Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын хооронд ханиад, томуу, томуу төст өвчний дэгдэлт хамгийн их идэвхждэг. Үүнтэй холбоотойгоор дээрх саруудад эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Угаас эцэг эхүүд эмнэлгийн хонгилд хэвтэж буй зургаа цахим орчинд байршуулж, орны хүртээмж хангалтгүй, эмнэлгийн үйлчилгээг шүүмжилсээр байгаа билээ. Тиймээс ханиад томууны нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.
Манай сурвалжлах баг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 4-ний 14.00 цагийн орчимд очив. Ингэхэд амбулаториор үзүүлэх иргэдийн олонх томчууд харагдаж байв. Харин “Яаралтай тусламж” гэсэн улаан бичигтэй хаалганы наана 10 гаруй эцэг, эх эмчид хүүхдээ үзүүлэхээр оочерлож байлаа. Хүүхдүүд нь бөгшүүлж ханиалгахаас гадна, зарим нь өндөр халуурснаасаа болж уйлж харагдана. 14.00 цаг ачаалал багатай үе гэнэ. Харин эмнэлгийн ачааллын оргил үе нь 08.00-10.00 болон 20.00-22.00 цаг. Эдгээр цагт өвдсөн хүүхэд ихсэж ихээхэн оочер дараалал үүсдэг байна.
Тус эмнэлэг ханиад томууны өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор амбулатори болон яаралтай тусламжийн тасагт иргэдийг хүлээн авч, биеийн байдлаас хамаарч эмнэлэгт хэвтэх шаардлагатай болон шаардлагагүй хүмүүсээ ангилж үйлчилгээг үзүүлж буйг үзлэг хийж байгаа эмч хэлэв. Түүнээс нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн боловч “мэдээлэл өгөх завгүй, ачаалалтай ажиллаж байна” гэв.
Яаралтай тусламжийн тасгаар үйлчилгээ авах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Ихэвчлэн ханиад, томууний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд ирсэн байв. Өдөрт 200 гаруй хүүхдэд 3-4 эмч үзлэг хийж байна. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг нь эрчимт эмчилгээний ортойгоо нийлээд 165 хүүхдийг хүлээн авах боломжтой гэнэ. Гэтэл ханиад томууны өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор 210 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн эмнэлгийн ачааллын оргил цаг нь өглөөний 08.00-10.00, оройны 20.00-22.00 цагийн хооронд байдаг бөгөөд хүлээлт ихээхэн үүсдэг байна. Эмчид үзүүлэхээр оочерлож байгаа эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.
“Оочер дарааллын ойлгомжгүй байдлаас болж эцэг, эхүүд хоорондоо маргалдаж байна”
Иргэн н.Мөнхцэцэг “Хүүхдээ эмчид үзүүлэхээр цаг орчим хүлээж байна. Зохион байгуулалт муу, оочер дараалал нь ойлгомжгүй тул эцэг, эхүүд хоорондоо маргалдах тохиолдол гарлаа. Гурван эмч зэрэг үзлэг хийж байгаа ч нэг хүүхдийг 30-40 минут үзэж байна. Манай хүүхдийн тухайд шөнө 30-40 хэм хүртэл халуураад түргэн дуудсан ч ирээгүй. Тиймээс яаралтай үзүүлэхээр ирсэн” гэлээ.
Иргэн н.Отгонтуяа “Эмчид үзүүлэхээр 40 орчим минут хүлээж байна. Гэрээр 9 хоног эмчилгээ хийсэн ч нэмэр болсонгүй. Иймд өглөө өрхийн эмнэлэгт үзүүлэхэд хатгаа гэж оношлоод хэвтэх бичиг хийж өгсөн” хэмээв.
А.Анхтуяа: Эцэг, эхүүд хүүхдэдээ дур мэдэн элдэв уусмал, эм өгч ханиадыг нь хүндрүүлж байна
Эмнэлэг ачаалал ихтэй үед ямар зохицуулалтаар ажиллаж буйг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн их эмч А.Анхтуяагаас тодрууллаа.
Тэрбээр “Улирлын томуугийн дэгдэлтийн үе буюу өдийд хамгийн их ачаалалтай ажилладаг. Уг нь сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал буурах болов уу гэсэн хүлээлттэй байсан ч багасах шинж алга. Манай эмнэлэг Сонгинохайрхан дүүргийн 40 гаруй хороодын хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ханиад, томуу болон төрөлт их байгаа тул хүүхдийн тасаг ачаалалтай байна. Тиймээс иргэдэд хүлээлт, чирэгдэл үүсгэхгүйн тулд манай эмнэлгийн удирдлага хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж өгөхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас удаа дараа хүссэн. Үүний дагуу өнгөрсөн аравдугаар сараас Яармагт байрлах “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв”-д манай дүүргийн 13 хорооны хүүхэд хэвтэн эмчлүүлэх хуваарь гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн хорооны иргэд I, II шатлалын тусламж үйлчилгээг тухайн эмнэлгээс авах зохицуулалт хийсэн гэсэн үг. Гэхдээ хэвтэн эмчлүүлэх шаардлагатай буюу уушгины хатгалгаатай, амьсгалын дутагдалд орсон хүүхдүүдэд өөрсдийн нөөц боломждоо тааруулан шуурхай тусламж үзүүлж байна. Гэсэн ч ачаалал буурахгүй, орны эрэлт хэрэгцээ их хэвээр байна" гэлээ.
Тус эмчийн хэлснээр өвдсөн хүүхдүүдэд ихэвчлэн өндөр халуурах, жихүүдэс хүрэх, хоолонд дургүй болох, хамар битүүрэх зовиур илэрч байгаа аж. Энэ тохиолдолд өрхийн эмчээсээ зөвлөгөө аваад гэрээр эмчлэх боломжтой гэнэ. Гэтэл эцэг эхчүүд дур мэдэн эмийн сангаас янз бүрийн уусмал, эм авч өгөх, гэртээ асаргаа сувилгаа муу хийх, хөнгөн шинж тэмдэг илэрч байхад нь тоохгүй зэргээс ханиадыг хүндрүүлэх нь олонтоо тохиолдож байгаа гэнэ. Улмаар хүүхэд нь уушгины хатгаа, хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлал их ажиглагдаж буйг тэрбээр хэллээ.
Хэрэв хүүхдэд нь дээрх хөнгөн шинж тэмдэг илэрвэл халуун бүлээн шингэн уух зүйл ойр ойрхон өгч, шим тэжээлтэй хоол өгөх нь зүйтэй гэдгийг нэмж зөвлөв.