхой заасан байгаа. Манай улсад анх удаа баталсан, шинэ хууль учраас илүү их сурталчлах хэрэгтэй. Иргэдийн ойлголт ч төдийлөн сайн биш байна. Тиймээс хуулиа аль болох сайн сурталчлахад анхаарч байна. Тухайлбал, орон нутагт уулзалт, хэлэлцүүлэг хийхээс авхуулаад хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн, эсэхэд дүгнэлт гаргах болсон. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн үеийг 2022 оны зургадугаар сараас эхлэн тооцож болно. Учир нь хүний эрхийн асуудал хариуцсан гишүүнийг нэг жилийн хугацаанд томилохоор заасан.
-Улс төрийн намууд, иргэд гээд хүссэн бүхэн жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Тэд хүний эрх хамгаалагч мөн үү. Ер нь хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх бол?
-Хүний эрхийн хамгаалагч гэдгийг 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан Хүний эрхийн хамгаалагчийн тунхагт дэлгэрэнгүй заасан байдаг. Ганцаараа буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэн боловч хүний эрхийн хамгаалагч гэж өргөн агуулгаар тодорхойлсон. Үүний дагуу Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд мөн ганцаараа болон бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэнийг хүний эрхийн хамгаалагч гэж үзэхээр заасан. Тиймээс жагсаал цуглаанд оролцож, үгээ хэлж, эрхээ хамгаалж байгаа хүн бүхэн хүний эрх хамгаалагч. Гэхдээ НҮБ-ын тунхаглал болон дээрх хуульд аливаа жагсаал цуглаан хийхдээ, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа тайван замаар, хүч хэрэглэхгүй, хэн нэгнийг заналхийлэхгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдахгүй, доромжлохгүй, гүтгэхгүй байх нь хүний хамгаалагчийн үндсэн шинж хэмээн тодорхойлсон. Ямар нэг байдлаар хэн нэгний нэр хүндэд илт хандаж, доромжилж, илт худал мэдээлэл тараасан бол хүний эрхийн хамгаалагч биш. Жагсаал цуглаанд оролцож, хэн нэгнийг шүүмжлэх нь үндэслэлтэй байх ёстой. Тухайлбал, “УИХ-ын гишүүн та ажлаа хангалттай хийхгүй байна. Дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэнгүй. Таны үйл ажиллагаа зохисгүй байна” гэх мэтээр үндэслэлтэй санал хэлж байгаа бол хүний эрхийг хамгаалагч мөн. Тэдний тавьсан шаардлага, албан бичигт хууль, журмын дагуу хариуг нь өгдөг, мэдээллээ хуваалцдаг, үйл ажиллагааг нь дэмждэг, хамтран ажилладаг байх нь төр, засгийн үүрэг.
-Хүний эрх хамгаалагчийн нийгэмд үзүүлэх гол үүрэг юу вэ?
-Хүний эрхийг хамгаалагчийн үүрэг нийгэмд тун чухал. Төр иргэдээ сонсох, тэдний саналд тулгуурлаж бодлогоо тодорхойлох, үүнийхээ хэрэгжилтэд анхаарал хандуулахад хүний эрхийн хамгаалагч хөтөч болно. Наад зах нь хүний эрхийн мэдрэмжтэй байж бодлогоо боловсруулж, батлуулдаг болно. Ийм шалгуураар баталсан хууль нь амьдралаас тасраагүй, үнэн бодитой эрх зүйн баримт бичиг болно. Тиймээс төр хүний эрх хамгаалагчийн үгийг ахнааралтай сонсох ёстой. Хүний эрхийг хамгаалагч нь улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн бодлогыг сайжруулахад чухал нөлөөтэй гэж ойлгож болно.
-ХЭҮК-оос уг хуулийг сурталчилж, орон нутагт нэлээд ажилласныг та дурдсан. Үр дүн гарч, ахиц харагдаж байна уу?
-ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, олон нийтэд хүний эрхийн ойлголт, мэдээлэл өгөхийн тулд 2022 оны аравдугаар сараас аймгуудад ажилладаг 70 гаруй өмгөөлөгч, хуульчийг хүний эрхийг хамгаалагч сургагч багшаар бэлтгэсэн. Сургагч багш нар орон нутагтаа эл хуулийг сурталчилсан. Бид Увс, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзан, саналыг нь сонсон, ХЭҮК-ын зөвлөмжүүдийг аймгийн Засаг дарга нарт хүргэсэн. Цаашид төвийн аймгуудад ажиллаж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчилна. Төрийн захиргаа, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн, хууль хяналтын байгууллагын төлөөллийг урьж өнөөдөр, маргааш хэлэлцүүлэг өрнүүлэхээр бэлдсэн.
-Манай улсад хүний эрх хамгаалагчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадаж байгааюу?
-Энэ их төвөгтэй асуудал. Гэхдээ бид ууриа зөв тавих ёстой. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар цагдаагийн хамгаалалт авах ёстой. Үүний тулд гэрч, хохирогчийг хамгаалах байгууллагын орон тоог нэмэх шаардлагатай. Төсөв санхүүг нь нэмж тусгах нь чухал. Яг энэ асуудлыг ХЭҮК энэ жилийн хүний эрхийн илтгэлдээ тусгасан. Зөрчлийн тухай хуульд хүний эрхийг хамгаалагчийн эрхийг зөрчсөн бол хариуцлага тооцох заалт орууллаа. Гэвч хэн шалгаж шийдэх нь одоогоор тодорхойгүй.
-ХЭҮК-ынэнэ жилийн илтгэлд хүний эрхийг хамгаалагчтай холбоотой ямар асуудлыг тусгасан бол?
-Иргэд үзэл бодлоо илэрхийлэх явцдаа зөрчлийн болон эрүүгийн хэрэгт татагддаг гэж бидэнд хэлсэн. Хамгийн ноцтой нь, асуудлыг хуулийн байгууллага шийдэхээс, шүүхээс гэм бурууг тогтоохоос өмнө цахим орчинд түгээж, “шүүх” тохиолдол олширчээ. Зарим нь ташаа мэдээ тарааж, гүтгэдэг. Ерөөсөө иргэдээс “Бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхэд төр төдийлөн хүндэтгэлтэй хандахгүй байна, энэ асуудалд анхаараач” гэсэн гомдол маш их ирдэг. Тиймээс ХЭҮК эрх нь зөрчигдсөн байж болзошгүй иргэд, ялангуяа жагсагчидтай уулзаж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дахин дахин танилцуулсаар байна.
-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэхгүй байгаа ямар жишээ байна вэ?
-ХЭҮК-оос 10 орчим иргэнд хандаж, “Та бол хүний эрхийн хамгаалагч мөн” гэсэн агуулга бүхий зөвлөмж гаргалаа. Жишээ нь, Дорноговь аймгаас иргэд ХЭҮК-т хандаж, албан ёсоор гомдол гаргасан юм. Тэдгээр иргэн 10-аад жил үйл ажиллагаа явуулахдаа хэн нэгний эрхэд халдаагүй, байгаль орчны, тэр дундаа ундны усны талаар тайван тэмцсэн байсан. Гэтэл төрийн холбогдох байгууллагынхан тэдний хэлсэн үгийг төвөгшөөсөн, залхсан байдлаар хүлээн авч, ялгаварлан гадуурхсан хандлага гаргасан нь үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болсон гэж үзсэн. Тиймээс иргэдэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Засаг даргад нь өглөө. Мөн Дундговийн Цагдаагийн газрын даргад ямар нэг аргаар айлган сүрдүүлэхгүй, ширээний ард сууж ярилцаач гэж зөвлөсөн. Зөвлөмжийн дагуу аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзахад үр дүн гарсныг хэлж байлаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих асуудлаар хүмүүс хоорондоо маргалаа, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг нухчин дарлаа гэдэг мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. ХЭҮК-оос эл асуудалд анхаарал тавьж, газар дээр нь ажилласан. Мэдээж улс орны хөгжилд томоохон хувь нэмрээ оруулах төслүүд хуулийн дагуу урагшлах ёстой. Бидэнд төслийг гацаая, зогсооё гэсэн зорилго үгүй. Гэхдээ тэнд амьдарч байгаа иргэдийн амьдралын хэв маягт өөрчлөлт орох учраас бодит мэдээлэлтэй болъё, нөхөн олговор шударгаар авъя хэмээн тэмцсэн. Тухайлбал, шударга бус зүйл болох нь гэж жагссан юм билээ. Увс аймгийн Өмнөговь сумын иргэд “Бодит мэдээлэл бидэнд алга. Холбогдох байгууллагынхан нь бидэнтэй биечлэн уулзаагүй учраас тэмцэж байна” гэж байв. Тиймээс ХЭҮК-ынхон аймгийн удирдлага, Цагдаагийн газрын дарга нартай уулзсан. Хотод ирээд мөн төслийн багийнхантай уулзаж, иргэдэд бодит мэдээлэл өгөөч, ярилцаач гэсэн зөвлөмж өглөө.
-ХЭҮК энэ жилийн илтгэлээ УИХ-д өргөн барьсан. Улстөрчид хүний эрх хамгаалагчийн талаар хэр ойлголт, мэдээлэлтэй байна вэ?
-Хүний эрхийн хамгаалагч нь бодлого боловсруулахад чухал нөлөөтэйг улстөрчид маш сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл хүний эрх хамгаалагчийг зарим улстөрч ажилд шүүмжлэлтэй хандлаа гэж харддаг. Шүүмжлэх нь тухайн ажлыг урагшлуулахад, амжилттай хэрэгжүүлэхэд тустай гэдгийг улстөрчид ойлгох хэрэгтэй гэж бодож байна.